Энэтхэг, Химачал Прадеш муж, Дарамсала хот, Tэгчин Чойлин – Дээрхийн гэгээн XIV Далай лам Ангела Меркелийг Герман улсын канцлероор дөрөв дэх удаагаа сонгогдсонд нь баяр хүргэн захидал илгээлээ.
“Та удаан хугацаанд улс төрийн тайзнаа тогтвортой, урам зориг өгсөн удирдагч байлаа” хэмээн тэр бичсэн байна. “Та алсын хараа, тогтвортой байдлыг илэрхийлэгч байсан. Би Европын Холбооны үзэл санаанд гүнээ хүндэтгэлтэй ханддаг бөгөөд энэ нь түүхэндээ бие биетэйгээ дайтсаар ирсэн улс орнууд хамтын сайн сайхны төлөө өөрсдийн орон нутгийн ашиг сонирхлоос дээгүүр тавьж буйг илтгэдэг. Жаран жилийн турш энх тайван тогтнож байгаа нь хүн төрөлхтний төлөвшлийн илрэл бөгөөд баяр тэмдэглэх шалтгаан юм. Миний мөрөөдөл бол удахгүй Африк, Латин Америк болон Азид ч мөн ижил төстэй холбоод байгуулагдах явдал юм.”
“Энэхүү тодорхой бус, эмх замбараагүй цаг үед таны ард түмний итгэл, хүслийг биелүүлэхэд чиглэсэн удирдлагыг чин сэтгэлээсээ үнэлэн хүндэлж байна. Мөн дэлхий ертөнцөд илүү энх тайван, энэрэнгүй байдлыг бий болгоход та тууштай хүчин чармайлт гаргаж байгаад талархаж байна.”
Тэрбээр захидлынхаа төгсгөлд ерөөл, залбирлаа дэвшүүлжээ.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун