Энэтхэг, Махараштра, Мумбай - 2011 оны 2 дугаар сарын 19 (Манож Р. Наир). “Мумбай хот мөнгөөр худалдаж авч болох бүхнийг зардаг дэлгүүрүүдтэй боловч эв найрамдал, энэрэл хайрыг гял цал худалдааны дэлгүүрүүдээс худалдаж авч чадахгүй шүү дээ” хэмээн буддын шашны тэргүүн, Төвөдийн удирдагч Дээрхийн гэгээн XIV Далай лам тус хотод хийж буй айлчлалынхаа хоёр дахь өдөр айлдав.
“Хэрвээ та дэлгүүрт ороод “Найрамдал, энэрэл хайр байна уу?” гэж асуувал худалдагч таныг солиотой хүн мэт харна” хэмээн “Аз жаргалын эрэл ба ХХI зууны шашны үүрэг” сэдвээр илтгэх үеэрээ хэлжээ.
Энэхүү арга хэмжээг Бихарын диаспорагийн оролцоотойгоор мужийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой Бихар сан зохион байгуулсан бөгөөд олон мянган хүн Бямба гаргийн үдээс хойш Парел дэх Сент Ксавьерийн хөлбөмбөгийн талбайд цугласан байв.
Тэрбээр дараа нь асуултад хариуласан бөгөөд “Буддын шашны өлгий нутаг Бихар хөгжихийн тулд юу хэрэгтэй вэ?” гэдэг асуултад “Би өнгөрсөн жил тус мужид ерөнхий сайдын урилгаар зочилсон юм. Тэр надад “Бихар Бурхан багшийн адислалаар хөгжиж байна” хэмээн хэлсэн. Харин би хариуд нь “Бурхан багшийн адислал үргэлжид байсан юм бол Бихар өмнө нь хөгжих ёстой байсан шүү дээ. Адислал үр дүнтэй байхын тулд чадвартай удирдагч хэрэгтэй. Хэрвээ ажил хээл хахууль үгүй бол Бихар хөгжинө” гэж хэлсэн юм” хэмээн дурсав.
Мөн тэрбээр хүний шашин шүтлэгээ хадгалан өөр шашны уламжлалыг судалж болох тухай ийн ярив. “Би АНУ, Европт буддын шашны тухай илтгэл хэлэлцүүлэхдээ Иудей, Христийн уламжлалтай нийгэм болон мусульман шашинтнуудад хандан ‘Та нар өөрсдийн уламжлалаа солих хэрэггүй. Харин өөр шашны уламжлалаас суралцаж, түүгээрээ өөрийнхөө уламжлалыг баяжуулж болно’ гэж хэлдэг” хэмээн айлджээ.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун