Франц улс, Парис хот. 2008 оны 11 дүгээр сарын 27. 11 дүгээр сарын 28-ны өдөр нийтэд танилцуулах санал асуулгын дүнгээр Дээрхийн гэгээн XIV Далай лам Баруун Европ болон АНУ-ын иргэдийн хамгийн их хүндэтгэдэг дэлхийн удирдагчаар тодорчээ. Харин Германы канцлер Ангела Меркель олон нийтийн хүндлэл болон дэлхий дахинд үзүүлэх нөлөөг хамгийн сайн хослуулсан удирдагчаар үнэлэгдсэн байна.
Энэ нь “International Herald Tribune” сонин, Францын мэдээллийн France 24 сувгийн захиалгаар Harris Interactive компаниас явуулсан “Дэлхийн удирдагчид” нэртэй шинэ судалгааны эхний үр дүн юм. Цаашид уг судалгааг хоёр сар тутам явуулахаар төлөвлөжээ. Судалгаанд 6 улсын иргэд оролцсон бөгөөд Их Британи, АНУ-ын иргэдийн өгсөн үнэлгээ Франц, Герман, Итали, Испанийн иргэдийнхээс эрс ялгаатай байв. Тухайлбал, эх газрын Европын дөрвөн улсад Ангела Меркелийн талаар “маш сайн” эсвэл “нэлээд сайн” бодолтой гэж хариулсан хүмүүс 59-73%-ийг эзэлсэн бол АНУ, Их Британид энэ үзүүлэлт 30 орчим хувь байжээ. Харин дэлхий дахинд үзүүлэх нөлөөг нь үнэлэхэд эх газрын Европын оролцогчдын 66-77% нь Меркелийг “тодорхой хэмжээний” эсвэл “маш их” нөлөөтэй гэж үзсэн байна. АНУ, Их Британид оролцогчдын гуравны нэг орчим нь ийм үнэлгээ өгчээ.
“Хамгийн их хүч нөлөөтэй удирдагч хэн бэ?” гэсэн асуултад оролцогчдын үнэлгээ ерөнхийдөө ижил байсан бөгөөд АНУ-ын ерөнхийлөгч Жорж У.Буш тэргүүлсэн байна. Гэвч хүндлэлийн үзүүлэлтээр тэрбээр тогтмол сүүл хавьд эрэмбэлэгджээ. Оросын ерөнхий сайд Владимир Путин ч мөн адил өндөр нөлөөтэй боловч хүндлэлийн үнэлгээгээр доогуур байв. Харин хүч нөлөөгөөр дээгүүр үнэлэгдсэн удирдагчдаас Германы канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Николя Саркози нар олон нийтийн хүндлэлийг ч мөн өндөр хүлээжээ. Гэхдээ тэд эх газрын Европын орнуудад бусад улсаас илүү өндөр үнэлгээ авсан байна.
Төвөдөөс дүрвэн гарсан шашны тэргүүн Далай лам судалгаанд хамрагдсан ихэнх улсад бусад удирдагчаас илт өндөр үнэлгээ авч, хамгийн их хүндлэгдсэн удирдагчаар тодорчээ. Харин АНУ-д Их Британийн ерөнхий сайд асан Тони Блэйр түүнээс ялимгүй өндөр үнэлгээ авсан байна. Гэвч Блэйр өөрийн эх орон болох Их Британи, Испанид доогуур үнэлэгдсэн нь 6 улсын нийт дүнгээр эзлэх байранд нь сөргөөр нөлөөлжээ.
Олон нийтийн хүндлэлийн үнэлгээгээр дээгүүрт орсон өөр нэг удирдагч нь Ромын пап XVI Бенедикт байв. Хамгийн өндөр үнэлгээ авсан эхний таван удирдагчийн хоёр нь шашны тэргүүн байсан нь АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Брент Скоукрофтыг гайхшруулжээ. Тэрбээр France 24 сувгийн “The Talk of Paris” нэвтрүүлэгт оролцохдоо судалгааны үр дүнгийн талаар байр сууриа илэрхийлсэн байна. Скоукрофт “Энэ нь хүмүүс шашны, эсвэл наад зах нь хүмүүнлэг хандлагыг эрэлхийлж байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл, шашин шүтлэг, эсвэл бусдын төлөө санаа тавьж, хайрлан халамжлахыг нэн тэргүүнд тавихыг хүсэж байгаа хэрэг” хэмээн хэлжээ.
Судалгаанд оролцогчдоос НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Сирийн ерөнхийлөгч Башар Аль Асад зэрэг дэлхийн 19 удирдагчийн талаар ямар бодолтой байдгийг асуужээ. Мөн удирдагч бүрийн дэлхий дахинд үзүүлэх нөлөөг үнэлүүлсэн байна. Жорж У.Буш хүндлэлийн үзүүлэлтээр доогуур байр эзэлсэн ч хамгийн сүүлд ороогүй бөгөөд энэ байранд Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад оржээ.
Хүндлэлийн үнэлгээгээр сүүл хавьд орсон бусад удирдагчдын тоонд Оросын ерөнхий сайд Владимир Путин, Сирийн ерөнхийлөгч Башар Аль Асад, Кубын Фидель Кастро, Венесуэлийн Уго Чавес, Оросын Дмитрий Медведев, Хятадын Ху Жиньтао нар багтсан байна.
“Harris Interactive” компанийн Франц дахь гүйцэтгэх захирал Патрик Ван Блумын хэлснээр, энэхүү шинэ судалгаа нь удирдагчдын нэр хүнд цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглах боломж олгох юм. Санал асуулгын байгууллагууд улс орнуудын удирдагчдын нэр хүндийг тухайн улсынх нь иргэдийн дунд олон жилийн турш судалж иржээ. Харин өөр өөр орны удирдагчдын нэр хүндийг олон улсад нэгэн зэрэг харьцуулан судалж буйгаараа энэ судалгаа анхных болохыг тэрбээр онцолсон байна.










