Энэтхэг, Дели хот - Аливаа асуудалд бодитой хандах нь хэчнээн том сорил байлаа ч гашуун зовлонг хүч чадал болгон хувиргаж болдог хэмээн Дээрхийн гэгээн XIV Далай лам айлдав.
“Сэтгэл тайван үед бид бодит байдлыг илүү тодорхой хардаг. Харин сэтгэлийн үймээн дотоод амар амгаланг үгүй хийдэг. Учир нь сэтгэл үймээнтэй үед хүн оюун ухаанаа зөв ашиглаж чаддаггүй” хэмээлээ. “Жинхэнэ дайсан бол таны дотор оршигч сүйтгэгч сэтгэл хөдлөл бөгөөд зөвхөн та л өөрийн дотоод амар амгаланг эвдэж чадна”.
Энэхүү үгийг Дээрхийн гэгээн XIV Далай лам Шанкер Лал танхимд зохион байгуулсан 19 дэх удаагийн Түшитагийн номын баярын үеэр 3,000 гаруй хүний өмнө аз жаргалын олон түвшний тухай айлдах үеэрээ хэлсэн юм.
Аз жаргалыг "гүн ханамжийн төлөв байдал" хэмээн тодорхойлсон тэрбээр аз жаргалыг мэдрэхүй болоод оюун санааны түвшинд хүрч болдог гэв. “Амьтад ч бас мэдрэхүйн ханамжийг мэдэрдэг. Энэ нь бие махбодод суурилах тул урт удаан үргэлжилж үл чадна. Харин хүн оюун ухаанаа ашигласнаар илүү гүн, жинхэнэ ханамжийг оюун санааны түвшинд авч чадна” хэмээн тайлбарлав.
Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам Шинэ Дели дэх орчин үеийн сургуульд айлдвар айлдаж буй нь. Энэтхэг, Дели хот. 2011 оны 1 дүгээр сарын 9. Гэрэл зургийг Дэнзин Tахла.
“Заримдаа сүсэг бишрэлт хөгжим сонсох эсвэл ариун дүрс зураг харах нь мэдрэхүйн түвшинд ханамж өгдөг бөгөөд энэ нь оюун санааны гүн ханамжийг олоход дэмжлэг болдог юм” хэмээн Дээрхийн гэгээн XIV Далай лам онцлов.
Мөн бурхан эх Мариа хүүхдээ тэвэрч буй дүр зургийг энэрэл, хайр, өгөөмөр сэтгэлийн хүчтэй бэлгэдэл хэмээн мэдэрдгээ хуваалцсан юм. Нэгэн удаа Фатимад жижиг Мариа хөшөөнд мөргөл үйлдэхээр очиход нь гүнзгий мэдрэмж төржээ. “Бид чимээгүй бясалгал хийгээд буцахдаа ямар ч шалтгаангүй эргэж харахад Мариа инээмсэглэж байсан юм. Үнэхээр гайхалтай” гэж Дээрхийн гэгээн XIV Далай лам дурсав.
Теист, атеист аль ч шашны уламжлал нь өөрт хэт төвлөрснийг багасгах өөр өөр арга барилыг хэрэглэдэг. Христийн шашин зэрэг теист шашнууд бурханд бүрэн даган, дуулгавартай байхыг номлодог бөгөөд энэ нь тодорхой хэмжээнд өөртөө төвлөрснийг багасгадаг. Харин Буддизм, Жайнизм зэрэг атеист уламжлалууд нь үйлийн үрийн хуульд тулгуурлан эерэг үйлийг хуримтлуулснаар урт хугацааны жаргалыг бий болгоно хэмээн үздэг. Буддистуудын хувьд гадаад хүчин зүйлд найдахгүйгээр зөв үйлдлээр ирээдүйн сөрөг үйлээс урьдчилан сэргийлж болно гэдэгт итгэдэг.
“Өгөөмөр, энэрэнгүй нигүүлсэл, бусдын сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ санаа тавих нь шүтлэгтэй эсэхээс үл хамаарна. Энэ нь жаргалтай амьдрахад шаардлагатай, дараа төрөл, там диваажингийн тухай хийсвэр ойлголт биш харин өөрийн дотоод, шашны бус секуляр чанарууд юм” хэмээн Дээрхийн гэгээн XIV Далай лам онцолсон юм.
Шинэ Делид байрлах Түшита Махаяна бясалгалын төвийн захирал Доктор Ренука Сингх хэлэхдээ “Дээрхийн гэгээн XIV Далай ламын сургаал нь өнөөгийн хүчирхийлэл дарангуйллаар дүүрэн энэ ертөнцөд ихэд ач холбогдолтой билээ” хэмээв.
Мөн Дээрхийн гэгээн XIV Далай лам тус төвийн 30 жилийн ойд зориулсан “Будда болохуй” хэмээх шинэхэн номын нээлээ.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун