АНУ-ын Миннесота муж, Миннеаполис хот – 2011 оны 5 дугаар сарын 8-нд Дээрхийн гэгээн XIV Далай лам “Дотоод амар амгалангаар энх тайванд хүрэхүй” сэдвээр илтгэж мөн Mанал бурхны авшгийг хүртээлээ. Энэ хоёр арга хэмжээ нь “Нэг зүрх, нэг сэтгэл, нэг орчлон” сэдэвт Миннеаполис дахь айлчлалын хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд Миннесотагийн Их Сургуулийн Сүсэг бишрэл ба Анагаах Төв (Center for Spirituality & Healing), Миннесотагийн Tөвөд, Америкийн Сан (Tibetan American Foundation of Minnesota) нар хамтран зохион байгуулжээ.
Mанал бурхны авшгийг иннесотагийн Tөвөд, Америкийн Сан (Tibetan American Foundation of Minnesota) зохион байгуулсан бөгөөд арга хэмжээ Мариуччи Аренад болов. Ойролцоогоор 6000 хүн оролцсон энэ арга хэмжээний үеэр Дээрхийн гэгээн XIV Далай лам буддын шашны үүднээс төвөдийн анагаах ухааныг тайлбарлав. “Хувь хүн хийгээд нийгмийн эдгэрлийг дэмжих төвөд соёл, сүсэг бишрэлийн ёслол” хэмээх энэ арга хэмжээг эхлүүлэн өнөөгийн шашнуудын үүргийн талаар ярьжээ. Тэрбээр бүх шашны зорилгын ижил төстэй байдлыг дурдан, бүгд ялгаваргүй энэрэх сэтгэлийг хөгжүүлэх нэгэн адил боломжтойг хэллээ. Мөн төвөд буддистуудын бусад шашинтай харилцах харилцаа, хамтын ажиллагааны талаар дурдав.
Дээрхийн гэгээн XIV Далай лам энэ үеэр буддын шашны талаарх ерөнхий ойлголт, түүний үндсэн философийг судлах, хэрэгжүүлэхийн чухлыг онцлоод, дэлхий дахины бүх асуудлын уг шалтгааныг хэт өөрт төвлөрүүлэх байдалтай холбон тайлбарлалаа. Мөн гүн сүсгээр бясалгал хийдэг буддын шашинт хүн “анхаарал төвлөрлийн дөрвөн суурь”-д бясалгах хэрэгтэйг зөвлөв. Үүнд, биеийн анхаарал санамсарт төвлөрөл, мэдрэмжийн анхаарал санамсарт төвлөрөл, сэтгэлийн анхаарал санамсарт төвлөрөл хийгээд номын анхаарал санамсарт төвлөрөл багтдаг аж.
Mанал бурханы авшгийг хүртээхдээ төвөд буддын уламжлал ёсоор Дээрхийн гэгээн XIV Далай лам өөрөө энэ авшгийг багш нар болох Тактра ринбүүчи, Трижанг ринбүүчи нараас авснаа дурсжээ.
Дээрхийн гэгээн XIV Далай лам “адис” хэмээх зүйлийн мөн чанар агаад түүнд хандах хандлагын талаар тайлбарлав. Төвөд хэлээр адисыг “жинлав” хэмээдэг бөгөөд үгчилбэл “гэгээ буюу сүр жавхаагаар хувирган авчрах” гэсэн хоёр үгээс бүтдэг агаад энэ нь буруу, ариун бус зүйлийг гэгээний хүчээр цэвэр ариун болгон хувиргах гэсэн утгатай ажээ.
Төгсгөлд нь зөвхөн залбирал унших нь хангалтгүйг сануулж, энх тайван нь залбирлаар бус харин үйлдлээр бий болдгийг онцлон тэмдэглэв.
Үдийн дараах олон нийтийн ярианы өмнө Дээрхийн гэгээн XIV Далай лам ивээн тэтгэгчдэд зориулсан үдийн зоогийн үеэр товч үг хэлэв. Зочдын дунд Конгрессын гишүүн Кит Эллисон байлаа.
Дээрхийн гэгээн XIV Далай лам нутгийн иргэд төвөдийн олон нийтэд үзүүлж ирсэн дэмжлэгт талархал илэрхийлэв. Тэрбээр төвөд түмэн цөөн боловч олон жилийн турш өөрсдийн амьжиргаагаа залгуулахаас гадна төвөдийн асуудлаар тодорхой зүйл хийж чадсан хэмээв.
Үүний дараа Дээрхийн гэгээн XIV Далай лам төвөдийн буддын шашны мөн чанар хийгээд орчин үеийн шинжлэх ухаантай холбон хийж буй чухал яриа хэлэлцээний талаар товч тайлбарлан, Энэтхэг дэх төвөдийн хийдүүдэд шинжлэх ухааны хичээл оруулж эхэлснийг дурдаад, Төвөдийн буддын шашин бол сүсэгтэн олонд хамаарах зүйл боловч төвөдийн соёл нь нийгэмд зориулагдсан болохыг онцоллоо. Мөн төвөдийн анагаах ухааныг ч багтаан, цогц буюу бүхэллэг эмчилгээний арга болохыг тайлбарлав. Дээрхийн гэгээн XIV Далай лам Миннесотагийн Их Сургууль Төвөдийн уламжлалт анагаах ухааны судалгаанд оролцож байгаад талархал илэрхийлжээ.
Үдийн дараах арга хэмжээ эхэлж, Миннесотагийн Их Сургуулийн Сүсэг бишрэл ба Эдгэрлийн төвийн захирал хатагтай Мэри Жо Кайцер, Миннесотагийн Төвөд, Америкийн сангийн ерөнхийлөгч доктор Цэвээн Нгодуп нар нээж, үг хэлэв.
Дараа нь их сургуулийн ерөнхийлөгч Роберт Х.Бруининкс хүндэтгэлийн үг хэлэхдээ Дээрхийн гэгээн XIV Далай ламын айлчлалтай зэрэгцэн төвөдийг таниулах үзэсгэлэн, бага хурал зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж буйгаа дурдав. Дээрхийн гэгээн XIV Далай ламд Хүмүүнлэгийн ухааны хүндэт докторын зэргийг олгож буйг зарласны дараа ерөнхийлөгч Бруининкс болон их сургуулийн захирлуудын зөвлөлийн төлөөлөгчид хүндэт өргөмжлөлийг гардууллаа. Эл өргөмжлөлд, "Хүмүүнлэгийн ухааны доктор (Doctor of Humane Letters). Дээрхийн гэгээн XIV Далай лам. Такцэр, Амдод төрсөн; 1950 оноос өнөөг хүртэл төвөд болон цагаачлал дахь түүний засгийн газрын шашин, төрийн тэргүүн; 1959 онд Лхасын Жокан хийдэд гэвш лхарамбын зэргийг хүртсэн; 1963 онд төвөдийн ардчилсан үндсэн хуулийн төслийг боловсруулсан; 1987 онд төвөдийн Таван цэгт энхийн төлөвлөгөөг дэвшүүлсэн; 1987 оноос өнөөг хүртэл Оюун ухаан хийгээд Амьдрал институц (Mind and Life Institute)-ээр дамжуулан шинжлэх ухааны судалгааны дэмжигч; 1989 онд Нобелийн энхийн шагнал хүртсэн; 1992, 2001 онд төлөөллийн засгийн газартай болох шууд ардчилсан сонгуулийг санаачлагч; 72 гаруй номын зохиогч, түүний дотор “Аз жаргалтай амьдрахуйн урлаг” (The Art of Happiness) Нью-Йорк Таймсын бестселлер; 2007 онд АНУ-ын Конгрессын Алтан медаль хүртсэн; 2009 онд төвөдийн ард түмний сайн сайхны төлөө, тэдний соёл, өвийг хамгаалах зорилготой Далай ламын сан (Dalai Lama Trust)-ы үндэслэгч.
“Учир нь та тайван төлөв, энэрэнгүй зүрх сэтгэл, мэдлэгийн тэмүүллээрээ энгийн нэгэн буддын ламын замнал дэлхий нийтийн ойлголцол, эрхэм зорилгод хүрч болдгийг үлгэрлэн харуулжээ. Таны сургаал нь аз жаргал, эрх чөлөөний хүслийн уг сурвалж, бидний гарагт үзүүлэх нөлөөлөл зэрэг нийтлэг зүйлсийг илчилсэн билээ. Энх тайван гэдэг нь зөвхөн дайн дуусах үед бус, харин хүний анхан шатны хэрэгцээ хангагдаж, үндсэн эрх нь хүндлэгдэж бий болдгийг бидэнд сануулсан билээ. Таны оюун санааны шинжлэх ухааны судалгааг хөхиүлэн дэмжих хандлага нь эрүүл мэнд, сайн сайхан байдлын харилцан шүтэлцээг гийгүүлжээ. Ингэснээр Миннесотагийн Их Сургуулийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг зөвхөн судалгаа, эмнэлгийн шинэчлэлээр төдийгүй олон соёлын итгэл үнэмшил, эмчилгээний арга барил хүний эрүүл мэнд, амьдралын чанарыг хэрхэн сайжруулж болохыг ухаарахад тус дөхөм болж байна.
Миннесотагийн Их Сургуулийн Захирлуудын зөвлөл, Эрдэмтдийн зөвлөлийн зөвлөмжийн дагуу Дээрхийн гэгээн XIV Далай лам, Дэнзин Гьяцод Хүмүүнлэгийн ухааны хүндэт докторын зэргийг олгов”.
“2011 оны 5 дугаар сарын 8-нд батламжлав”.
Дээрхийн гэгээн XIV Далай лам дараа нь олон нийтэд илтгэв. Юуны өмнө тэрбээр “Хүндэт докторын зэрэг” олгосон их сургуульд талархал илэрхийлэв. Арав гаруй жилийн дараах хоёр дахь айлчлалын үеэр хүмүүс түүнд ямар их сайхан сэтгэл гаргаж байгааг хэлэв. Дээрхийн гэгээн XIV Далай лам яагаад энэ хэрэгцээ байгаа тухай өөрийнх нь бодлыг тайлбарлан, их сургууль зэрэг боловсролын байгууллагууд хөтөлбөртөө секуляр ёс суртахууны үнэт зүйлсийг оруулахын чухлыг болон бүх хүн аз жаргалтай амьдрал хүсдэг талаар ярив. Орчин үеийн боловсролын системийн суурь мянга гаруй жилийн өмнө Европт тавигджээ. Тэр үед сүм дотоод тайвныг дэмжих үүргийг өөртөө авсан байв. Он цагийн явцад сүмийн нөлөө буурч, гэр бүлийн үнэт зүйлс ч бас буурсан аж. Иймээс одоо боловсролын байгууллагууд хүмүүст дотоод үнэт зүйлсийн талаар заахад оролцох хэрэгтэй болжээ.
“ХХ зуун бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн чухал зуун. Энэ зуунд шинжлэх ухаан, технологийн шинэчлэлүүд гарсан. Үүний зэрэгцээ маш их цус урсаж, цөмийн бөмбөг хэрэглэсэн. Иймээс гайхамшигтай хөгжил дэвшил нь илүү их айдсыг дагуулсан билээ. Иймд энэрэх, дулаан сэтгэл төрүүлэх, дотоод үнэт зүйлсийг бэхжүүлэх, итгэлцэл, нөхөрлөлийг бий болгох үзлийг дэмжих хэрэгцээ бий болжээ”.
Дээрхийн гэгээн XIV Далай лам дотоод үнэт зүйлсийг хөгжүүлэх гурван үндсэн шалтгааныг тайлбарлав. Үүнд, нийтлэг туршлага, нийтлэг ухаан, шинжлэх ухааны нотолгоо гурав болно. “Хүүхдэд эхийн хайр халамж ихээхэн нөлөөтэй байдаг”. Энд Дээрхийн гэгээн XIV Далай лам ээжийнхээ сайхан сэтгэлийг дурсаж, халуун дулаан сэтгэлийг түүнээс сурсан хэмээв. “Багадаа ээжээсээ их хайр халамжийг мэдэрч өссөн хүмүүс насанд хүрээд тогтуун сэтгэлтэй байдаг бол хайр халамж дутуу, тэрчлэн хүчирхийлэл дунд өссөн хүмүүс сөрөг хандлагатай болж өсдөг”.
Дээрхийн гэгээн XIV Далай лам “Хэт өөрт төвлөрөх хандлага, явцуу үзэл нь дотоод амар амгаланг хөгжүүлэх боломжийг хаадгаас гадна бие махбодод ч хор учруулж болзошгүй” хэмээв. Тэрбээр нэгэн хурлын үеэр нэгэн эрдэмтний илтгэлийг дурсан ярилаа. Тэр эрдэмтэн “би, намайг, миний” гэх үгсийг их хэрэглэх хандлагатай хүмүүс зүрхний шигдээс авах магадлал өндөр байдгийг илрүүлсэн тухай хэлсэн байжээ. Дээрхийн гэгээн Далай лам уг эрдэмтэн шалтгааныг тайлбарлаагүй ч энэ нь өөрт төвлөрсөн сэтгэлгээтэй холбоотой гэж бодсоноо ч хэлэв.
“Иймээс энэрэх сэтгэл нь зөвхөн биеийн эрүүл мэндэд төдийгүй нийгэмд ч эерэг, чухал хүчин зүйл болно. Энэ үнэт зүйлсийг хэрхэн хэрэгжүүлэх талаар судалгаа хийх төсөл хэрэгтэй юм”.
Дээрхийн гэгээн XIV Далай лам суурь хүний үнэт зүйлсийг дэмжих гурван замыг тодорхойлов. Үүнд теист, теист бус, секуляр буюу шашны бус ёс зүйг багтаажээ.
Теист хандлагын хувьд бүтээгч бурханд итгэх, бурханд бүрнээ захирагдах нь хувь хүний үнэт зүйлсийг төлөвшүүлнэ гэж үздэг. Тэрбээр Иерусалимд болсон нэгэн үйл явдлыг дурсав. “Нэгэн еврей багш палестин, еврей сурагчдаасаа өөрийн өрсөлдөгчийг бурхны дүрээр харахыг хүсжээ. Үүний дараа палестин сурагчид Израилийн шалган нэвтрүүлэх цэгийг гарахдаа мэдэрдэг байсан тавгүй мэдрэмж нь арилсан гэж хэлсэн юм шүү”. Мөн Дээрхийн гэгээн XIV Далай лам ислам шашинт найзууд нь бүх амьтанд хайр энэрлээ түгээх ёстой гэж хэлдгийг дурдав. Тэрбээр энэ бүгдийг логик дэс дараалалтай гэж үздэгээ хэлэв.
Теист бус шашин шүтдэг хүмүүст бол үйлийн үрийн хуульд итгэх нь (таны үйлдэл үр дүнг тодорхойлдог) маш их тус болдог гэж Дээрхийн гэгээн XIV Далай лам хэлэв. “Хэрэв чи сайн үйл хийвэл сайн үр дүнд хүрнэ хэмээх итгэл нь хүмүүст эерэг үнэт зүйлсийг төлөвшүүлэхэд урам өгдөг билээ”.
“Эдгээр шашны хандлагыг ашиглах ёстой бол “Аль шашныг нь сонгох вэ?” гэдэг шинэ асуулт гарч ирдэг. Тиймээс шашныг хөндөхгүйгээр хэрэгжүүлэх гурав дахь хандлага хэрэгтэй. Энэ бол секуляр ёс зүй юм. Секуляр гэдгийг Энэтхэгт хэрэглэдэг утгаар нь өөрөөр хэлбэл шашныг үгүйсгэх бус, бүх шашинд тэгш хүндэтгэлтэй хандахыг хэлж буй юм.
Эртний Египет, Хятад, Инд мөрний хөндийн соёл иргэншлүүд дундаас Энэтхэгийн бүс нутагт янз бүрийн сэтгэхүйн сургуулиуд хөгжжээ. Бурхныг үгүйсгэсэн нигилизмыг сурталчилдаг нэгэн сургууль бий бөгөөд түүний сурталчлагчдыг Энэтхэгт өнөөг хүртэл хүндлэн, “Риш” буюу мэргэд хэмээн нэрлэгддэг ажээ”.
Дээрхийн гэгээн XIV Далай лам үгийнхээ төгсгөлд Миннесота Их Сургуулийн сүсэг бишрэлийн чанарын судалгааг хөтөлбөртөө оруулах гэж ихэд хүчин чармайлт гаргаж буйг үнэлэв. Түүний айлчлал нь их сургуулийн Сүсэг бишрэл ба Эдгэрлийн төвд “Tibetan Healing Initiative”-ын албан ёсны нээлттэй давхцаж буй юм. Шинэ санаачилгад төвөдийн эмчилгээний аргыг уламжлалт эрүүл мэндийн практиктай хослуулах үр дүнгийн судалгаа, бүс нутгийн эмнэлэг, эмнэлгийн нөхцөлд төвөдийн уламжлалыг нэвтрүүлэх ажлууд багтах аж.
Дээрхийн гэгээн XIV Далай лам одоогоор Висконсин Мэдисоны Их Сургууль, Стэнфордын Их Сургууль, Эмори Их Сургууль зэрэг нь сүсэг бишрэл, шинжлэх ухааны нөлөөллийг судалсан хөтөлбөртэй байгааг дурдав. Тэрбээр “Хэдэн жилийн дараа дахин ирээд, Миннесота Их Сургуулийн хөтөлбөр хэрхэн хөгжсөнийг үзнэ шүү” хэмээн хошигнов.
Үүний дараа Дээрхийн гэгээн XIV Далай лам сонсогчдын зарим асуултад хариулав. Хятадын нэгэн эрдэмтнийг хорьсон тухайд ямар сэтгэгдэлтэй байгаа талаар нэгэн сонсогч асуув. Дээрхийн гэгээн Далай лам “Харамсалтай нь хатуу зарчимт сэтгэлгээний улмаас Хятад хяналтаа чангатгаж байна. Үүний улмаас эрдэмтэн, сэхээтэн тэргүүт улс орны үнэт баялаг нь хоригдох эсвэл гэрийн хорионд орох явдал ихээр гарч байна. Энэ байдал удаан үргэлжлэхгүй, нэг сэхээтнийг хорьсон ч шинэ сэхээтэн гарч ирнэ шүү дээ”. Өөр нэгэн сонсогч цахим хөгжлийн талаар Дээрхийн гэгээний байр суурийг сонирхов. Дээрхийн гэгээн Далай лам үүнийг гайхамшигтай хэрэг гэж үздэгээ илэрхийлээд, “Учир нь энэ нь хүмүүс янз бүрийн эх сурвалжаас олон талын мэдээлэл авах боломжийг нэмэгдүүлдэг” хэмээв. “Дэлхий сайн сайхан болж байгаа юу? Эсвэл улам дордож байна уу?” гэж асуухад Дээрхийн гэгээн XIV Далай лам “Сайн сайхан болж байгаа” хэмээн хариулаад, 1996 онд Английн хожмын хатан эхтэй хийсэн яриагаа дурсан ярив. Тэр үед хатан эх XX зууны ихэнх хугацаанд амьдарсан учраас түүнээс тухайн зууны талаарх үзэл бодлыг нь асуужээ. Хатан эх эргэлзэлгүйгээр “Дэлхий сайхан болж байна” гэж хэлсэн бөгөөд учир нь XX зууны эхэнд хүний эрх, өөрөө засан тогтоох эрх зэрэг ойлголт байгаагүй бол зууны сүүл үед эдгээр нь олон нийтийн ухамсарт идэвхтэй орж ирсэн хэмээжээ.
Дээрхийн гэгээн XIV Далай лам мөн өөрийн туршлагаасаа “Дэлхий сайн сайхан болж байгаа гэдэгт итгэдэг шалтгаанаа хуваалцав. Тэрбээр өнгөрсөн үеийнхтэй харьцуулахад экологи, байгаль орчны ач холбогдлын талаарх ойлголт илүү өргөн хүрээг хамарч, “Ногоон нам” зэрэг улс төрийн намууд хүртэл гарч ирсэн агаад эрдэмтэд зөвхөн хэмжиж эсвэл тооцоолж болох зүйлд хязгаарлагдах бус хүний сэтгэлийг ч гүн гүнзгий судалж эхэллээ. 1986 онд хамба лам II Иоанн Павелын санаачилсан Ассизийн шашны дээд хэмжээний уулзалт нь “Нэг шашин, нэг үнэнээс олон шашин, олон үнэн” гэсэн хандлагад шилжих өөрчлөлт авчран, улс төрчид нинжин сэтгэлийн талаар ярьдаг болсон агаад цөмийн зэвсгийг хориглох олон нийтийн уриалга гарч байна зэрэг жишээг дурдав.
Дээрхийн гэгээн XIV Далай лам “Аливааг гаднаас нь өнгөц харж дүгнэх бус, илүү гүнзгий бодох хэрэгтэй. Гадаад гоо сайхнаас илүү дотоод гоо сайхан нь илүү чухаг билээ” хэмээн айлдав.
Бямба гарагт Миннесота мужийн амбан захирагч Марк Дэйтон Дээрхийн гэгээн XIV Далай ламд бараалхжээ. Миннесота муж нь Нью-Йоркийн дараа ордог төвөд гаралтай америкчуудын төвлөрөлтэй хоёр дахь том нутаг юм.
Дээрхийн гэгээн XIV Далай ламын дараагийн айлчлал нь 2011 оны 5 дугаар сарын 9-нд Техас мужийн Даллас хотод байрлах Өмнөд Методист Их Сургуульд болох билээ.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун