Энэтхэг, Шинэ Дели хот. 2011 оны 4 дүгээр сарын 2 (indianexpress.com). Төвөдийн шашны тэргүүн Дээрхийн гэгээн XIV Далай ламын үзэж буйгаар олон зуун жилийн өв уламжлал тээсэн энэтхэг залуучууд энх тайван, хүч үл хэрэглэх үзлийг хадгалж, дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэхэд илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэх ёстой хэмээжээ.
Энэтхэгийн ардчилсан уламжлалыг магтан сайшаасан Дээрхийн гэгээн XIV Далай лам хэлэхдээ “Ардчиллын жинхэнэ утга учрыг энэ орон л түүнд ойлгуулсан бөгөөд Энэтхэгийн олон мянган жилийн турш сүлэлдэн ирсэн соёл иргэншлийн үр дүнд бий болсон баялаг уламжлалаа залуу үеийнхэн нь үргэлжлүүлэн авч явах хэрэгтэй” хэмээжээ.
"Хүч үл хэрэглэх үзэл, сүсэг бишрэлийн тал дээр энэтхэг хүмүүст хэлэх зүйл үгүй. Та бүхэн эдгээр ойлголтыг сүүлийн 2000 орчим жил ухамсарлан мэдсээр ирсэн улс билээ" хэмээн Дээрхийн гэгээн XIV Далай лам энд болсон “Энэтхэг дэх хүч үл хэрэглэх үзэл болоод сүсэг бишрэл” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр хэлсэн байна. Тус арга хэмжээ нь Энэтхэгийн ерөнхийлөгч асан Р.Венкатараманы мэндэлсний 100 жилийн ойд зориулсан цуврал үйл ажиллагааны нэгэн хэсэг байв.
Тэрбээр “Гэхдээ технологи, шинжлэх ухаанд ихээхэн сонирхолтой Энэтхэгийн залуу үеийнхэн өв уламжлалаа эргэн санах нь нэн чухал. Улсаа хөгжүүлээд зогсохгүй эдгээр уламжлалаа ч мөн хадгалаарай хэмээн уламжилъя” хэмээн айлдав.
Далай лам Энэтхэгийн анхны ерөнхий сайд Жавахарлал Нерутэй хийсэн уулзалтаа дурсан, “Нерутай санал зөрж байсан ч түүнийг бухимдуулалгүйгээр харилцаж байсан нь Энэтхэгийн эрүүл шүүмжлэлийн уламжлалыг харуулж байв” хэмээн онцолжээ.
“Аль 1950-иад онд Дели хот дахь уулзалтын үеэр Неру, бид хоёр зарим асуудал дээр санал зөрөлдсөн юм. Үүний дараа түүнтэй уулзахдаа би бага зэрэг айж байсан ч уулзаад ярихад тун энгийн хүн гэдгийг нь ухаарсан юм” хэмээн тэрээр дурсжээ.
Мөн “Би хятадын удирдагчид тийм байдаггүйг мэддэг болсон. Хятадын удирдлагуудтай есөн жил ажиллахдаа үүнийг ойлгосон юм. Мао Зэдун бол нэг төрлийн онцгой тохиолдол байсан боловч хожим нь түүний хэлж байсан үгс бодит байдал дээр хэрэгждэггүйг олж мэдсэн” хэмээн нэмж хэлэв.
Дээрхийн гэгээн XIV Далай лам Энэтхэгийн Ардчилсан Намын удирдагч Л.К.Адванийн “Энэтхэгт ардчилал амжилттай хэрэгжиж байгаагийн шалтгаан нь мянган жилийн түүхт шүүж тунгаах хийгээд шүүмжлэлт хандлагын уламжлалтай холбоотой” хэмээх үгийг эш татжээ.
“Энэ улс мянга мянган жилийн туршид өөр өөр үзэл санааг хөгжүүлж, буддизм, ислам, христ хийгээд хожим нь сикхизм зэрэг шашны философийг шингээж иржээ. Үндэсний түвшинд энэхүү уламжлал нь зуун зууны түүхтэй бөгөөд энэ л Энэтхэгийн жинхэнэ хүч юм” хэмээн айлдав.
Тэрбээр өөрийгөө “Эртний Энэтхэгийн гүн ухааны элч” хэмээгээд, Энэтхэгтэй харилцах харилцаагаа “багш шавийн” харилцаатай зүйрлэн тайлбарласан байна. Мөн энэтхэгчүүд уламжлалдаа буй энэрэх сэтгэл, хүч үл хэрэглэх үзэл санааг дэлхий нийтэд хүний түвшинд түгээхэд илүү идэвхтэй оролцох ёстойг уриалжээ.
Түүнчлэн Энэтхэгт түгээмэл тархаад буй авлигын асуудлыг шүүмжилсэн байна. “Энэ оронд ихэнх хүн шашин шүтдэг. Тэд маани уншиж, шүтээнд мөргөдөг ч боломж гарвал авлигад автчихдаг. Гэтэл шашин шүтдэг хүн үнэнч шударга байх ёстой шүү дээ”.
Мөн энэтхэгийн залуу үед хандан, нийгэмд нь оршсоор байгаа бугшсан асуудлууд болох “кастын систем, сүйт бүсгүйн хөрөнгө (инж), ялгаварлан гадуурхал” зэргийг арилгахад илүү анхаарахыг уриалжээ.
Дээрхийн гэгээн XIV Далай лам Энэтхэгийн гол мөрнүүд Хималайн мөсөн бүсээс эх авдгийг дурдаад, Төвөдийн өндөрлөг нь экологийн хувьд маш эмзэг бүс нутаг тул түүний доройтолд анхаарал хандуулахад Энэтхэг ч бас үүрэгтэй оролцох хэрэгтэйг мэдэгджээ.
“Томоохон байгалийн гамшиг бүр дэлхийн дулаарлаас үүдэлтэй бөгөөд үүнээс улбаалан нөхцөл байдал улам дордож буй нь тодорхой болж байна. Төвөдийн өндөрлөг нь экологийн хувьд маш эмзэг бүс нуьаг бөгөөд Умард Энэтхэгийн голууд энэ бүс дэх Хималайн мөсөн уулсаас эх ундарга авдаг билээ. Тиймээс та бүхэн энэ бүс нутгийн экологид анхаарал хандуулах үндэслэлтэй” хэмээгээд, сүүлийн жилүүдэд БНХАУ-ын засаг захиргаа ч тухайн бүс нутгийн экологийн нөхцөл байдалд мэдрэмжтэй хандах болсныг дурджээ.
Тэрээр эдийн засгийн хөгжил талаасаа Энэтхэг Хятадаас хоцрогдож байгаа ч ардчилал хийгээд эрх чөлөөний үнэт зүйлсээрээ дэлхийд илүү эерэг, үр нөлөөтэй үүрэг гүйцэтгэх чадвартай улс гэдгийг онцлов.
Дээрхийн гэгээн XIV Далай лам өнгөрсөн жил Бихар мужид хийсэн айлчлалаа мөн ерөнхий сайд Нитиш Кумартай уулзсан тухайгаа дурсав.
“Ерөнхий сайд Кумар тэрхүү арга хэмжээнд “Бурхны ивээлээр бид хөгжилд хүрч байна” гэхэд би “Бурхны ивээл нь зөвхөн чадвартай ерөнхий сайдын гар болоод үйлийн үрээр дамжин үйлчилдэг” гэж хэлсэн юм”.
Энэ үеэр Энэтхэгийн Усны нөөц болон Цөөнхийн асуудал хариуцсан сайд Салман Куршид Энэтхэгт хэдэн зуун жилийн туршид тэсвэр, хүлээцтэй байдлын соёл байсаар атал яагаад шашны бус “секуляризм” олонтоо маргаан дагуулж байдгийг гайхаж байгаагаа илэрхийлжээ.
“Секуляризм бол манай үндэсний мөн чанарын нэг хэсэг байсаар ирсэн. Гэтэл яагаад энэ ойлголт итгэлийг үл дагуулдаг вэ? Аз болоход шашны удирдагчид маань ард иргэдийг боловсролд хөтлөх үүрэг гүйцэтгэж байгаа ч тэдний зүтгэл улс төрч бидний ойлголтыг муутгах үйлдлийг зогсоох хүч хүрэхгүй л байна” гэж хэллээ.
Энэ үеэр Үндэсний Конгресс намын удирдагч П.А.Сангма Энэтхэгийн нийгэм, улс төр олон асуудалтай байсаар атал улс даяар крикетийн улайрал ноёлж байгааг хошигнон ярьжээ. “Манай Энэтхэг олон олон асуудалтай хэдий ч бол сүсэг бишрэлийн орон хэвээр… Ойрх Дорнодод хүмүүс гудамжинд тэмцсээр байна. Харин Энэтхэгт 2G, CWG, Швейцарийн банк гээд асуудлууд байсаар атал бид крикет үзээд сууж байна. Энэ хүлээцтэй байдал хэр удаан үргэлжлэх бол гэдэг нь гол асуулт болох юм. Улс төрч бидний сэрэх цаг болжээ” хэмээжээ.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун