АНУ, Калифорни муж, Лос Анжелес хот - Дээрхийн гэгээн XIV Далай лам 2011 оны 5 дугаар сарын 3-ны өглөө Лонг Бич хотод болох хөтөлбөрөө Гаадэн Шарзэ Түвдэн Даржээлин төвийн Удирдах зөвлөлийн гишүүд болон тус төвийн зарим бясалгагчтай уулзаж эхлүүлэв. Тэднийг Гаадэн Шарзэ хийдийн хамба Жангчүп Чойдэн ахалж байв.
Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам Калифорни мужийн Лонг Бич хотод Гаадэн Шарзэ Түвдэн Даржээлин төвийн гишүүдтэй уулзаж буй агшин. АНУ, Калифорни муж, Лонг Бич. 2011 оны 5 дугаар сарын 3. Гэрэл зургийг Ж.Хакерт.
Үүний дараа Дээрхийн гэгээн XIV Далай лам Лос Анжелес хот дахь Өмнөд Калифорнийн Их Сургуульд морилж, тус сургуулийн Шашны олон урсгалын Оюутны зөвлөлөөс зохион байгуулж, Далай лам сан (Dalai Lama Foundation), Ёс зүй, хувьсал шинэчлэлийн Далай ламын төв (Dalai Lama Center for Ethics and Transformative Values) хамтран хөтөлсөн “Шашингүй ёс зүй, хүний үнэт зүйл, нийгэм” сэдвээр олон нийтэд илтгэв.
Илтгэл их сургуулийн Гален төвд болж, сургуулийн Шашны амьдралын декан Варун Сони нээлтийн үгийг хэлэхдээ Дээрхийн гэгээн XIV Далай лам биеийн байдал тааруу байсан ч энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэнд талархаж буйгаа илэрхийлэв. Дээрхийн гэгээнийг Далай лам сангийн ерөнхийлөгч, Өмнөд Калифорнийн Их Сургуулийн Тархи, бүтээлч байдлын хүрээлэнгийн удирдах зөвлөлийн гишүүн доктор Жэймс Доти танилцуулсан юм.
Дээрхийн гэгээн XIV Далай лам эхлээд бие чилээрхсэнийхээ талаар ярив. Анх хоолой нь өвдөж, төвөд эм уусан ч тунг нь хэтрүүлсний улмаас зарим хүндрэл гарсан тухайгаа ярихдаа энэ бүгд өөрийнх нь буруу хэмээн хөгжилтэйгөөр ярив. Харин түүнээс хойш бие нь сайжирч, өөрийгөө сайн байгаа хэмээн мэдэрч байгаа бөгөөд ямар ч нөхцөлд тайван байж чаддаг учраас сайн унтаж амардаг хэмээв. Мөн урьд шөнө 10 цаг унтсан тухайгаа ч хэллээ.
Зураг. Лос Анжелес хот дахь Өмнөд Калифорнийн Их Сургуулийн танхим. Дээрхийн гэгээн XIV Далай лам “Шашингүй ёс зүй, хүний үнэт зүйл, нийгэм” сэдвээр илтгэж буй нь... АНУ, Калифорни муж, Лонг Бич. 2011 оны 5 дугаар сарын 3. Гэрэл зургийг Стив Коэн.
Дээрхийн гэгээн XIV Далай лам өөрийн туршлагаас үндэслэн сэтгэлийн тайван төлөвт байх нь маш чухал гэдгийг харж чадсанаа дурдав. Тэрбээр 16 настайдаа эрх чөлөөгөө алдсан (Тухайн үед Төвөдийн улс төрийн удирдлагыг хүлээн авсан хэрэг) бөгөөд 24 настайдаа эх орноо (1959 онд Хятад Төвөдийг бүрэн эзлэн авсан билээ) болон өөрт нь байсан жижиг нохойгоо ч алдсан тухайгаа ярив. Заримдаа Төвөдөөс эерэг мэдээ дуулддаг ч байдал ерөнхийдөө тун гунигтай хэвээр байна хэмээв. Ийм явдлын дунд ч тэрээр тайван сэтгэлийн байдлаа хадгалж иржээ.
Дээрхийн гэгээн XIV Далай лам “Мөнгө, нэр хүнд, эрх мэдэл, бие бялдрын хүч чухал боловч эцсийн эцэст хүний хөгжлийн үндэс нь дотоод хүч чадал билээ. Дотоод хүч чадал уур хилэнгээр бий болдоггүй юм” хэмээн айлдав.
Дараа нь хүний үнэт зүйлийг дэвшүүлэх, шашны эв нэгдлийг бэхжүүлэх өөрийн үүрэг амлалтуудынхаа талаар ярив. “Бүх хүн жаргалыг хүсдэг бас бүгд ижил эрхтэйгээр жаргалтай байх ёстой” хэмээв.
Дээрхийн гэгээн XIV Далай лам түүхэнд шашны гүйцэтгэсэн үүргийн талаар түүхийн туршид шашны нэрийн өмнөөс янз бүрийн зөрчил мөргөлдөөн гарч ирж байсныг дурдав. Харин үзэл суртлын ялгааг ашиглан мөргөлдөөн өдөөх нь туйлын буруу гэдгийг онцоллоо. Бүх шашны гол санаа, захиас нь нигүүлсэл, хайр, уучлалын дадлыг хэрэгжүүлэх явдал юм гэв.
Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам Өмнөд Калифорнийн Их Сургуульд илтгэл тавьж буй агшин. АНУ, Калифорни муж, Лонг Бич. 2011 оны 5 дугаар сарын 3. Гэрэл зургийг Стив Коэн.
Дээрхийн гэгээн XIV Далай лам хүн төрөлхтний нийтлэг зорилгыг аз жаргалтай хорвоо дэлхийг бүтээх явдал гэлээ. “Ийм жаргалтай ертөнц нь эрүүл нийгэмд суурилах бөгөөд эрүүл нийгэм нь эцсийн дүндээ эрүүл гэр бүл дээр, харин эрүүл гэр бүл нь хувь хүн дээр тулгуурладаг. Иймд хувь хүн өөрчлөгдөхгүй бол аз жаргалтай ертөнцийг бүтээх боломжгүй” хэмээн айлдав.
Тэрээр энэ зорилгод хүрэхэд шашин тус болдог ч дэлхий дээрх бодит байдлыг харгалзан шашныг хөндөхгүйгээр энэ зорилгод хүрэх арга замыг олох хэрэгтэй гэж үздэгээ илэрхийлэв. Иймээс шашингүй ёс зүй шаардлагатай гэв. Тэрбээр шашингүй үзлийн талаар өөрийнхөө ойлголтыг тодруулж, Энэтхэгт хэрэглэдэг утгыг тайлбарлаж байгаа бөгөөд Энэтхэгийн Үндсэн хуульд бүх шашныг хүндэтгэх тухай заасан байдгийг дурдав. Түүний зарим христийн шашинт найзууд нь шашингүй үзэл гэдгийг шашныг үл хүндэтгэх гэж ойлгодог ч уг тодорхойлттой санал нийлдэггүйгээ тайлбарлав. Энэтхэгийн нэг ерөнхий сайдын орлогч түүнд Энэтхэгийн шашингүй үзэл нь үл итгэгчдийг ч хүндэтгэхийн нэр хэмээн хэлж байсныг дурсав.
Дээрхийн гэгээн XIV Далай лам хүн төрөлхтөн шашингүй ёс зүйг суралцан хэрэгжүүлэх чадвартай бөгөөд энэ нь амьтдаас ялгаатай нь хүний оюун ухаан, тайван сэтгэлийг бий болгож чаддагтай холбоотой гэлээ. Тэрээр XVI Пап лам Бенедикт итгэл үнэмшил, оюун ухаан хоёр хамтдаа байх ёстойг хэлж байснаа дурдав. Мөн одоо дулаан сэтгэлийг хөгжүүлэх, гадаад хөгжил хоёрын уялдаа холбоог бий болгох чиг хандлага гарч ирж байгааг дурдав.
Зураг. Өмнөд Калифорнийн Их Сургуульд болсон Дээрхийн гэгээн XIV Далай ламын илтгэлийг сонсохоор хүрэлцэн ирсэн хүмүүс. АНУ, Калифорни муж, Лонг Бич. 2011 оны 5 дугаар сарын 3. Гэрэл зургийг Стив Коэн.
Дараа нь Дээрхийн гэгээн XIV Далай лам сонсогчдын асуултад хариулсан бөгөөд зарим хүн асуултаа цахимаар илгээсэн байв. Эхний асуулт нь түүний ёс зүйн үндэс болгон энэрэх сэтгэлийг онцолдогтой холбоотой байлаа. “Гэмт хэрэг үйлдэгчид энэрэх сэтгэлээр хандахаас илүү шударга ёсыг дагах нь чухал уу?” хэмээн асуулаа. Зарим хүн Осама Бин Ладены нас барсан мэдээг баяр болгон тэмдэглэсэн тухай дурдаад, “Ийм нөхцөлд энэрэх сэтгэл, ёс зүйн хувьд ямар байр суурь эзлэх вэ?” хэмээн лавлав. Дээрхийн гэгээн XIV Далай лам үйлдэл болон үйлдэгчийг ялган үзэх шаардлагатай хэмээн хариулав. “Бин Ладены үйлдэл маш аймшигтай сүйтгэлтэй байсан бөгөөд 9 дүгээр сарын 11-ний үйл явдалд мянга мянган хүн амь үрэгдсэн билээ. Тиймээс тэр шударга ёсны өмнө заавал хариуцлага хүлээх ёстой. Харин үйлдэгчийн хувьд бид энэрэх сэтгэлээр санаа тавих хандлагатай байх ёстой” хэмээн айлдав. Иймд ямар ч эсрэг арга хэмжээ авсан бай тэр нь энэрэх сэтгэлтэй байх ёстойг онцоллоо. Харин уучлалын дадлын үндсийг тайлбарлахдаа энэ нь болсон зүйлийг март гэсэн үг биш хэмээжээ.
Дээрхийн гэгээн XIV Далай лам мөн бусад хэд хэдэн асуултад хариулав. Нэгэн оюутан өөрийн зарчмуудаа хадгалж үлдэхийн зэрэгцээ оюутны зээлээ төлөх хийгээд өөрийн үзэл бодолд нийцэхгүй зарчмуудтай корпорацид ажиллан, амьжиргаагаа залгуулах бодит байдалтай хэрхэн зохицох талаар асуув. Энэ үед Дээрхийн гэгээн XIV Далай лам “Та өөрийнхөө эзэн” хэмээх Бурхан багшийн сургаалаас эш татан, шийдвэрээ өөрөө гаргах хэрэгтэй хэмээв.
Нэгэн хүн Дээрхийн гэгээнээс өмнө хийж байсан ямар нэгэн ёс зүйгүй үйлдлийг дурдаж чадах эсэх талаар нь асуухад тэрбээр “Шумуултай хэрхэн харьцаж байгаа минь л байна даа” хэмээн хошигнон хариулж, үзэгчдийг инээлгэв. “Хэрвээ хумхаа өвчний аюул байгаагүй сэн бол нэг, хоёр шумуул цусыг минь сорохыг тэвчиж чадах байлаа. Гэхдээ олуулаа байвал ч тэвчээр нь алдагдана шүү” хэмээн хошигнов.
Дээрхийн гэгээн XIV Далай лам боловсрол, ухамсрын чухлыг онцлон тэмдэглэснээр илтгэлээ өндөрлөв. Энэхүү илтгэлийг Өмнөд Калифорнийн Их Сургуулийн Шашны олон урсгалын Оюутны зөвлөл зохион байгуулж, Далай лам сан болон Массачусетсийн Технологийн Их Сургуулийн (MIT) Ёс зүй, хувьсал шинэчлэлийн Далай ламын төв (Dalai Lama Center for Ethics and Transformative Values) хамтран зохион байгуулав.
Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам Өмнөд Калифорнийн Их Сургуульд болсон өдрийн зоогийн үеэр үг хэлж буй нь... АНУ, Калифорни муж, Лонг Бич. 2011 оны 5 дугаар сарын 3. Гэрэл зургийг Дон Фарбер.
Шашны олон урсгалын Оюутны зөвлөлийн ерөнхийлөгч Сара Шахави энэ өдрийн арга хэмжээний үеэр “Өмнөд Калифорнийн Их Сургууль (USC)-ийн Шашны олон урсгалын Оюутны зөвлөл нь бидний дэмждэг шашны олон урсгалын үзэл болон шашин хоорондын хамтын ажиллагааны бэлгэдэл болсон Дээрхийн гэгээн XIV Далай ламыг хүндэтгэн хүлээн авч байгаадаа туйлын баяртай байна. Түүний айлчлал нь манай Өмнөд Калифорнийн Их Сургуулийн хамт олны бодлыг ихээхэн баяжуулж, шашин хоорондын яриа хэлэлцээ, нийгмийн хариуцлага, сэтгэл санаа, шинжлэх ухааны талаарх хэлэлцүүлгүүдийг улам бүр идэвхжүүлнэ хэмээн найдаж байна” гэжээ.
Дээрхийн гэгээн Далай лам үдийн зоогийн дараа хандивлагчдад хандан тэдний мөнгийг хэрхэн зарцуулж байгааг анхаарах нь чухал гэдгийг онцлон дурдав.
Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам хэлэлцүүлэг эхлэхээс өмнө сонсогчидтой мэндчилж буй нь... АНУ, Калифорни муж, Лонг Бич. 2011 оны 5 дугаар сарын 3. Гэрэл зургийг Стив Коэн.
Дараа нь тэрээр “Шашингүй ёс зүй: Гарал үүсэл, бүрэлдэхүүн хэсэг, тэдгээрийн нийгэм дэх үүрэг” сэдэвтэй хэлэлцүүлэгт оролцохоор их сургуулийн Удирдах зөвлөлийн танхимд очив. Хамтран оролцогчид нь Өмнөд Калифорнийн Их Сургуулийн Давид Дорнсайфийн нэрэмжит профессор, мэдрэл судлаач Антонио Дамасио, Өмнөд Калифорнийн Их Сургуулийн философи, эрх зүйн профессор Гидеон Яффе, Виржинийн Их Сургуулийн сэтгэл судлалын профессор Жонатан Хайдт, Калифорнийн Их Сургуулийн профессор Др. Дункан Уильямс (Японы буддизмын Шинжо Итогийн нэрэмжит шагналт) нар байв. Хэлэлцүүлгийг нэрт сэтгүүлч, зохиолч Пико Айер удирдан явуулсан юм. Тэрээр Далай ламын шинэ намтрыг бичсэн билээ.
Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам болон оролцогчид Өмнөд Калифорнийн Их Сургуульд хэлэлцүүлэг өрнүүлж буй нь... АНУ, Калифорни муж, Лонг Бич. 2011 оны 5 дугаар сарын 3. Гэрэл зургийг Дон Фарбер.
Хэлэлцүүлгээр хүний зан үйлд хувь хүн, шашин, шинжлэх ухаан ямар үүрэг гүйцэтгэдэг болоод эдгээрт шашингүй үзэл хэрхэн нийцдэг талаар хөндсөн юм. Дээрхийн гэгээн Далай лам өөрийн шашингүй ёс зүйн ойлголт нь хүний хөгжилтэй хэрхэн уялддаг талаар дэлгэрүүлэн ярив. Тэрбээр эрдэмтэдтэй мэдлэгээ өргөжүүлэх, шинжлэх ухааны мэдлэгээ бүтээлч болгоход ёс зүйн үүрэг ямар байхыг харах зорилготой харилцдаг хэмээжээ.
Тус хэлэлцүүлэгт 600 гаруй хүн оролцжээ. Энэ нь Дээрхийн гэгээн XIV Далай ламын Өмнөд Калифорнийн Их Сургуульд хийсэн анхны айлчлал билээ.
2011 оны 5 дугаар сарын 4-нд Дээрхийн гэгээн XIV Далай лам Амнести Интернэшнл байгууллагын “Shine A Light” шагналыг хүртэн, Калифорнийн Их Сургуульд хүний эрхийн талаарх гол илтгэлийг тавих болно.
Тэрбээр үдээс хойш Калифорнийн Их Сургуулийн Ирвайн салбарт зочилж, “Нигүүлсэл ба дэлхийн удирдлага” сэдвээр илтгэх юм.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун
https://www.dalailama.com/news...