Швед, Лунд хот. (Анна Люнггрен) - Швед улсад хийсэн гурван өдрийн айлчлалынхаа сүүлчийн өдөр Дээрхийн гэгээн XIV Далай лам Лунд хотын гол танхимд 250 оюутантай уулзлаа. Энд цугласан оюутнууд сүүлийн нэг жилийн хугацаанд Шведийн 50 хотын 60 сургууль, Шведийн Хувь Хүн Тусламжийн байгууллага (IM-SOIR/Individuell Människohjälp)-тай хамтран Хималайн бүс нутагт сургууль байгуулах төслүүдэд зориулан хандив босгожээ.
Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам Шведийн Лунд хотын гол танхимд болсон уулзалтаар 13-19 насны шилдэг 250 оюутанд хандан үг хэллээ. Швед, Лунд хот. 2011 оны 4 дүгээр сарын 17. Гэрэл зургийг Лотта Гилленстен / Төвөдийн төлөөлөгчийн Газар, Лондон.
Дээрхийн гэгээн XIV Далай ламыг Катманду, Непал дахь сургуульд Шведийн Хувь Хүн Тусламжийн байгууллага (IM-SOIR)-ын сайн дурын ажилтнаар ажиллаж байсан ноён Виктор Оберг ярилцлага авч, оюутнуудын асуухыг хүссэн асуултуудад тулгуурлан ярилцсан юм. Оюутнууд Дээрхийн гэгээн XIV Далай ламын Дарамсала хотод өнгөрөөдөг “энгийн нэгэн өдөр” ямар байдгийг болон түүнийг ямар хоолонд дуртай болохыг асуув. “Дээрхийн гэгээн XIV Далай лам” биш бас ер нь лам биш байсан бол ямар мэргэжилтэй байх байсныг нь асуухад “Тракторын жолооч байх байсан” хэмээн хошигнов. Мөн оюутнуудад аливаад эргэцүүлэнгүй хандаж, материаллаг зүйлээс илүү оюун ухаанд төвлөрөн анхаарч сурахыг зөвлөсөн бөгөөд “Алмаазыг үнссэн ч хариу үзүүлдэггүй шүү дээ” хэмээв. Багш нь сурагчаа зоддог асуудлын талаар асуухад, “Хүний сэтгэлийг зөвхөн ухаан болоод энэрэл хайраар л өөрчилж болно. Хэрвээ та хэн нэгэнд байнга хайр халамж үзүүлж байвал тэр хүн зан авираа өөрчлөх магадлалтай” хэмээн хариулсан юм.
Дээрхийн гэгээн XIV Далай лам оюутнуудтай уулзсаны дараа Лунд хотын сүмийн Ням гаргийн мөргөлд оролцов. Түүнийг Шведийн Лютеран сүмийн хамба Антйе Якелен, Лунд хотын сүмийн тэргүүн мөн Шведийн Хувь Хүн Тусламжийн байгууллага (IM-SOIR)-ын зөвлөлийн дарга ноён Хокон Е.Вилхелмссон нар угтан авчээ. Сүмд Дээрхийн гэгээнийг сонсохоор 1000 гаруй хүн цугласан байв.
Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам Шведийн Лунд хотын Лунд сүмд болсон мөргөлд оролцлоо. Швед, Лунд хот. 2011 оны 4 дүгээр сарын 17. Гэрэл зургийг Дэнзин Tахла/ OHHDL.
Сүмийн туслах номлогч хатагтай Лена Шёстранд Дээрхийн гэгээн XIV Далай ламыг хүндэтгэн угтахдаа, “Энх тайван, хайр энэрэл... энэ бол Дээрхийн гэгээн XIV Далай ламын захиасын мөн чанар бөгөөд бид юунд итгэдэг, хаана амьдардгаас үл хамааран биднийг нэгтгэдэг зүйл билээ” хэмээв.
Шведийн Лютеран сүмийн хамба Антйе Якелен номлолоо айлдсан бөгөөд дараах үгээр өндөрлүүлэв. “Энэ ариун долоо хоногт энэрэх сэтгэл нь итгэл үнэмшлээс урган гарч, хүч чадал, хайр, аз жаргалыг төрүүлдэг. Өнөөдөр бидний дунд зочлон ирсэн эрхэм Дээрхийн гэгээн XIV Далай лам энэрэх сэтгэлийн талаар бидний олонхоос ч илүү тунгаан бодсон нэгэн билээ” хэмээн хэлснийхээ дараа Дээрхийн гэгээн XIV Далай ламыг олны өмнө мэндчилгээ дэвшүүлж, энэрэх сэтгэлийн талаар үг хэлэхийг урив.
Дээрхийн гэгээн XIV Далай лам тахилын ширээний өмнө зогсон, ийн хэлэв. “Хүндэт сүсэгтэн ах дүү нар минь, шашны эв нэгдлийг дэмжиж буй энэ онцгой номлолд оролцож буй нь ихээхэн нэр төрийн хэрэг байна. Итгэл үнэмшил нь зөвхөн сүмд үлдэж болохгүй. Ингэвэл тэр нь ямар ч нөлөө үгүй. Харин бид түүнийг бүхий л газар түгээж, бодитоор хэрэгжүүлэх хэрэгтэй” хэмээн чуулсан олонд уриалав.
Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам Швед дэх айлчлалаа дуусгаж, Лунд хотод Шведийн Хувь Хүн Тусламжийн байгууллага (IM-SOIR)-ын ажилтнуудтай зургаа татуулж буй нь... Швед, Лунд хот. 2011 оны 4 дүгээр сарын 17. Гэрэл зургийг Лотта Гилленстен / Төвөдийн төлөөлөгчийн Газар, Лондон.
Тэрбээр зураг татуулахын өмнө Шведийн Хувь Хүн Тусламжийн Байгууллага (IM-SOIR)-ын төв байран дахь зоогийн үеэр тус байгууллагын ажилтнуудтай уулзав. Шведийн Хувь Хүн Тусламжийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Бо Паулссон Дээрхийн гэгээн XIV Далай ламыг Швед улсад морилон ирсэнд нь талархал илэрхийлсэн бөгөөд Дээрхийн гэгээн Далай лам тус байгууллага болон Төвөдийн төв захиргаатай хамтран хийж буй ажлуудад нь талархал илэрхийлэв.
Дээрхийн гэгээн XIV Далай лам зоог барьсны дараа Шведээс Данийн Копенхаген хот руу хөдөллөө.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун