АНУ-ын Нью Жерси муж, Ньюарк хот – 2011 оны 5 дугаар сарын 13-ны өглөө Дээрхийн гэгээн XIV Далай лам дэлхий даяарх энхийг тогтоох туршлагад төвлөрсөн гурван өдрийн бага хурал болох Нью Жерсигийн Урлагийн төвөд зохион байгуулагдсан Ньюаркийн Энх тайвны Боловсролын Дээд Чуулга уулзалтад хүрэлцэн очив.
Зураг. Нью Жерси мужийн Ньюарк хотод болсон Ньюаркийн Энх тайвны Боловсролын Дээд Чуулга уулзалтад оролцсон илтгэгчид. АНУ, Нью Жерси муж, Ньюарк хот. 2011 оны 5 дугаар сарын 13. Гэрэл зургийг: AP
Өглөөний хуралдааны сэдэв нь “Дотоод Энх Тайван” байсан бөгөөд хамтран оролцогч илтгэгчид нь Нобелийн шагналт Ширин Эбади, Жоди Уильямс; зохиолч, эрүүл мэндийн сурталч доктор Дипак Чопра; буддын багш Роши Жоан Халифакс; олон шашны үзлийг хамарсан еврейн Tиккун (Tikkun) сэтгүүлийн редактор, идэвхтэн раввин Майкл Лернер; 93 настай иогийн мастер Тао Поршон-Линч; цаазын ял авсан байсан ч суллагдсан зохиолч Вилберт Ридо; 13 настай оюутан идэвхтэн Махишан Гнанасехаран нар байв.
Хэлэлцүүлэгт оролцогчид дотоод амар амгалангийн хэрэгцээ болон нийгмийн оролцоо нь олон нийтийн дунд энх тайвныг бий болгоход ямар чухал үүрэгтэй талаар ярилцав. Дотоод амар амгалан нь дэлхий дээр энх тайвныг тогтооход зайлшгүй хэрэгтэй бүрэлдэхүүн хэсэг гэсэн өөрийн үзэл бодлыг дэлгэрүүлэн тайлбарлахдаа Дээрхийн гэгээн XIV Далай лам шинжлэх ухааны судалгаанд үндэслэн энэрэх сэтгэл, үнэнч, чин сэтгэлтэй хүмүүс гэр бүлийн таатай уур амьсгалыг бүрдүүлдгийг дурдав. Тэрээр халуун дулаан сэтгэл нь итгэл найдварыг төрүүлдэг бөгөөд итгэл нь аз жаргалыг бий болгодог хэмээн онцлов. Харин худал ярих, хоёр нүүр гаргах нь сөрөг үр дагавартай байдаг бол хэтэрхий эелдэг хандах нь хүртэл сэжиг төрүүлэх боломжтой гэв.
Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам орчуулагч Доктор Туптен Жинпагийн хамтНью Жерси мужийн Ньюарк хотод болсон Ньюаркийн Энх тайвны Боловсролын Дээд Чуулга уулзалтын үеэр АНУ, Нью Жерси муж, Ньюарк хот. 2011 оны 5 дугаар сарын 13. Гэрэл зургийг: AP
Дээрхийн гэгээн Далай лам хэлэхдээ хэрэв уур хилэн болон айдас хэтэрхий ихдвэл бодит хандлага бий болохгүй. Харин бодит хандлага байхгүй бол үр дүн гарахгүй. Ийм хандлага нь зөвхөн бодит байдлыг харснаар бий болдог бөгөөд энэ нь цогц арга барилаар хэрэгжинэ хэмээн тайлбарлав. Мөн халуун дулаан сэтгэл үүнд чухал үүрэгтэйг онцлов. Зөвхөн тайван сэтгэлээр л аливаад бодитойгоор хандаж чадна гэж хэлэв.
Тэрээр 1200 гаруй хүний өмнө хошигнон өөрийгөө “жижиг буддын сэтгэл зүйч” хэмээн үзэж болно хэмээн хэлээд хүний оюун санаа, сэтгэл хөдлөл нь олон янз байдаг тухай тайлбарлав. Мөн боловсролын байгууллагууд оюун ухааны талаар илүү нарийвчилсан судалгаа хийх хэрэгтэйг санал болголоо.
Сэтгэлийн амар амгалан нь хувь хүний үйлдлээс бий болдог гэдгийг онцлон тэмдэглээд “Сэтгэлийн амар амгалан хийгээд мэргэн ухааныг супермаркетаас худалдаж авч болдоггүй. Мэргэн ухааныг бусдаас мөлжөөд ч олдохгүй” хэмээв. Тэрээр дотоод хуяг дуулгаа тайлах хэрэгцээг дахин онцолж, зөвхөн дотоод зэр зэвсгээ авч хаяснаар л гаднах зэр зэвсгээ буулгах эхэлнэ хэмээн нэмж хэлэв.
Өнгөрсөнд нийгмийн шударга бус байдал болон буруу үйлдлийн шууд гэрч байсан хүмүүсийн яриаг сонссоны дараа хэлэлцүүлэгт оролцохдоо сайн болон муу үйлийг үйлдэх боломж хүн бүрт байдаг гэдгийг онцлон тэмдэглэв. Зөвхөн мэдлэг, боловсролоор эерэг сэтгэлгээг төлөвшүүлж болох бөгөөд орчин үеийн боловсролд энэ тал дээр дутмаг талтай байгааг дурдав. Мөн сургуулийн боловсролд дотоод үнэт зүйлсийн сургалтыг оруулахыг уриаллаа.
Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам Нью Жерси мужийн Ньюарк хотын Ньюаркийн музейд Энэрэл нигүүлслийн гуу сан Жанрайсиг бурханы мандлын өмнө залбирч буй нь. АНУ, Нью Жерси муж, Ньюарк хот. 2011 оны 5 дугаар сарын 13. Гэрэл зургийг: Рэймонд Адамс
Өглөөний хуралдааны дараа Дээрхийн гэгээн Далай лам дэлхийд алдартай Төвөдийн соёлын цуглуулгаараа нэрд гарсан Ньюаркийн музей рүү мордов. Энэ музей нь байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэж байгаа юм. Музейн мэдээлснээр “1911 онд анхны 150 ширхэг төвөд эд өлгийн зүйлсийг энд дэлгэсэн цагаас хойш Ньюаркийн музей нь дэлхийд Төвөдийн шашны болоод иргэний урлагийн хамгийн том, чухал цуглуулгуудын нэгийг тээн хадгалагч болсон. Өдгөө уг цуглуулга 11-р зуунаас 21-р зуун хүртэлх үеийн 5,500 гаруй эд өлгийн зүйлсийг агуулдаг бөгөөд Америк тив дэх Төвөдийн урлагийн хамгийн том хийгээд асар ач холбогдолтой сан хөмрөг юм.” Музей нь одоогоор Төвөдийн урлаг, соёл, түүхийг хүндэтгэн 2011 оны 3 дугаар сард эхэлсэн. Есөн сарын турш үргэлжлэх “Төвөдийн Цуглуулгын Зуун Жилийн Ой”-н арга хэмжээг явуулж байна.
Дээрхийн гэгээн Далай лам Дрепүнг Гоманг хийдийн лам нарын бүтээсэн Жанрайсиг бурханы элсэн мандлын өмнө залбирч, дараа нь хөшөө болоод төвөдийн хуймал зураг буюу танка, хувцасны чимэглэл болон бусад шашны эд өлгийн зүйлс бүхий үзмэрүүдийг үзэж сонирхов.
Өдрийн цагаар Дээрхийн гэгээн Далай ламыг зоогт урьж, Ньюаркийн хотын дарга Кори Бүүкер нээлтийн үг хэлэв. Тэрээр Дээрхийн гэгээнийг “Tодорхой соёл, газарзүйн орчноос гаралтай боловч үүнийг даван дэвшсэн хүн” хэмээн магтаж, Ньюарк хотод ирсэн нь өөрийн хотын даргын хувьд чухал амжилт болсон хэмээн онцлов. Хотын дарга энх тайвныг бий болгоход тууштай байхын чухлыг дурдав.
Зураг. Нью Жерси мужийн Ньюарк хотын дарга Кори Бүүкер (зогсож буй) Ньюарк хотод болсон зоогийн үеэр Дээрхийн гэгээн XIV Далай ламтай ярилцаж буй нь. АНУ, Нью Жерси муж, Ньюарк хот. 2011 оны 5 дугаар сарын 13. Гэрэл зургийг: Рэймонд Адамс
Үг хэлэхдээ Дээрхийн гэгээн Далай лам хотын даргын гүн утга учир агуулсан үгсэд талархал илэрхийлэв. Тэрээр өмнө нь энх тайвны талаар олон уулзалтууд болж байсан ч энэ удаа онцгой зүйл байгаа мэт санагдаж байгаагаа хэлэв. Гэсэн ч зөвхөн илтгэл тавих нь хангалтгүй бөгөөд чуулганы уур амьсгалыг олон нийтэд хэрхэн хүргэх талаар бодохыг уриалж, энэ үйл хэрэгт боловсролын салбарынхныг татан оролцуулах боломжтойг онцлов. Ийм арга барил нь бид бүгд аз жаргалтай нийгмийг бүтээх чадвартай гэсэн итгэлийг бий болгоно хэмээн тэрээр хэлэв.
Үүнээс өмнө хотын дарга Бүүкер Дээрхийн гэгээн Далай ламтай уулзсан сэтгэгдлийнхээ тухай хэвлэл мэдээллийнхэнд ярихдаа: “Би үүнийг сандарсан гэж хэлэхгүй харин тэсэн ядах хүлээлттэй байсан гэж нэрлэнэ. Дээрхийн гэгээний номыг би хэдэнтээ уншсан бөгөөд энх тайван, шударга ёсны элч болсон хүн. Уг тохиол бол Ньюарк хотод буй тун онцгой боломж” хэмээн онцолжээ.
Дээрхийн гэгээн XIV Далай лам үргэлжлүүлэн “Гэр бүлийн энх тайван” сэдэвтэй чуулганы үдээс хойших хуралдаанд оролцов. Энэ хуралдааны хамтран илтгэгчид нь Нобелийн шагналт Ширин Эбади, Жоди Вильямс; хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр сургалт явуулдаг Нэнси Блэк; Ньюарк хотод мансууруулах бодисын хэрэглээний эмчилгээ, дэмжлэгийн үйлчилгээ үзүүлдэг Дэвид Керр; Камбож улсаас ирсэн, биеэ үнэлэгч эмэгтэйчүүдийг аврах үйлстэн Сомали Мам; мансууруулах бодисын хамаарлын урьдчилан сэргийлэлт, эмчилгээний нийгэмлэгийг удирддаг Мариан Шрек; гэр оронгүйчүүдэд байр, дэмжлэг үзүүлдэг Сам Цемберис; Ньюарк хотын оршин суугчдыг дэмжиж, хөршийн орчноо өөрчлөхөд туслах хөтөлбөр хэрэгжүүлэгч Лавар Янг; залуусын төлөөлөл болсон Ивонна Вэйд нар байв.
Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам Ираны 2003 оны Нобелийн Энх тайвны шагналт Ширин Эбадитэй АНУ-ын Нью Жерси мужийн Ньюарк хотноо болсон Энх тайвны боловсролын дээд чуулганд мэндчилж буй нь. АНУ, Нью Жерси муж, Ньюарк хот. 2011 оны 5 дугаар сарын 13. Гэрэл зургийг: AP
Өгүүлэлдээ Дээрхийн гэгээн Далай лам гэр бүлийн хайр энэрлийн чухлыг онцоллоо. Тэрээр хүмүүс харилцаа тогтоохдоо гадаад гоо үзэсгэлэн, дотоод гоо үзэсгэлэнгийн ялгааг ойлгож сурах хэрэгтэй гэв. Гадаад гоо үзэсгэлэн чухал байж болох ч дотоод гоо үзэсгэлэн илүү чухал хэмээн Дээрхийн гэгээн хэлэв. Мөн санал зөрөлдөөн, маргаан зайлшгүй тохиолддог ч бие биедээ муу санаа тээж болохгүйг тэмдэглэв.
Дээрхийн гэгээн Далай лам дараа нь хэлэлцүүлэгт оролцож, нийгмийн ийм асуудлуудын эсрэг кампанит үйл ажлын тэргүүн эгнээнд явсан хүмүүсийн түүхийг сонордон сэтгэл их хөдөлснөө илэрхийлэв. Илүү олон хүн эдгээр түүхийг мэдэж, түүнээс урам зориг авах нь чухал хэмээн тайлбарлав.
Энэхүү дээд чуулганыг АНУ дахь "төвөд Хаус" болон Нью Жерсигийн Ньюарк хотод гэмт хэрэгтэй тэмцэх үйлсийг олон жил дэмжиж ирсэн буяны үйлстэн Дрю Катцын үүсгэн байгуулсан сан хамтран зохион байгуулжээ. Чуулганы хамтран зохион байгуулагч профессор Роберт А.Ф. Турман захидалдаа: “Хотын дарга Кори Бүүкер Дээрхийн гэгээн Далай ламыг Ньюарк хотод урьж, найдваргүй байдлаас найдвар луу, хүчирхийллээс яриа хэлэлцээ рүү, будлианаас боловсрол руу, дарамт шахалтаас боломж руу чиглэсэн өөрчлөлтийн урам зоригийг түгээхийг хүссэн үед Дээрхийн гэгээн энэхүү томоохон зорилгод хувь нэмрээ оруулахад таатай хандсан. Мөн Ньюарк хотын хөдөлмөрч иргэд амьдралаа болон эргэн тойрныхныхоо амьдралыг сайжруулахын төлөө хэрхэн тэмцэж буй туршлагаас суралцах сонирхолтой байв” хэмээжээ.
Дээрхийн гэгээн Далай лам 2011 оны 5 дугаар сарын 14-нд тус дээд чуулганд хоёр хэлэлцүүлэгт оролцоно.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун