Зураг. Чехийн ерөнхийлөгч асан Вацлав Хавел Дээрхийн гэгээн Далай ламыг угтан авч буй нь...
Чех улс, Прага хот. 2008 оны 12 дугаар сарын 2. Дээрхийн гэгээн 12 дугаар сарын 1-нд Чехийн нийслэл Прага хотод “Төвөдөд мөхлийн аюул нүүрлээд байна” хэмээн айлджээ. Тэрбээр Хятадын Засгийн газарт итгэх итгэл нь улам бүр суларч байгаа ч Хятадын ард түмэнд итгэх итгэл нь огтхон ч ганхаагүйг онцолсон байна. Прагад хийж буй айлчлалынхаа 3 дахь өдөр сэтгүүлчидтэй уулзахдаа Дээрхийн гэгээн “Хятад шиг том гүрэнтэй сайн, ойр дотно харилцаатай байх нь маш чухал. Гэхдээ энэ нь зөвхөн эдийн засгийн төлөө биш гэдгийг би анд нөхдөдөө үргэлж хэлдэг” хэмээн айлджээ. Тэрбээр цааш нь “Үүний зэрэгцээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний эрх, ардчилал зэрэг тууштай хамгаалах ёстой зарчмууд бий. Жинхэнэ нөхөрлөл гэдэг нь зарчимч байр сууриа хадгалах боломжийг олгодог бөгөөд эцсийн дүндээ нөгөө тал ч үүнийг ойлгож, үнэлдэг” хэмээн айлдсан байна. Мөн “Нөгөө хүн юу ч хийсэн, бүр буруу зүйл хийсэн ч ‘Тийм ээ, таны зөв’ гээд л байвал тэр хүн өөрийн үйлдлийг зөв гэж ойлгоно” хэмээгээд, бусдын алдаа дутагдлыг илэн далангүй хэлж өгөх нь чухал болохыг онцолжээ.
Зураг. Далай лам Чехийн ерөнхий сайд Мирек Тополанектай ерөнхий сайдын албан ёсны өргөө болох Крамаржийн харшид...
Дээрхийн гэгээн 11 дүгээр сарын 30-ны өдөр Чехийн ерөнхий сайд Мирек Тополанектай уулзсан юм. Ерөнхий сайдын ажлын албанаас уг уулзалтын тухай мэдэгдэл гаргаж, хоёр удирдагчийн гэрэл зургийг нийтэлжээ.
Дээрхийн гэгээн мөн Чехийн парламентын Төвөдийг дэмжих бүлгийн урилгаар үдээс хойш парламентад морилсон байна. Тус бүлэгт батлан хамгаалах, хүний эрх, байгаль орчин, соёлын асуудал хариуцсан сайд нар багтдаг гэж мэдээнд дурджээ. Тэрбээр парламентын гишүүдэд хандан үг айлдахдаа Төвөдийн ард түмнийг дэмжиж ирсэнд нь талархал илэрхийлсэн юм. Мөн Төвөдийн үйл хэргийг дэмждэг ард иргэд, Засгийн газрууд болон парламентуудыг зөвхөн Төвөдийн талд зогсож байгаа бус, харин шударга ёсыг дэмжиж байгаа гэж үздэгээ айлджээ.
Үүний дараа Дээрхийн гэгээн Прага хотын төвд байрлах ажлын өрөөнд нь Чехийн ерөнхийлөгч асан Вацлав Хавелтай уулзсан байна. Хоёр удирдагч сэтгүүлчидтэй уулзахаасаа өмнө 30 орчим минут тусгайлан ярилцжээ.
1990 оны 2 дугаар сард Вацлав Хавелтай анх уулзсан дурсамжийнх нь талаар сэтгүүлчид асуухад Дээрхийн гэгээн анх уулзсан цагаасаа л тэд нөхөрлөсөн бөгөөд Хавелын Төвөдийн асуудалд тавьдаг анхаарал, үзүүлдэг дэмжлэг, эв санааны нэгдэл тэр үеэс хойш огт өөрчлөгдөөгүйг айлдсан байна. Мөн Дээрхийн гэгээн Вацлав Хавелыг эрх чөлөөний бэлгэ тэмдэг хэмээн онцолжээ.
Женев дэх Төвөдийн төлөөлөгчийн газрын мэдээлэлд үндэслэв.










