Энэтхэг улс, Химачал Прадеш муж, Дарамсала хот. Энэ өглөө тэнгэр цэлмэг, наран хурцаар ээж, ардхан сүндэрлэх Дауладхарын нурууны оргил шинэхэн цасанд хучигдсан байлаа. Энэ үеэр Дээрхийн гэгээн XIV Далай насны бүтээлийн айлтгал өргөх ёслолд оролцохоор Намжил дацангийн Зүглагхан дуганд морилж байлаа.
Өргөөний дэргэд насны бүтээлийн өргөл барьж буй Норбулинга хүрээлэн, Төвөдийн урлагийн Дээд сургууль (TIPA), Балба дахь Төвөд Лхамогийн холбооны төлөөлөгчид Дээрхийн гэгээнийг угтан авч, мэндчилгээ дэвшүүлэв.

Дээрхийн гэгээн талбайн захад морилон ирээд, гольфын тэрэгнээсээ бууж, сүм рүү алхав. Энэ үед талбайд Бат оршил өргөх ёслолд оролцохоор 5000 орчим хүн цугласан байлаа. Мөн урт нас, эрүүл энх, аз жаргалыг бэлгэддэг Даши Шөпа бүжигчид болоод цасны арслан, сарлагийн дүрд хувирсан бүжигчид түүнийг угтан авлаа. Тэд дуучдын уянгалаг аялгуу, бөмбөрийн нүргээнд бүжин, Дээрхийн гэгээнд хүндэтгэл үзүүлжээ. Дээр байрлуулсан халхавчнаас өнгө алагласан үзэсгэлэнт цэцгэн хэлхээ унжуулж, талбайн голоор дэвссэн улаан хивс, улаан даавуун дээр дүрсэлсэн өлзий дэмбэрлийн олон бэлгэдлээр чимэглэсэн байв.
Дээрхийн гэгээнийг дагалдан яваа лам нар бүрээ татаж, Төвөдийн урлагийн Дээд сургуулийн (TIPA) уран бүтээлчид дуу хуур, бүжгээр угтан мэндчилэв. Дээрхийн гэгээн сүмийн үүдэнд хүрээд, түр саатан, эрч хүчтэй бүжиж байсан бүжигчдийн тоглолтыг таалан соёрхлоо. Далай ламыг сүмд морилон, сэнтийдээ залрах хүртэл TIPA-ийн уран бүтээлчид дуу хуур, бүжгээ үргэлжлүүлсээр байв.
Өнөөдрийн Бат оршлыг Лин ринбүүчи тэргүүлж, түүний баруун гар талд Намжил дацангийн хамба гэвш Лувсансамдан, зүүн талд Дорж, ловон Лувсандаржаа тэргүүт залран суужээ.

Өнөөдрийн насны бүтээлийн зан үйл нь V Далай ламын зохиосон “Аюуш бурхны зан үйл - Ариун мөн чанарыг хураахуй” хэмээх номд үндэслэжээ. Тэрээр V Далай лам нь Аюуш бурхны дүрээр заларсан Гүрү Бадмасамбава бурхныг зүүдээр үзсэн үзэгдлийн дараа энэхүү зан үйлийг зохиосон гэдэг.
Энэ үеэр Гүрү ринбүүчийн найман дүр болон Ханд Иш Цожэл тэргүүтийг урин залж, тахил өргөв. Гурван эрдэнэд магтаал өргөсний дараа “Рашааны адислалын үүлэн” хэмээх ерөөлийг уншлаа. Энэхүү ерөөлд Дээрхийн гэгээний өмнөх дүрүүдийн эрхэм дээд төрөл, Энэтхэгт тодорсон 36 төрөл болоод Төвөдөд тодорсон бусад төрөл мөн Цастын орныг анх захирч байсан хаадын угсаа гарвалыг дурсан өгүүлдэг байна. Дээрхийн гэгээнд зориулсан ерөөлүүдээс дурдвал:
“Такцэр нутагт гайхамшигт заяагаар мэндэлсэн танд
Шридэви (Балдан Лхам) бурханы айлдсан бошгийн дагуу
Гүрү Манзушри (Богд Зонхов) багшийн мэндэлсэн газрын ойролцоо
Амдо нутагт, угсаа сайт гэр бүлд мэндэлсэн танд залбиръя.
Гагцхүү та ялгуусан бурхдын төгс үйлсийг бүтээж чадна
Бурхны шашны бүхий л сургаал номлолыг ялгалгүйгээр
Өөртөө багтаан барих, хадгалах, дэлгэрүүлэх хүч чадалтай билээ
Манзушир бурхны айлдварын эрхэм эзэн Жамбал Нагги Ванбу танд залбиръя.
Эрдэм ном, ухаан билгээрээ та зургаан чимэг, хоёр дээдэстэй эн зэрэгцэнэ.
Лам хуврагийн сахил санваарыг эрхэмлэн сахихуйн хувьд Архат Упали лугаа адил,
Төгс үйлсээрээ ялгуусан Зонхов багшийн биеэр оршсон мэт
Гайхамшигт оюун билигт Лувсан Иш танд залбиръя.
Хүчирхийлэлгүй зам мөрийг энэрэн нигүүлсэхүйгээр дэлгэрүүлсний тань төлөө
Та энх тайвны хамгийн дээд шагналуудыг хүртсэн билээ
Дэлхий дахинаа хүндлэгдсэн, цаглашгүй цагийн хүрдэн Дүйнхорын биеэр оршсон мэт
Номын далай Данзанжамц хэмээх эрдэнэ танд залбиръя.
Залбирлын үеэр оролцогчдод цай, амтат будаа барьжээ. Үүний дараа саад тотгорыг зайлуулах, номын дамжлагын багш нарт залбирах, насны бүтээлийн эд тэргүүт болоод балин тахилыг адислах, Аюуш бурхныг сэтгэлдээ урин залж бясалгах, тахилыг адислах тэргүүт үйлийг гүйцэтгэв. Мөн V Далай ламын ойрын нөхөр, хамтран зүтгэгч Тэрдаг Линбагийн зүүднээс уламжилсан таван аймгийн дагинасын төөрөгдлийг зайлуулах үйлийг үйлджээ.
Ийнхүү Дээрхийн гэгээний эрхэм чанар, гэгээн үйлсийг магтан өгүүлээд, “Та бат оршиж, насны лагшин тань өнө удаан байх болтугай” хэмээн төгсгөдөг аж

Мөн Дээрхийн гэгээн XIV Далай ламд Шар Ямандаг бурхны хатгамал танка, Цагаан Дар эхийн сэрэг дүрийг өргөн барив. Төвөдийн урлагийн Дээд сургуулийн уран бүтээлчид Дээрхийн гэгээнийг урт удаан наслахыг ерөөсөн дууг өргөн барьсны дараа Далай ламын мэлмий гийсний 90 насны ойд зориулан зохиосон өөр нэгэн дууг дууллаа. Харин Балбын “Төвөд Лхамо” холбооны уран бүтээлчид байгууллагынхаа 50 жилийн ойд зориулсан дуугаа өргөжээ.

Гүрү Бадмасамбавад зориулсан ерөөл залбирлын дараа Дээрхийн гэгээний 1970-аад оны эхээр зохиосон “Төвөдийн сахиус, хамгаалагч бурхдын үйлс бүтээхийг айлтгахуй” хэмээх залбирлыг уншив. Энэхүү залбирал дараах ерөөлөөр төгсдөг билээ.
Цастын орныг хамгаалагчийн насны хутгийг уртасгаж
Номын сургаалыг эрхэмлэн дээдлэгч дээдсийн насны лагшинг бататган
Огторгуй мэт хязгааргүй амьтан хийгээд номын сургаалыг
Амар амгалангаар дэлгэрүүлэн бадрааж
Хүсэл бүхэн аяндаа биелэх болтугай.
Дээрхийн гэгээний насан урт удаан байхын тухай айлтгалыг хүлээн авсанд талархал илэрхийлж, гэгээрсэн бурхдын лагшин, таалал, зарлигийн бэлгэдэл тэргүүтийн хамт талархлын мандал өргөв. Ёслолын төгсгөлд Дээрхийн гэгээний зохионгуй “Мэргэн билигтний үнэний аялгуу - Бурхны шашны харш бус, олон урсгалт сургаал дэлгэрэн бадрахын ерөөл” хэмээх номыг уншив. Энэхүү ерөөлийн шүлэгт “Цастын оронд бурхны шашны сургаал өнө удаан дэлгэрэн бадрах болтугай!” хэмээх мөрөөр төгсдөг билээ.
Ерөөлийн төгсгөл хэсэгт Дээрхийн гэгээн ийнхүү айлджээ.
Бүхий л ертөнц даяар дайн дажин, мөргөлдөөн, өлсгөлөн
Муу бодол санаа, буруу үйлдэл бүгд бүрмөсөн арилж
Нэр нь хүртэл дахин сонсогдохгүй байх болтугай
Хамаг амьтны сэтгэл хайр энэрлээр бялхах болтугай
Орчин тойрон болон хамаг амьтны дунд буянт сайн шинж тэмдгүүд арвижих болтугай
Аз жаргал, сайн сайхны далай огторгуйн хязгаар бүхнийг дүүргэх болтугай
Товчхондоо огторгуй оршсоор байгаа цагт
Амьтны ертөнцөд зовлон оршсоор байгаа цагт
Тэдэнд тус дэм, аз жаргал авчрахын тулд
Би ч мөн оршсоор байг
Шууд болон шууд бусаар
Боломжтой бүхий л аргаар тэдэнд туслан тэтгэсээр байг.
Үүний дараа “Үнэний үгсийн ерөөл”-ийг уншиж, Самандабадрын ерөөлийн шүлгүүдийг айлдсанаар насны бүтээлийн ёслол өндөрлөв.

Дээрхийн гэгээн дуганы талбайгаар гольфын тэргээр зорчихдоо цугласан олны зүг инээмсэглэн, баяр хөөртэйгөөр гараа даллан, түүнийг харахыг тэсэн ядан хүлээж байсан сүсэгтэн олонтой халуун дотноор мэндчилэв.










