Энэтхэг, Mахараштра, Mумбай хот - 2011 оны 2 дугаар сарын 19 (Хемали Чапиа, TNN). Цаст Төвөдийн хувьд энэ нь сэтгэлийг нь дулаацуулж мэдэх үгс билээ.
Дээрхийн гэгээн XIV Далай лам “Тийм ээ. Би амьд ахуйдаа чөлөөт Төвөд улсыг үзнэ. Үүндээ ч итгэлтэй байна. Төвөдийн хэрэгт дэмжлэг үзүүлж буй хятадууд урьд өмнөхөөс илүү олон болж байна” хэмээн TOI-д ярьсан байна.
Нобелийн шагналт тэрбээр Мумбайн Их Сургуулийн Ковасжий Жехангирын нэрэмжит танхимд үг хэлэхдээ өнгөт шилэн цонхоор наран тусахуйд илтгэжээ. Илтгэл эхлэхийн өмнө тус сургуулийн захирал Ражан Велукар түүнийг Гужарат мужаас авчирсан хөвөн даавуун эко оосроор хийсэн цэцгийн хэлхээгээр хүндэтгэл үзүүлсэн нь онцлог байв. Энэ нь Махатма Гандигийн хэрэглэж байсан цэцгийн хэлхээ байжээ.
Мумбайн Их Сургууль түүнийг 10 дугаар сарын 2-ны өдөр нийгмийн сайн сайхны төлөө ажиллах оюутны санаачлагын нээлтэд урьсан байжээ.
Дээрхийн гэгээн XIV Далай лам “Эртний мэргэн ухаан ба орчин үеийн бодол” сэдэвт илтгэл, ярилцлагынхаа дараа Төвөд улсын удаан хүлээгдэж буй эрх чөлөөний тухай TOI-д ярьжээ. Түүний хэлснээр Төвөдийн төлөө дуугарч буй хятадууд нэмэгдэж байгаа нь тэмцлийн эцсийг ойртуулж байгаа бөгөөд “Энэ бол нэг нь ялагдаж, нөгөө нь ялсан хэрэг огтоос биш. Энэ бол бүгдийн ялалт байх болно” хэмээн айлдав. Тэрбээр Хятадын өөрчлөгдсөн дүр төрхийн тухай хошигнон, “Би Хятадын эрх баригчдад ‘Би Хятадын Коммунист Намд элсэхийг хүсэж байна’ гэж хэлж билээ” хэмээв.
“Өнөөдөр Хятадад жинхэнэ социализм гэж үгүй. Коммунист үзэл сурталгүй Коммунист нам. Капиталист коммунизм бол шинэ зүйл. Mиний сонссноор зарим Энэтхэгийн коммунистууд, тэдний удирдагчид социалистаасаа илүү бүр “bourgeois” буюу дундаж ангийн хэрэглээний амьдрал эрхэлдэг гэнэ билээ” гэжээ.
Энэтхэгийн талаар магтан хэлэхдээ хариултыг гаднаас эрэх шаардлагагүй хэмээн онцлоод, “Барууны эсвэл Хятадын соёл иргэншилтэй харьцуулахад Энэтхэгийн соёл иргэншил хамаагүй гүнзгий. Энэ бол дэлхийн үнэт эрдэнэ. Би өөрийгөө Энэтхэгийн уламжлалт соёлын чела буюу шавь гэж байнга хэлдэг. Энэтхэг бол гуру буюу багш, төвөдүүд бол шавь нар нь. Бид та нараас суралцдаг”.
Гэхдээ тэрээр үнэнч нөхрийн хувьд дараах шүүмжлэлийг ч хэлжээ. “Кастын тогтолцоо, сүйт бүсгүйн хөрөнгө, ялгаварлан гадуурхалт гэх мэт нь танай уламжлалын нэг хэсэг байж болох ч энэ нь нэн хуучирсан бөгөөд бас өөрчлөгдөх ёстой. Үүнийг залуу үе өөрчлөх ёстой. Энэ бол танай шавиас өгч буй бүтээлч шүүмжлэл. Заримдаа та нар арай залхуу шүү. Та бүхэн илүү шаргуу, өөртөө итгэлтэйгээр ажиллах ёстой юм шүү”.
ИЛҮҮ ГҮН САНААНУУД
Орчин үеийн боловсролын тогтолцоо жинхэнэ сэтгэл зүрхнээсээ ханддаг чанарт анхаардаггүй.
Шашны орон зайд үл халдах ёс зүйг заах нь чухал.
Хайр хийгээд энэрэх сэтгэлгүй, зөвхөн материаллаг баялагт тулгуурласан амьдрал бол төөрөгдөл.
Секуляризм буюу шашнаас ангид байх гэдэг нь шашныг үл хүндэтгэнэ гэсэн үг биш. Харин бүх шашинд тэгш хүндэтгэлтэй хандах ёсон юм.
Бизнесийнхэн ч нийгмээс төрдөг. Үндэсний суурь түвшинд өөрчлөлт хэрэгтэй. Баруунд боловсролын системийг эргэлзээтэйгээр хүлээн авч эхэлсэн нь үүнийг харуулж байна.
Технологи нь бие махбодын тав тухыг, сүнсний хөгжлийн замаар сэтгэлийн амар тайвныг өгдөг.
Энэтхэгийн жинхэнэ өөрчлөлт нь хөдөө орон нутаг, хуучин суурин газруудад хэрэгтэй байна.
Энх тайвны хүсэл маш хүчтэй. Хүмүүс өмнө нь дайн дэгдэхэд баяртайгаар нэгддэг байлаа. Харин Иракийн хямралын өмнө хүч хэрэглэхийн эсрэг олон хүн эсэргүүцэл илэрхийлж байв. Энэ бол өөрчлөлтийн дохио, хүчирхийллийг үл хүлцэх илэрхийлэл юм.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун