АНУ-ын Арканзас мужийн Файеттвилл хот, 2011 оны 5 дугаар сарын 11 — Тавдугаар сарын 11-нд Дээрхийн гэгээн XIV Далай лам Арканзас мужийн Файеттвилл хот дахь айлчлалаа Арканзасын их сургуулийн Муллинс номын санд зочилсноор эхлүүлэв. Тэнд төвөдийн эд өлгийн зүйлс, хуйлмал зураг, гэрэл зургууд (гэрэл зурагчин Соном Зоксаны авсан) болон Дрепүнг Лоселинг хийдийн төвөд лам нарын бүтээсэн Жанрайсиг бурханы (энэрэх сэтгэлийн бодьсадва) мандалын үзэсгэлэн толилуулан байв.
Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам Арканзасын их сургуулийн Файеттвилл хот дахь “Сэлмийг анжист хувиргахуй: Хүчирхийллийг үл хэрэгсэх олон зам” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож буй нь. АНУ, Арканзас муж, Файеттвилл хот. 2011 оны 5 дугаар сарын 11. Гэрэл зургийг: Рассел Котрен
Дараа нь Дээрхийн гэгээн Далай лам Бад Уолтоны ордонд очиж “Сэлмийг анжист хувиргахуй: Хүчирхийллийг үл хэрэгсэх олон зам” сэдэвт хэлэлцүүлэгт оролцов. Хэлэлцүүлгийн хамтран оролцогчид нь цаазын ялыг эсэргүүцэгч, “Dead Man Walking” номоороо дэлхийд танигдсан гэлэнмаа, цаазын ял оноогсодтой ажилладаг эрхийн төлөө тэмцэгч Хелен Прежан; мөн Африк-Америкчуудын эрх чөлөөний хөдөлгөөнд олон жилийн туршид Мартин Лютер Кингийн хамтаар ажилласан Винсент Хардинг байв. Талархлын үг хэлэх үеэр Арканзасын их сургуулийн захирал Дэйв Герхарт Дээрхийн гэгээн Далай ламыг хүлээн авлаа. Ойролцоогоор 10’000 гаруй хүн Дээрхийн гэгээний яриаг сонсохоор цугалн хураад байв.
Арканзасын их сургуулийн захирал Дэйв Герхарт арга хэмжээг ивээн тэтгэсэн их сургуулийн оюутны санхүүжүүлдэг “Онцлох лекцийн цуврал”-д талархал илэрхийллээ.
Дараа нь их сургуулийн Фулбрайтын коллежийн хүндэт хөтөлбөрийн захирал, хэлэлцүүлгийг удирдан явуулсан Сидней Буррис үйл ажиллагааг нээж үг хэлэв. Тэрээр “лам, гэлэнмаа, их сургуулийн профессор” гурвын ярианаас үзэгчид өдөр тутмын амьдралдаа хүчирхийллийг үл хэрэгсэх зарчмыг хэрхэн хэрэгжүүлэх талаар суралцах боломжтой хэмээн хэлээд эхний үгээ хэлэхээр хэлэлцүүлгийн оролцогчдыг урив.
Дээрхийн гэгээн XIV Далай лам хүн бол нийгмийн амьтан бөгөөд хувь хүний оршин тогтнол бусдын олон нийтийн бүрэлдэхүүнээс хамаардаг болохыг онцлон үгээ эхэллээ. Тэрээр яст мэлхий шиг (өндөглөөд удалгүй эх нь орхидог) цөөн хэдэн амьтнаас бусад нь төрснөөсөө хойш эхийн халамжид байдаг хэмээх жишээг татав.
Дээрхийн гэгээн Далай лам хүний үндсэн мөн чанар нь энэрэх сэтгэлтэй хэмээн тодорхойлов. Түрэмгий зан мөн бидний мөн чанарт байдаг ч энэ нь оюун ухаан болон шуналаас үүдэн бий болдог хэмээн хэлэв. Анагаахын эрдэмтэд байнгын уур хилэн, айдас нь эрүүл мэндэд муу нөлөөтэйг баталсан нь бидний үндсэн мөн чанар энэрэнгүй гэдгийг батлан харуулж байна хэмээн тэмдэглэв.
Дээрхийн гэгээн XIV Далай лам хүчирхийллийг үл хэрэгсэх зарчим нь үндсэндээ үйлдэлтэй холбоотой хэмээн тайлбарлав. Энэрэх сэтгэлээс үүдсэн үйлдэл бол хүчирхийллийг үл хэрэгсэх үйлдэл, харин үзэн ядалтаас ундрах үйлдэл бол хүчирхийлэл юм гэлээ.
Дараа нь Хелен Прежан болон профессор Винсент Хардинг нар өөрсдийн туршлага дээр үндэслэн хүчирхийллийг үл хэрэгсэх тухай үзэл бодлоо хуваалцав. Хелен Прежан цаазаар авах ял хүлээсэн хоригдолтой хийсэн уулзалтынхаа талаар ярьж, олон нийт цаазын ялын бодит байдлыг мэдэхгүй байгааг ойлгосон тухай хэлэв. Энэ нь түүнийг “Хүчирхийллийг даган дуурайх нь биднийг цаашдаа хааш хөтлөх вэ?” гэсэн асуулт тавихад хүргэсэн бөгөөд тэр цагаас хойш цаазын ялыг халгахын төлөө тэргүүлэх кампанит ажил зохион байгуулагч болсон хэмээлээ.
Профессор Хардинг ганц бие эхтэй гэр бүлд өсөн торнисон өөрийн бага нас, түүний эргэн тойрны орчин нь түүнийг хүчирхийллийг үл хэрэгсэх асуудалтай нүүр тулахад хүргэсэн тухай ярив. Тэрээр энэрэх сэтгэлтэй, шударга ёс болон хүчирхийлэлгүй нийгмийн өөрчлөлтийн төлөөх хөдөлгөөнүүдэд оролцож, АНУ-ын армид цэргийн алба хаахаас татгалзсан бөгөөд улмаар Мартин Лютер Кингтэй хамтран ажиллаж эхэлсэн тухайгаа дурдав.
Хоёр илтгэгч хоёулаа Христийн шашин нь хүчирхийллийг үл хэрэгсэх үзэлд нь хэрхэн гүнзгий нөлөө үзүүлсэн талаар ярив.
Дээрхийн гэгээн Далай лам хоёр хамтрагчийн гэрчлэл бүх томоохон шашны уламжлалууд дотоод амар амгаланг дэвшүүлэх ижил боломжтойг нотолж байна хэмээн хэлэв.
Зураг. Арканзасын их сургуулийн хотхонд байрлах Буд Уолтон Арена, Дээрхийн гэгээн XIV Далай ламын оролцсон арга хэмжээний талбар. АНУ, Арканзас муж, Файеттвилл хот. 2011 оны 5 дугаар сарын 11. Гэрэл зургийг: Рассел Котрен
Уучлалын чухлыг онцлон Дээрхийн гэгээн Далай лам энэ нь нөгөөдөө бууж өгнө гэсэн үг биш хэмээн зөвлөв. Харин тэвчээрийн асуудлыг авч үзэхдээ үйлдэгч болон үйлдлийг нь ялгаж ойлгох шаардлагатай хэмээн хэлэв. Төвөдийн ард түмний жишээг дурдан бид БНХАУ-ын Төвөдтэй холбоотой үйл ажиллагаанд нь эсэргүүцэл үзүүлж, шүүмжилдэг боловч Хятадын ард түмнийг хүндэтгэж, Хятадын Коммунист хатуу үзэлтнүүдэд ч гэсэн энэрэх сэтгэл үзүүлдэг хэмээн ярив.
Дээрхийн гэгээн Далай лам хүчирхийллийн мөн чанар нь таамаглахын аргагүй байдаг тул ямар ч асуудлын урт хугацааны шийдэл болж чадахгүй хэмээн онцлов. 20-р зуунд хүчирхийллээс болж 200 саяас дээш хүн амь насаа алдсаныг дурдан 21-р зуун бол яриа хэлэлцээний зуун байх ёстой гэлээ.
Хэлэлцүүлгийн оролцогчид бүгд маргаантай талуудын хооронд асуудлыг шийдвэрлэхэд яриа хэлэлцээний ач холбогдлыг онцлов. Дээрхийн гэгээн XIV Далай лам Хойд Ирландын зөрчилдөөнд өртсөн хоёр талын иргэдтэй оролцсон уулзалтаа дурсав. Эхэндээ уур амьсгал ихэд түгшүүртэй байсан ч хэд хэдэн уулзалтын дараа дараагийн айлчлалынхаа үеэр хүмүүсийн уур амьсгал илт тайвширсныг олж харсан тухай ярив.
Мөн Дээрхийн гэгээн Далай лам цаазын ялд өөрийн байр сууриа илэрхийлж, энэ нь үйлдлийг бус харин хүнийг шийтгэдэг хэмээн хэлэв. Жинхэнэ үр дүнтэй арга бол үйлдлийг нь зохицуулах явдал гэв. Дээрхийн гэгээн Далай лам анх 1945–46 оны үед Нюрнбергийн шүүх хуралдаанаас цаазын ялны талаар мэдэж аваад гүнээ харамсаж байсан тухайгаа дурдав. Мөн тэрээр Олон улсын Амнести байгууллагаас санаачилсан цаазын ялыг халгах аянд гарын үсэг зурсан гэдгээ хэлэв.
Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам Арканзасын их сургуульд олон нийтэд тавих илтгэлийнхээ өмнөх завсарлагааны үеэр цөөн хүнтэй уулзаж буй агшин. АНУ, Арканзас муж, Файеттвилл хот. 2011 оны 5 дугаар сарын 11. Гэрэл зургийг: Рассел Котрен
Өдрийн хоолны дараа Дээрхийн гэгээн Далай лам товчхон үг хэлж, Америкийн ардчиллын үнэт зүйлсийг магтан сайшаав. Тэрээр Ерөнхийлөгч Клинтоны (Дээрхийн гэгээн түүнийг “өөр нэгэн дотнын найз” хэмээн нэрлэв) өндөр албан тушаалтныг хариуцлага алдсаны төлөө буруутгаж шүүхэд татах ажиллагаа мөн Энэтхэгийн Ерөнхий сайд асан Нарасимха Раогийн шүүх ажиллагааны жишээг дурдаж, ердөө ардчилсан нийгэмд л ерөнхийлөгч, гуйлгачин хоёрын хооронд ялгаа байдаггүйг харуулж байна гэв. АНУ-д болсон төсвийн хямрал, Холбооны Засгийн газар хаагдах дөхсөн явдал улмаар олон албан хаагч ажилгүй болох эрсдэл зэргийг дурдаад Америкийн ард түмэн эдийн засгийн ийм сорилтоос шантрах ёсгүй хэмээв. Мөн энэ жил Төвөд охиныг оюутнаар хүлээн авах болсон Их сургуулийн шийдвэрт талархал илэрхийлэв.
Дараа нь Дээрхийн гэгээн Далай лам Буд Уолтон Аренад очиж, “Шинэ зуун дахь хүчирхийлэлгүй үзэл: Урагшлах зам” сэдвээр олон нийтэд тавих илтгэлдээ бэлтгэв. Илтгэлийн өмнө Их сургууль Дээрхийн гэгээн Далай ламд хүндэт цол олгов.
Ректор Герхарт тавьсан мэндчилгээндээ Их сургууль “Дээрхийн гэгээн XIV Далай ламтай хамтран түүний хүчирхийлэлгүй үзлийг түгээх үйлст нэгдэхдээ сэтгэл дэвтэж байна” хэмээв. Тэрээр Их сургуульд багшилдаг Сидни Буррис болон Геше Түвдэн Дорж нарын Дээрхийн гэгээн Далай ламыг залах ажлын бүтээлч оролцоо хийгээд “Өнөөдрийн цагаач Төвөдүүд” (TEXT Project) хөтөлбөрт оруулсан хувь нэмрийг онцлон дурдав. Энэ нь Энэтхэгийн дүрвэгсдийн сууринд амьдарч буй төвөдүүдийн түүхийг аман ярианы хэлбэрээр тэмдэглэж авахад чиглэсэн хөтөлбөр юм. Хөтөлбөр нь голчлон 1959 онд эх орноосоо дүрвэсэн, уламжлалт төвөд соёлоо тодорхой санаж буй хүмүүст төвлөрдөг аж. Мөн тэрээр Их сургуулийн Төвөдийн сан (Tibet Fund)-тай хамтран Төвөд оюутныг Их сургуульд суралцуулах түншлэлийг зарлав.
Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам Арканзасын их сургуульд Хүмүүнлэгийн ухааны хүндэт докторын зэргийг гардан авч буй нь. АНУ, Арканзас муж, Файеттвилл хот. 2011 оны 5 дугаар сарын 11. Гэрэл зургийг: Рассел Котрен
Ректор Герхарт Арканзасын их сургуулийн итгэгчдийн зөвлөлийн дарга Карл Жонсон болон Арканзасын их сургуулийн системийн ерөнхийлөгч Алан Сагг нарыг тайзнаа урьж, шагнал гардуулах ёслолд хамт оролцуулав. Ректор Герхарт “Хүндэт докторын цол нь шинжлэх ухаан, урлаг эсвэл олон нийтийн хэрэгт онцгой амжилт гаргасан хүмүүст олгодог. Энэ цолыг хүртэгчид нь Их сургуулийн үзэл санаа, зорилгод үнэнч байж, түүнийг дэмжиж ирсэн онцгой хүмүүс байдаг. Дээрхийн гэгээн XIV Далай ламыг хүний суурь үнэт зүйлс, хүн төрөлхтний эрх ашгийн төлөөх шашны бус ёс зүйг түгээн дэлгэрүүлэх, шашин хоорондын эв нэгдлийг бэхжүүлэх хийгээд төвөд ард түмний сайн сайхны төлөөх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь үнэлж энэхүү шагналыг гардуулах нь надад онцгой баяр баясал хийгээд нэр төрийн хэрэг байна” хэмээн тэмдэглэв.
Дараа нь доктор Жонсон хүндэт цолыг албан ёсоор зарлав.
Өргөмжлөлд: “Арканзасын их сургууль. Энэхүү бичгийг хүлээн авагч бүхэнд мэндчилгээ дэвшүүлье. Урлаг, уран зохиолд гаргасан онцгой ололт амжилт, үнэн, үүрэг, нийгмийн сайн сайхны төлөөх зүтгэл, хүндэт зан чанарыг нь үнэлж, Арканзасын их сургуулийн итгэгчдийн зөвлөл өнөөдөр Дээрхийн гэгээнтэн арван дөрөвдүгээр Далай лам Дэнзин Гяцод Хүмүүнлэгийн ухааны докторын зэргийг түүнд хамаарах бүх эрх, давуу эрхийн хамт олгосон болно. Арканзас муж, Фэйеттвилл хот, 2011 оны 5 дугаар сарын 14” гэжээ.
Дээрхийн гэгээн Далай лам илтгэлээ эхлүүлэхдээ энэхүү цолыг өөрийн нийгмийн төлөө оруулсан хувь нэмрийг үнэлсэн хэрэг гэж үзэж буйгаа илэрхийлэв. Мөн тэрээр 76 нас хүрэх дөхөж байгаа ч энэхүү цол олгосон шалтгаануудын төлөө үлдсэн амьдралаа зориулах болно гэв. Энэ шагнал дэмий хоосон болохгүй байхыг хүсэж байна хэмээн хошигнон хэлэв.
Дээрхийн гэгээн Далай лам өөрийгөө “Дэлхийн дээвэр” буюу “Цасны орон”-оос ирсэн хэмээн танилцуулав. Зарим нь өөрийг нь “Бурхан хаан” эсвэл “Амьд бурхан” хэмээн нэрлэдэг, харин зарим нь бүр “чөтгөр” ч хэмээн нэрлэдэг нь хоёулаа утгагүй хэрэг хэмээв. Өөрийгөө тэрээр зүгээр л жирийн нэгэн буддын лам гэж үздэг бөгөөд энэ бодол нь зүүдэнд нь хүртэл байдаг гэв.
Зураг. Арканзасын их сургуульд болсон “Шинэ зуунд хүч үл хэрэглэх: Урагшлах зам” сэдэвт олон нийтийн илтгэлийн үеэр Дээрхийн гэгээн XIV Далай лам илтгэл тавьж буй нь. АНУ, Арканзас муж, Файеттвилл хот. 2011 оны 5 дугаар сарын 11. Гэрэл зургийг: Рассел Котрен
Тэрээр энд ярьж байхдаа өөрийгөө буддын лам гэж бодоогүй харин хүний хувьд хандаж байна гэв. “Бид бүгд хүн төрөлхтөн бөгөөд хүн бүр аз жаргал хүсдэг” хэмээн хэлэв. Мөн тэрээр зөвхөн мэдрэхүйн таашаал нь аз жаргалын жинхэнэ утгыг илэрхийлдэггүй буюу илүү гүн сэтгэлийн түвшний сэтгэл ханамж хэрэгтэй гэв. Үүний тулд дотоод үнэт зүйлсийг төлөвшүүлэх шаардлагатай бөгөөд түүний жинхэнэ утга нь хүний дулаан энэрэнгүй сэтгэл хэмээн Дээрхийн гэгээн Далай лам онцоллоо.
Тэрээр бага насандаа дулаан сэтгэл, хайрыг хүртсэн хүмүүс тийм зүйл аваагүй хүмүүсээс илүү эерэг хандлагатай болдог тухай ярив. Мөн өөрөө бага наснаасаа эхлэн эхээсээ их хайр халамж хүртсэнээ дурсан энэ нь өөрийг нь жаахан “эрх дураараа” болгосон хэмээн хошигнож, эхийнхээ мөрөн дээр сууж байхдаа хүссэн зүг рүүгээ хөтлөхийн тулд чихийг нь татдаг байсан тухайгаа ярив. Түүнчлэн нэгэн еврей багшийн дайснаа Бурханы дүрээр харах тухай сургамж нь түүний палестин сурагчдын Израилийн шалган нэвтрүүлэх пост дээрх цэргүүдэд хандах хандлагад эерэг өөрчлөлт авчирсан тухай дурсав.
Ингээд хайр халамж хүртсэн хүмүүс илүү аз жаргалтай байдгийг нийтлэг туршлага баталдаг хэмээн хэлж, байнгын айдас, уур хилэн, үзэн ядалт нь бидний дархлааны системийг мохоож байдаг гэв.
Мөн 20-р зуунд асар их шинэ нээлтүүд гарсан ч их хэмжээний хүчирхийлэл ч тохиосон тухай тэмдэглэв. Хүч үл хэрэглэхийн ач холбогдлыг онцлон бид бүгд харилцан хамааралтай гэдгийг ойлгох ёстой, хөршөө устгах нь өөрийгөө устгахтай адил хэмээн хэлэв.
Тэрээр энх тайвныг дэлхийд авчрах арга нь үйлдлээр дамждаг хэмээн хэлэв. Дээрхийн гэгээн Далай лам энх тайван гэдэг нь дэлхий дээр огт асуудалгүй болно гэсэн үг биш гэдгийг дурдсан бөгөөд бүх асуудал зөвхөн хүн төрөлхтөн устах эсвэл хүний тархинд өөрчлөлт гарах үед л арилна хэмээн хошигнов.
Дээрхийн гэгээн Далай лам яриа хэлцлийн соёлыг түгээн дэлгэрүүлэхийг уриалж, дулаан сэтгэлийн ухамсрыг түгээхэд боловсролын байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэх шаардлагатай хэмээн хэлэв.
Дараа нь тэрээр интернэтээр ирсэн хэд хэдэн асуултад хариуллаа. Аялалуудаасаа хамгийн их үнэлдэг зүйл юу вэ гэж асуухад тэрээр өөрийн эрх чөлөө, албан бус байдал хэмээн хариулав. Арабын хаврын талаарх үзэл бодлыг нь асуухад эдгээр нь цөхрөлийн илрэл гэж хэлэв. Дэлхий бол засгийн газар, хаад эсвэл шашны удирдагчдын өмч биш харин нийт хүн төрөлхтний юм гэж тэр хэлээд Египет бол тодорхой нэг удирдагчийн биш, Египетийн ард түмнийх хэмээн нэмж хэлэв.
Машин жолоодож сурсан эсэхийг асуухад Дээрхийн гэгээн Далай лам эерэгээр Лхаст 13-р Далай ламын үеэс гурван машин байсан бөгөөд эдгээрийг удаан хугацаанд ашиглаагүй байсан тул Энэтхэгээс жолооч авчирч засуулахаар болсон хэмээн хариулав. Нэг удаа 17 эсвэл 18 настай байхдаа жолооч байхгүй үед оршин суудаг хашаан дотроо машин барьсан ч модны мөчрөөс зайлсхийхийн тулд нүдээ аниад осолдсон тухайгаа ярив.
Төвөд дэх төвөд хүмүүс түүнийг тэнд харах боломжгүй байгаа тухай мэдрэмж сэтгэгдлийн тухайд асуухад энгийн төвөдүүд түүнийг буцаасай гэж их хүсдэг ч оюунлаг хүмүүс түүнийг чөлөөт ертөнцөд амьдарч байгааг ойлгодог гэж хэлэв. Тэрээр Төвөдөд шинэ үеийнхэн гарч ирсэн ч төвөд сэтгэл гуйвшгүй хүчтэй хэвээр байгаа гэв.
Төвөдийн гурван голын доош урсдаг бүс нутгууд болох Бирм гэх мэт газруудад үзүүлэх нөлөөний талаар асуухад Дээрхийн гэгээн Далай лам Төвөдийн өндөрлөгийн байгаль орчны ач холбогдол болон тэнд гарсан өөрчлөлт олон хүнд хэрхэн нөлөөлдөг тухай ярив.
Дээрхийн гэгээн Далай лам мөн улс төрийн эрх мэдлээ шилжүүлсэн тухай асуултад хариулахдаа Далай лам нарын 400 гаруй жилийн улс төрийн засаглалын уламжлалыг зогсоосондоо маш их бахархдаг гэлээ. Тэрээр шашны болон улс төрийн байгууллагууд тусдаа байх ёстой гэж бусдад хэлж байхдаа өөрөө хос албан тушаалыг хадгалж байснаа бага зэрэг хоёр нүүртэй хэрэг хэмээн үзсэнээ онцлов.
Дээрхийн гэгээн Далай лам өмнө нь Хятадын Коммунист нам 150,000 цагаач Төвөд хүмүүсийн эрх мэдэл шилжих туршлагаас сургамж авч болно хэмээн хэлж байсан тухай дурдлаа. БНХАУ нь их гүрэн байх ёстой ч энэ нь цэргийн хүчээр айдас төрүүлэх бус олон улсын хамтын олон нийтийн хүндлэл хийгээд итгэлийг олж байж л боломжтой болно гэлээ. Тэрээр Хятадын 1.3 тэрбум иргэн бодит байдлыг мэдэх цензургүй болон гуйвуулагдаагүй мэдээлэлд үндэслэн өөрсдөө дүгнэлт хийх эрхтэй хэмээн хэлэв. Гэвч өөрчлөлт аажмаар өрнөх ёстой. Учир нь нэг шөнийн дотор өөрчлөгдвөл эмх замбараагүй байдал үүснэ гэдгийг онцлов.
Олон асуудал байхад хэрхэн энх тайвныг төлөвшүүлж болох тухай асуултад Дээрхийн гэгээн Далай лам дотоод хүч чадлыг хөгжүүлэх ёстой хэмээн зөвлөв. Өөрийн жишээг татан ийм хөгжлийг бий болгосноор асуудлууд түр зуурынх байж, харин сэтгэл дотор амар тайван байж чадна гэв. Тэрээр үүнийг далайн нөхцөл байдалтай зүйрлэж, гадарга дээр давалгаанаас болж их хөдөлгөөнтэй байвч гүн хэсэг нь тайван байдгийг дурдав.
Дээрхийн гэгээн Далай лам өнөөдрийн ярианаас хэрэгтэй зүйл олсон бол тэдгээрийг бодож үзэн хэрэгжүүлэхийг хичээгээрэй хэмээн хэлээд үгээ өндөрлөв. Танхимд байсан 12,000 гаруй хүн түүнийг суудлаасаа босон алга ташиж угтав.
Дээрхийн гэгээн Далай ламын айлчлалтай зэрэгцэн Файеттвилл хотод Төвөдтэй холбоотой хэд хэдэн арга хэмжээ болж байв. Өчигдөр түүнийг угтан авсан Файеттвилл хотын дарга Лайонелд Жордан хэвлэлд ярихдаа “Файеттвилл бол бүх хүнд үйлчилдэг, нээлттэй, олон янзын соёлыг хүлээн зөвшөөрсөн хот юм. Далай ламын итгэл үнэмшил манай хотын үнэт зүйлстэй нийцдэг” гэв. Хотын дарга Жордан энэ долоо хоногийг Төвөдийн долоо хоног, тавдугаар сарын 11-нийг Далай ламын өдөр болгон зарлажээ.
Файеттвилл дахь Арканзасын их сургууль нь Дээрхийн гэгээн XIV Далай лам энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд зочилсон зургаа дахь их сургууль болж байна. Дээрхийн гэгээн АНУ дахь айлчлалынхаа сүүлийн хөтөлбөрт оролцохоор Нью Жерси мужийн Ньюарк хотод хүрэлцэн очив.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун