АНУ, Техас муж, Даллас хот — 2011 оны 5 дугаар сарын 9-нд Дээрхийн гэгээн XIV Далай лам Миннеаполис хотоос Даллас хот руу айлчлалынхаа дараагийн хэсгийг үргэлжлүүлэхээр мордож, Өмнөд Методист Их Сургууль (Southern Methodist University)-аас хүндэт докторын зэрэг хүртэн ардчиллын талаар илтгэл тавив. Даллас дахь зочид буудалдаа хүрэлцэн ирэхэд нь төвөдийн асуудал хариуцсан АНУ-ын тусгай зохицуулагч асан Паула Добриански, Ерөнхийлөгч Жорж В. Бушийн үеэл Эльси Уокер болон олон улсын төвөдийг дэмжих кампанит ажлын ерөнхийлөгч Мэри Бет Маркей нар угтан авчээ.
Өдрийн хожуу Өмнөд Методист Их Сургууль (SMU)-д хүрэлцэн очиход их сургуулийн ерөнхийлөгч Жералд Тёрнер, дэд захирал Пол Ладден болон бусад албаны хүмүүс угтан авав. Эхлээд Дээрхийн гэгээн XIV Далай лам Даллас хотын 45 сургуулиас ирсэн 200 орчим сурагч оролцсон Хартын Дэлхийн Манлайлагчдын Форумын хүрээнд богинохон үг хэлсэн юм. Тэрээр эдгээр сурагчдад хүн төрөлхтөн үндсэн утгаараа адилхан бөгөөд бусад ялгаа нь хоёрдогч зүйл гэдгийг ойлгох нь чухал хэмээв. Дараа нь Дээрхийн гэгээн XIV Далай лам Өмнөд Методист Их Сургууль (SMU)-ийн удирдах зөвлөлийн гишүүн, АНУ-ын тэргүүн хатагтай асан Лаура Буштай богино хугацаанд уулзсан бөгөөд тэрээр хожмын олон нийтэд зориулсан илтгэлийг нь ч сонссон байна.
Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам Техас мужийн Даллас хотод болсон Өмнөд Методист Их Сургууль (SMU)-ийн 10 дахь удаагийн Хартын Дэлхийн Манлайлагчдын Форумын тайзан дээр их сургуулийн ерөнхийлөгч Р. Жералд Тёрнерийн хамт зогсон, Хүмүүнлэгийн ухааны хүндэт докторын зэргээ барин зогсож буй нь. АНУ, Техас муж, Даллас хот. 2011 оны 5 дугаар сарын 10. Гэрэл зургийг: Ройтерс
Хатагтай Линда В. Харт үг хэлснээр энэхүү арга хэмжээ эхэлсэн бөгөөд тэрээр нөхрийн хамтаар Хартын Дэлхийн Манлайлагчдын Форумыг санаачлан байгуулсан юм. Хатагтай Харт жил бүр оюутнуудад урам зориг өгч чадах илтгэгчдийг урьдаг бөгөөд энэ удаад Дээрхийн гэгээн XIV Далай ламыг урьснаар “дэлхийн манлайлагчдыг эрэлхийлэхдээ оргилд нь хүрсэн” байж магадгүй гэжээ.
Их сургуулийн ерөнхийлөгч Тёрнер үг хэлэхдээ Дээрхийн гэгээний энх тайван, хүч үл хэрэглэх, бүх нийтийн хариуцлага болон энэрэх сэтгэлийн талаарх захиасын тухай ярив. Тэрээр Дээрхийн гэгээн Далай лам нь дэлхийн хэмжээнд байгаль орчны асуудалд санаа зовниж байснаараа Нобелийн шагнал хүртсэн анхны хүн болсон хэмээн хэлэв. Мөн Тёрнер ерөнхийлөгч Дээрхийн гэгээнийг дэлхийн үе үеийн хүмүүст урам зориг өгсөөр ирсэн хүн хэмээн тодорхойлоод хүний үнэт зүйлийг дэмжих, шашин хоорондын эв нэгдлийг бэхжүүлэх хийгээд төвөдийн асуудлын шийдлийг олох гэсэн ийн гурван зорилтыг онцлон тэмдэглэв.
Үүний дараа ерөнхийлөгч Тёрнер, дэд захирал Ладден нар Дээрхийн гэгээн Далай ламд хүндэт докторын зэрэг хүртээв. Дэд захирал Ладден үг хэлэхдээ: “Хүндэт докторын зэрэг нь их сургуулийн үнэт зүйлсийг илэрхийлдэг. Бидний үүрэг бол дэлхийн өнцөг булан бүрээс насан туршдаа тууштай амжилт гаргаж, нөлөөллийн ажлаараа энэ их сургуулийн хамгийн дээд үнэт зүйлсийг төлөөлж чадах хүмүүсийг тодорхойлох явдал юм. Өнөөдөр бид төвөдийн шашны тэргүүн Дээрхийн гэгээн XIV Далай лам Дэнзин Гяцог хүндэтгэж байна. Гагцхүү үүнээс илүүтэйгээр Дээрхийн гэгээн бидэнд айлчилснаар биднийг мялаан гийгүүлж байна. Энэ онцгой хүнийг хүндэтгэснээр бид өөрсдийн байгууллага болон хувь хүний сахилга бат, бүтээлч, хүлээцтэй байдал, энэрэх сэтгэл хийгээд манлайлал зэрэг үнэт зүйлсийг түүний үлгэрлэлээр дамжуулан илэрхийлж байна” хэмээн хэлэв. Тэрээр энэхүү хүндэт докторын зэрэг нь Дээрхийн гэгээний энх тайван, энэрэх сэтгэл, шашин хоорондын ойлголцлыг дэмжихэд насан туршдаа үзүүлсэн нөлөөлөл манлайлалд зориулсан хэмээн онцлов. Шагналын бичигт: “Өмнөд Методист Их Сургууль, энэ бичгийг хүлээн авагч бүхэнд мэнд хүргэв: Дээрхийн гэгээн XIV Далай лам, Дэнзин Гяцо нь энэ байгууллагын эрх бүхий байгууллагуудаас тавьсан бүх шаардлагыг нэр төртэйгээр биелүүлсэн тул Өмнөд Методист Их Сургуулийн ерөнхийлөгч болон итгэмжлэгчид, багш нарын зөвлөлийн зөвлөмжийн дагуу хүмүүнлэгийн ухааны хүндэт докторын зэргийг (honoris causa) буюу уг зэрэгт хамаарах бүх эрх, хүндэтгэл, давуу эрхүүдийн хамт олгож байна. Энэ нь их сургуулийн үүсгэн байгуулагдсаны зуун жилийн ой тохиож буй 2011 оны тавдугаар сарын 9-ний өдөр олгогдов” хэмээжээ.
Дээрхийн гэгээн XIV Далай лам их сургуульд талархал илэрхийлснээр үгээ эхлүүллээ. Учир нь уг зэрэг чин сэтгэлийн халуун дулаан мэдрэмжийг дагуулж ирснийг онцгойлон баяртай байгаагаа хэлээд хүнд хэцүү цаг үе, их хариуцлагын дунд байгаа хүнд ийм урам зориг маш хэрэгтэй байдгийг онцлов. Мөн Дээрхийн гэгээн XIV Далай лам үзэгчдийн дунд хатагтай Лаура Буш байгааг дурдан баяр хүргэв.
Дээрхийн гэгээн бүх хүн адилхан бөгөөд шашин шүтлэг, арьс өнгө, хэл, соёл гэх мэт ялгаа нь хоёрдогч зүйл хэмээн хэлэв. Мөн бид эхийн хэвлийгээс төрөхдөө шашин, арьс өнгөний ямар ч ялгаагүй байдаг хэмээн тэмдэглэв.
Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам АНУ-ын Техас мужийн Даллас хотод болсон Өмнөд Методист Их Сургуулийн 10 дахь “Харт дэлхийн удирдагчдын чуулга уулзалт”-ын тайзан дээр орчуулагч Түвдэн Жинпагийн хамт үг хэлж буй нь. АНУ, Техас муж, Даллас хот. 2011 оны 5 дугаар сарын 10. Гэрэл зургийг: Ройтерс
Тэрээр бага наснаасаа л төвөдөд тогтнон байсан төрийн тогтолцоонд олон сул тал, шударга бус зүйл байгааг мэдэрдэг байсан хэмээн хэлэв. Шашин, төрийн хосгүй эрхийг хүлээн авсны дараа тэрээр шинэчлэл хийх санаачилга гаргаж, Шинэчлэлийн хороо байгуулсан байна. Гэвч Хятадын эрх баригчид шинэчлэлийг өөрсдийнхөөрөө хэрэгжүүлэхийг хүсэж байсан тул эдгээр шинэчлэлийг хэрэгжүүлэх боломжгүй болгосон хэмээн хэлэв. 1959 онд Энэтхэгт цөлөгдөн ирсний дараа Дээрхийн гэгээн Далай лам тэндэхийн эрх чөлөөг ашиглан шинэчлэлүүдийг хэрэгжүүлж, сонгуулиар дэвшин сонгогдсон улс төрийн удирдлагын тогтолцоог бий болгожээ.
Дээрхийн гэгээн XIV Далай лам үзэл суртлын хувьд ертөнц хүн төрөлхтөнд харьяалагддаг болохоос хаад эсвэл шашны удирдагчдад харьяалагддаггүй хэмээн хэлэв. Үүнтэй адил АНУ бол аль нэг намын биш, 300 сая Америк хүнд харьяалагдана. Гэвч бүх Америкчууд улс орныг удирдах боломжгүй тул “ард түмний төлөө, ард түмнээс сонгогдсон” төлөөлөгчдийн тогтолцоог бий болгосон хэмээн тэмдэглэв.
Дээрхийн гэгээн Далай лам төвөдийн нийгэм дэх өөрийн хэрэгжүүлсэн сонгуулийн шинэчлэлийн талаар ярив. Тэрээр шашин, төрийг тусгаарлахын ач холбогдлын талаар бусдад номлож байхдаа өөрөө шашны болон төрийн хос удирдлагын байр суурийг хашиж байгаа нь бага зэрэг хоёрдмол утга санаа бүхий мэт санагдсан тул эрх мэдлээ сонгогдон дэвшсэн төвөдийн удирдлагад шилжүүлэх алхам хийсэн бөгөөд “Би ардчилалд бүрэн дүүрнээр үнэнч” хэмээжээ.
Дээрхийн гэгээн Далай лам АНУ-ыг ардчилал, эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч улс хэмээн магтлаа. Тэрээр эдийн засгийн зарим асуудлаас болж сэтгэл мохохгүй байхыг харин зарчим, үнэт зүйлсдээ үнэнч үлдэхийг уриалав.
Тэрээр ардчилал утга учиртай байхын тулд удирдагчид зөвхөн сонгуулийн үеэр бус, аливаа бүхий л цаг үед шударга, ил тод, хариуцлагатай байх ёстойг онцлов.
АНУ ардчиллыг эдэлж байгаа хэдий ч дэлхийн олон бүс нутагт ардчилал огт байхгүй байгааг хэлээд энэ хүрээнд ерөнхийлөгч асан Жорж В. Буш дэлхийн хэмжээнд хийсэн хүчин чармайлтыг магтаж, түүний зорилго ардчилалд сайн байсан хэмээн хэлэв. Дээрхийн гэгээн Далай лам АНУ-ын давамгайллыг санал болгож байгаа биш, харин ардчилал, шашны эрх чөлөө зэргийг дэмжихийн төлөө гэдгээ тодотголоо. Энд Дээрхийн гэгээн АНУ-ын Засгийн газар болон Конгресст манай шударга тэмцлийг дэмжиж байгаад талархал илэрхийлэв.
Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам АНУ-ын Техас мужийн Даллас хотын Өмнөд Методист их сургуульд хүндэт докторын зэрэг хүртсэний дараа үзэгчдийн асуултад хариулж буй нь. АНУ, Техас муж, Даллас хот. 2011 оны 5 дугаар сарын 10. Гэрэл зургийг: AP
Оюутнуудад хандан Дээрхийн гэгээн Далай лам XXI зууныг аз жаргалтай, энх тайван, энэрэнгүй зуун болгох эсэх нь тэдний үеийнхний гарт байна хэмээлээ. Тэрээр тэдэнд онцгой ёс суртахууны үүрэг, тоглох роль байгаа хэмээн санууллаа. Оюутнууд үзэгдэх байдал болоод бодит байдлын хоорондын зөрүүг багасгахын тулд бүрэн цогц боловсрол эзэмших хэрэгтэй хэмээн зөвлөв. Мөн өрөвч сэтгэл, уучлал гэх мэт эерэг дотоод үнэт зүйлсийг бий болгох ёстойг дурдсан бөгөөд эдгээр нь шашны асуудал биш гэлээ. Хүн бүр дулаан сэтгэлтэй байж, шашны бус ёс зүйг хөгжүүлэх хэрэгтэй хэмээн хэлээд Энэтхэгт хэрэглэгддэг ойлголтын дагуу “шашин-улс төрийн” төвийг сахисан утгаар секуляризмын тухай тайлбарлав.
Дээрхийн гэгээн XIV Далай лам хүмүүсийг өөдрөг байх, хэзээ ч сэтгэл мохохгүй хийгээд гутранги байдалд автахгүй байхыг уриаллаа.
Илтгэлийн дараа Дээрхийн гэгээн Далай лам шууд үзэгчдээс ирсэн асуултад хариулав. Асуултуудын ихэнх нь оюутнуудаас ирсэн бөгөөд түүнээс Далай лам болсон түүхээс эхлээд дэлхийн хамгийн дуртай газар нь хаана вэ (тэрээр ганц газар гэж байхгүй, хайр өгсөн хэн бүхэн эцэг эх, аз жаргал авчирсан газар бүр гэр орон хэмээх нэгэн төвөд зүйр цэцэн үгээс эшлэв) болон төвөдийн ирээдүйг хэрхэн харж байгаа тухай асуултууд ирлээ. Дээрхийн гэгээн Далай лам БНХАУ-аас тусгаарлалгүйгээр төвөдийн асуудлыг шийдэх байр сууриа дахин илэрхийлэв. Тэрээр төвөд эдийн засгийн хувьд хоцрогдсон бөгөөд төвөдүүд орчин үеийн хөгжил хүсэж байгаа ч өөрийн хэл, баялаг соёл тээгч билээ. Хятадын Үндсэн хуульд ч үндэстнүүдэд автономит эрх олгохоор заасан байдаг хэмээлээ. Мөн дэлхий даяар тэр дундаа Хятадад өөрчлөлт гарч байгааг дурдав. 1954–55 онд Хятадад айлчлах үед олон хятад орос хэл сурахыг хүсэж, англи хэл сурах хүн цөөн байсан бол өнөөдөр олон хүн англи хэл сурч, орос хэлд шамдагч цөөрсөн болохыг хэлэв.
Дээрхийн гэгээн Далай лам өөдрөг үзэлтэй байгаагаа хэлээд, сүүлийн хоёр жилд хятадуудын дунд төвөдийн талаар түүний байр суурийг дэмжиж, Хятадын Засгийн газрыг шүүмжилсэн 1000 гаруй өгүүлэл хэвлэгдсэнийг онцоллоо.
Ардчиллыг сурталчлах нь соёлын империализмтай хэрхэн нийцэх вэ гэсэн асуултад тэрээр ардчилал бол бүх нийтийн үнэт зүйл бөгөөд АНУ-ын өмч биш хэмээн хариулав. Хэрэв улс орон хүчтэй соёлтой бол соёлын империализмын аюулд өртөхгүй. Харин соёл суларч, битүүмжилсэн орон зай үүсэх үед л аюул гардаг бөгөөд үүний нэгэн жишээ нь Соёлын хувьсгалын дараах Хятад улс юм гэлээ.
Дээрхийн гэгээн Далай лам ардчилалыг бүх нийтэд зориулагдсан гэдгийг батлахын тулд буддын шашинтай олон нийт дунд буюу Энэтхэг, Япон, Тайваньд байгаа ардчиллын жишээг дурдав.
Энэхүү яриаг 2,500 гаруй хүн сонссон бөгөөд их сургууль олон нийтийн тасалбар өндөр эрэлттэй байсан тул бүгд зарагдаж дууссан тухай мэдэгджээ.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун