Ирланд, Лимерик хот. (RTE News Ireland) - Дээрхийн гэгээн XIV Далай лам Ирланд улс дахь хоёр өдрийн айлчлалаа Лимерикийн Их Сургуулийн спортын ордонд илтгэсэн “Уучлалын хүч” сэдэвт илтгэлээр өндөрлүүллээ.
Зураг. Лимерикийн Их Сургуульд Дээрхийн гэгээн XIV Далай ламын илтгэлийг 3000 гаруй хүн сонсжээ. Ирланд, Лимерик хот. 2011 оны 4 дүгээр сарын 14. Гэрэл зургийг Спирс.
Дээрхийн гэгээн XIV Далай ламын илтгэлийг 3000 гаруй хүн анхааралтай сонссон бөгөөд илтгэл нь цаг хагасын турш үргэлжилжээ.
Тэрээр энэрэх сэтгэл, хайр, уучлал, хүлээцтэй байдлын тухай онцлон ярьсан бөгөөд эдгээр нь бүх шашны суурь үнэт зүйлс болохыг айлдав.
Тэрээр шашин хоорондын эв найрамдлыг насан туршийнхаа амлалт хэмээн тодорхойлж мөн энэрэх сэтгэл болоод уучлал тэргүүт хүний үнэт чанаруудыг сурталчлан дэмжихэд сэтгэл зүрхээ зориулсан тухайгаа ярив.
Мөн тэрээр залуу үе болон боловсролын тогтолцоонд чиглэсэн онцгой захиасыг хэлсэн юм. Эцэг эхчүүд болоод сурган хүмүүжүүлэгчдийг хүүхдэд энэрэнгүй сэтгэлийг төлөвшүүлэхэд сургахыг уриалав.
Хүүхдүүд энэрэх сэтгэлийг хандлага, үйлдэл хийгээд чин сэтгэлийн жинхэнэ инээмсэглэлээр дамжуулан суралцах боломжтойг онцолсон юм.
Түүнийг “Итгэл найдвараа хэзээ ч бүү алд” хэмээн уриалахад сонсогчид суудлаасаа босон, алга ташжээ.
Зураг. Лимерикийн Их Сургуульд зохион байгуулагдсан арга хэмжээний үеэр 30 хүүхэд Дээрхийн гэгээн XIV Далай ламын айлчлалд тусгайлан зориулж зохиосон уучлалын тухай дуугаа дуулжээ. Ирланд, Лимерик хот. 2011 оны 4 дүгээр сарын 14. Гэрэл зургийг Спирс.
Тус айлчлалын үеэр Лимерикийн Их Сургуулийн Ирландын Дэлхийн Урлагийн Академи, Гленстал хийдийн лам нар, Ирландын Камерын Найрал хөгжим зэрэг уран бүтээлчид хөгжмийн тоглолтоо тогложээ.
Лимерик хотын сургуулиудын 30 хүүхэд Дээрхийн гэгээн XIV Далай ламын айлчлалд зориулан уучлалын тухай тусгай дуу дуулсан нь олны сэтгэлийг хөдөлгөжээ.
Дээрхийн гэгээн XIV Далай ламыг “Children in Crossfire” хандивын байгууллагын үүсгэн байгуулагч Ричард Мур дагалдан явсан бөгөөд уг байгууллага нь ядуурал, шударга бус байдалд өртсөн хүүхдүүдийн төлөө ажилладаг аж.
Ричард Мур нь 10 настайдаа резинэн суманд өртөн хараагаа алджээ. Хэдий тийм ч хожим нь түүнийг буудсан Чарльз Иннесс хэмээх хүнтэй уулзаж эвлэрэн, анд нөхөд бололцжээ. Чарльз Иннесс мөн энэ өдөр болсон ёслолд оролцсон юм.
Зураг. Лимерикийн Их Сургуульд болсон арга хэмжээний үеэр Ричард Мур, Чарльз Иннесс, Дээрхийн гэгээн XIV Далай лам нар гар гараасаа хөтлөлцөж байгаа нь... Ирланд, Лимерик хот. 2011 оны 4 дүгээр сарын 14. Гэрэл зургийг Спирс.
Дээрхийн гэгээн XIV Далай лам “Children in Crossfire” байгууллагын ивээн тэтгэгч билээ.
Өнөөдрийн арга хэмжээнд олон нийтийн болон бизнесийн бүлгийн төлөөлөгчид, спортынхон мөн гүн эмгэнэл, зовлон бэрхшээлийг биеэрээ туулж яваа хүмүүс зэрэг хэдэн зуун хүн оролцов. Тэдний дунд Тироны хөл бөмбөгийн багийн дасгалжуулагч Микки Харт байсан бөгөөд тэрээр арга хэмжээний дараа Дээрхийн гэгээн XIV Далай ламын хүргэсэн энгийн хэр нь гүн утгатай захиасын талаар ярьж, уг арга хэмжээнд оролцох нь өөрт нь тохиосон ховорхон боломж байсан хэмээжээ.
Олон хүн Дээрхийн гэгээн XIV Далай ламын ухаалаг, зөөлөн үгс сэтгэлийг нь ихэд хөдөлгөн, түүнийг нүдээрээ харж, биеэрээ уулзах нь амьдралдаа ганц тохиох ховор завшаан байсан талаар ярьжээ.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун