Хүндэт дарга, парламентын эрхэм гишүүд, хатагтай, ноёд оо, өнөөдөр та бүхний өмнө үг хэлэх нь миний хувьд нэр төрийн хэрэг бөгөөд намайг урьсанд талархаж байна. Би хаана ч очсон сайхан сэтгэл зэрэг хүмүүнлэг үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхийг гол зорилго, үүргээ гэж үздэг. Хүн сайхан сэтгэлтэй байх нь хувь хүн, гэр бүл, хамт олны түвшинд аз жаргалтай амьдрахын гол үндэс гэж би боддог. Гэвч өнөөгийн нийгэмд сэтгэлийн эдгээр үнэт зүйлд хангалттай анхаарал хандуулахгүй байгаа мэт санагддаг. Тиймээс тэдгээрийг түгээн дэлгэрүүлэх нь миний нэн тэргүүний үүрэг юм.
Миний хоёр дахь зорилго бол шашин хоорондын эв найрамдлыг дэмжих явдал юм. Бид улс төр, ардчилсан нийгэмд олон ургалч үзэл хэрэгтэйг хүлээн зөвшөөрдөг атлаа шашин шүтлэг, итгэл үнэмшлийн олон янз байдлыг хүлээн зөвшөөрөхдөө төдийлөн нээлттэй ханддаггүй. Дэлхийн томоохон шашны уламжлалууд үзэл баримтлал, гүн ухааны хувьд ялгаатай ч хайр, энэрэнгүй сэтгэл, хүлцэн тэвчихүй, сэтгэл хангалуун байх, өөрийгөө захирах тухай ижил төстэй сургаалыг түгээдэг. Мөн хүнийг илүү аз жаргалтай амьдрахад туслах боломжтой гэдгээрээ адил юм. Иймээс эдгээр хоёр чиглэл нь миний гол зорилго, үүрэг билээ.
Мэдээж Төвөдийн асуудал миний хувьд онцгой чухал. Төвөдийн түүхэн дэх энэ хүнд хэцүү үед надад итгэл найдвараа хүлээлгэсээр буй төвөд ард түмнийхээ өмнө би онцгой үүрэг хариуцлага хүлээдэг. Тэдний сайн сайхны төлөө санаа тавих нь миний үйл хэргийн байнгын хөдөлгөгч хүч юм. Би өөрийгөө хилийн чанадад дүрвэн амьдарч буй, тэдний өмнөөс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадах төлөөлөгч гэж үздэг.
Би хамгийн сүүлд 2001 оны 10 дугаар сарын 24-нд Европын парламентад үг хэлэх завшаан тохиоход “Төвөдөд тодорхой хэмжээний хөгжил, эдийн засгийн ахиц дэвшил гарсан ч оршин тогтнох эсэхтэй нь холбоотой суурь асуудлууд тулгарсаар байна. Хүний эрхийн ноцтой зөрчил Төвөд даяар түгээмэл бөгөөд ихэнхдээ үндэс угсаа, соёлоор ялгаварлан гадуурхах бодлогын үр дагавар болж байна. Гэвч эдгээр зөрчил нь илүү гүнзгий асуудлын илрэл, үр дагавар төдий юм. Хятадын эрх баригчид Төвөдийн өвөрмөц соёл, шашныг салан тусгаарлах аюулын эх сурвалж гэж үздэг. Үүний улмаас тэдний зориуд хэрэгжүүлж буй бодлого нь өвөрмөц соёл, үндэсний онцлог бүхий бүхэл бүтэн ард түмнийг мөхлийн аюулд хүргэж байна” хэмээн мэдэгдсэн билээ.
Энэ оны 3 дугаар сараас хойш Төвөдийн өндөрлөг даяар нийгмийн бүхий л давхаргын төвөдүүд Хятадын эрх баригчдын дарангуйлал, ялгаварлан гадуурхалтын бодлогыг эсэргүүцэн жагссан. Чолха-Сүм хэмээн нэрлэдэг Төвөдийн гурван нутаг болох Үй-Цан, Хам, Амдогийн өнцөг булан бүрээс хөгшин, залуу, эрэгтэй, эмэгтэй, лам хувраг, энгийн иргэд, шашин шүтдэг болон шүтдэггүй хүмүүс, тэр дундаа сурагч, оюутнууд нэгдэн тэмцсэн юм. Тэд амь насанд нь ноцтой аюул учирч болзошгүйг бүрэн ухамсарласан атлаа өөрсдийн санаачилгаар зоригтой нэгдэж, Хятадын Засгийн газрын бодлогоос үүдэлтэй зовлон шаналал, дургүйцэл, зүй ёсны гомдлоо илэрхийлсэн.
Эдгээр үйл явдлын үеэр төвөд, хятад хүмүүсийн амь эрсэдсэнд гүнээ харамсаж, хүч хэрэглэхээс зайлсхийж, биеэ барихыг хятадын эрх баригчдад даруй уриалсан. Гэвч хятадын эрх баригчид Төвөдөд өрнөсөн үйл явдлыг намайг зохион байгуулсан хэмээн буруутгасан учраас энэ асуудлыг хараат бус, нэр хүнд бүхий олон улсын байгууллагаар нарийвчлан шалгуулахыг би удаа дараа хүссэн. Тэднийг Энэтхэгийн Дарамсала хотод хүрэлцэн ирж шалгалт хийхийг ч урьсан. Хэрэв Хятадын Засгийн газарт ийм ноцтой буруутгалыг нотлох баримт байгаа бол түүнийгээ дэлхий нийтэд ил болгох ёстой.
Харамсалтай нь дэлхийн олон удирдагч, төрийн бус байгууллага, олон улсад нэр хүндтэй хүмүүс хүчирхийллээс зайлсхийж, биеэ барихыг уриалсан ч хятадын эрх баригчид Төвөдийн нөхцөл байдалд харгис хүч хэрэглэн хариу арга хэмжээ авсан. Үүний улмаас олон төвөд хүн амь үрэгдэж, олон мянган хүн шархдан, баривчлагджээ. Хувь заяа нь өнөө хэр тодорхойгүй хүмүүс ч олон байна.
Би яг одоо та бүхний өмнө үг хэлж буй энэ мөчид ч Төвөдийн олон нутагт зэвсэгт цагдаа, цэргийн хүч ихээр байрлаж байна. Олон газар албан ёсоор зарлаагүй ч бодит байдал дээр цэргийн онц дэглэм тогтоосонтой адил нөхцөлд төвөдүүд амьдарсаар байна. Айдас түгшүүр, сүрдүүлэг хаа сайгүй ноёрхож, Төвөдөд амьдарч буй хүмүүс дараагийн баривчлагдах хүн нь өөрсдөө байх вий гэсэн байнгын айдастай байна. Төвөдийн олон нутагт олон улсын ажиглагчид, сэтгүүлчид, тэр ч байтугай жуулчдыг хүртэл нэвтрүүлэхгүй байгаа тул тэндхийн ард түмний хувь заяанд би гүнээ санаа зовниж байна. Одоогоор Хятадын эрх баригчид Төвөдөд гаднын хяналтгүйгээр хүссэнээ хийх боломжтой болжээ. Төвөдийн ард түмний сэтгэл санаа, зориг тэвчээрийг бүрмөсөн мохоох зорилготой цаазын ял оноосонтой адил нөхцөл байдал үүсээд байна.
Төвөдийн асуудлыг яриа хэлэлцээний замаар, хоёр талд хүлээн зөвшөөрөгдөх шийдэлд хүргэхийн төлөө би тууштай хүчин чармайлт гаргаж ирснийг Европын парламентын эрхэм гишүүдийн олонх нь сайн мэднэ. Энэ зорилгынхоо хүрээнд би 1988 онд Страсбург хотод болсон Европын парламентын хуралдаанд Төвөдийг Хятадаас салгах, тусгаар тогтнуулахыг шаардаагүй, харин хэлэлцээ хийх тухай албан ёсны санал дэвшүүлсэн юм. Түүнээс хойш Хятадын Засгийн газартай тогтоосон бидний харилцаа олон удаагийн ээдрээ, өөрчлөлтийг туулсан.
Бараг 10 жил тасарсны эцэст бид 2002 онд хятадын удирдлагатай шууд харилцаагаа сэргээсэн. Түүнээс хойш миний элч нар хятадын удирдлагын төлөөлөгчидтэй өргөн хүрээтэй хэлэлцээ хийж, төвөд ард түмний хүсэл эрмэлзлийг тодорхой илэрхийлж ирсэн юм. Миний баримталдаг “Төв үзэл”-ийн бодлогын гол агуулга нь БНХАУ-ын Үндсэн хуулийн хүрээнд төвөд ард түмэн жинхэнэ өөртөө засах эрх эдлэх нөхцөлийг хангахад оршдог.
Энэ оны 7 дугаар сарын 1, 2-нд Бээжин хотод болсон долоо дахь удаагийн хэлэлцээний үеэр Хятадын тал жинхэнэ өөртөө засах эрхийг ямар хэлбэрээр хэрэгжүүлж болох талаар саналаа танилцуулахыг биднээс хүссэн. Үүний дагуу бид 2008 оны 10 дугаар сарын 31-нд “Төвөд ард түмний жинхэнэ өөртөө засах эрхийн тухай санамж бичиг”-ийг Хятадын удирдлагад хүргүүлсэн юм.
Уг санамж бичигт жинхэнэ өөртөө засах эрхийн талаарх бидний байр суурь, мөн төвөд үндэстний өөртөө засах болон өөрийгөө удирдах үндсэн хэрэгцээг хэрхэн хангаж болох талаар тодорхой тусгасан. Бид Төвөдөд тулгамдаж буй бодит асуудлыг шийдвэрлэхийн төлөө чин сэтгэлээсээ хүчин чармайлт гаргах цорын ганц зорилгоор эдгээр саналыг дэвшүүлсэн. Хэрэв хоёр талд сайн санаа, хүсэл эрмэлзэл байвал санамж бичигт дурдсан саналуудыг хэрэгжүүлэх боломжтой гэдэгт бид итгэлтэй байсан юм.
Харамсалтай нь хятадын тал бидний санамж бичгийг бүхэлд нь няцааж, дэвшүүлсэн саналуудыг “хагас тусгаар тогтнол”, “далд хэлбэрийн тусгаар тогтнол”-д хүрэх оролдлого хэмээн нэрлэж, хүлээн авах боломжгүй гэж мэдэгдсэн. Түүгээр ч зогсохгүй биднийг “угсаатны цэвэрлэгээ” хийхийг оролдож байна хэмээн буруутгажээ. Учир нь манай санамж бичигт өөртөө засах бүс нутгууд “БНХАУ-ын бусад хэсгээс төвөд нутагт шилжин ирэх хүсэлтэй хүмүүсийн оршин суух, суурьших, хөдөлмөр эрхлэх болон эдийн засгийн үйл ажиллагааг зохицуулах” эрхтэй байхыг хүлээн зөвшөөрөх санал тусгасан юм.
Бид төвөд бус хүмүүсийг хөөн гаргах зорилгогүй гэдгээ санамж бичигтээ тодорхой дурдсан. Харин гол төлөв хань үндэстэн, түүнчлэн бусад зарим үндэстний иргэдийг Төвөдийн олон нутагт зориудаар, олноор нь шилжүүлэн суурьшуулж байгаад санаа зовниж байна. Ийм шилжилт хөдөлгөөн нь уугуул төвөд иргэдийг өөрсдийн нутагт шахагдан гадуурхагдах нөхцөлд хүргэж, Төвөдийн эмзэг байгаль орчинд ч аюул учруулж байгаа юм.
Олныг хамарсан шилжилт хөдөлгөөнөөс үүдэх хүн ам зүйн томоохон өөрчлөлт нь төвөд үндэстнийг өөрийн өвөрмөц онцлогийг хадгалсан хэвээр БНХАУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэх бус, харин уусган шингээхэд хүргэнэ. Улмаар төвөд ард түмний өвөрмөц соёл, үндэсний онцлог аажмаар үгүй болох аюултай.
БНХАУ-ын Манжуур, Өвөр Монгол, Зүүн Туркестаны ард түмний жишээ нь давамгайлагч хань үндэстний хүн амыг олноор нь шилжүүлэн суурьшуулах нь цөөнх үндэстнүүдэд ямар хор хөнөөл учруулж болохыг тодорхой харуулж байна. Өнөөдөр манж ард түмний хэл, бичиг, соёл мөхсөн. Өвөр Монголын нийт 24 сая хүн амын ердөө 20% нь уугуул монголчууд байна.
Хятадын хатуу байр суурь баримталдаг зарим албан тушаалтан үүнийг үгүйсгэж байгаа ч та бүхэнд тараасан санамж бичгийн хуулбарыг үзвэл бид БНХАУ-ын бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын талаарх Хятадын Засгийн газрын санаа зовнилыг чин сэтгэлээсээ харгалзан үзсэн нь тодорхой харагдана. Санамж бичгийн агуулга өөрөө үүнийг хангалттай тайлбарлаж байгаа. Та бүхний санал, зөвлөмжийг би талархан хүлээн авах болно.
Энэ завшааныг ашиглан Европын Холбоо, Европын парламентад хандан уриалахыг хүсэж байна. Та бүхэн дипломат нөлөө, зуучлах боломжоо бүрэн ашиглаж, төвөд, хятад ард түмний нийтлэг сайн сайхны төлөө Төвөдийн асуудлыг чин шударга хэлэлцээний замаар шийдвэрлэхэд Хятадын удирдлагыг ятгахын тулд бүхий л хүчин чармайлтаа гаргана уу.
Би тэмцлийн арга хэрэгсэл болгон хүчирхийлэл хэрэглэхийг тууштай эсэргүүцдэг. Гэхдээ энэ нь бидэнд боломжтой улс төрийн бусад арга замыг судлах эрх байхгүй гэсэн үг биш. Ардчиллын зарчмыг баримтлан би төвөд ард түмний өнөөгийн нөхцөл байдал, Төвөдийн асуудал болон бидний хөдөлгөөний цаашдын чиглэлийг хэлэлцэхээр хилийн чанадад амьдарч буй төвөдүүдийн тусгай уулзалтыг зарласан юм. Уг уулзалт 2008 оны 11 дүгээр сарын 17-22-ны өдөр Энэтхэгийн Дарамсала хотод боллоо.
Хятадын удирдлага бидний санаачилгад нааштай хариу өгөөгүй нь тус улсын Засгийн газар хоёр талд хүлээн зөвшөөрөгдөх ямар ч шийдэлд хүрэх сонирхолгүй байна гэсэн олон төвөд хүний хардлагыг улам бататгасан. Хятадын удирдлага Төвөдийг хүчээр бүрэн уусган шингээхээр шийдсэн гэж олон төвөд хүн үзсээр байна. Тиймээс тэд Төвөдийг бүрэн тусгаар тогтнуулахыг шаардаж байгаа юм. Харин зарим нь өөрийн хувь заяаг өөрөө шийдэх эрхийг хэрэгжүүлж, Төвөдөд бүх нийтийн санал асуулга явуулахыг дэмждэг.
Ийм өөр өөр байр суурьтай байсан ч тусгай уулзалтад оролцсон төлөөлөгчид Төвөд, Хятад болон дэлхий дахины нөхцөл байдал, өрнөж буй өөрчлөлтийг харгалзан цаашид баримтлах хамгийн оновчтой арга замыг сонгох эрхийг надад олгохоор санал нэгтэй шийдсэн. Би дэлхийн өнцөг булан бүрийн төвөд нийгэмлэгүүдээс ирсэн 600 орчим удирдагч, төлөөлөгчийн гаргасан саналуудыг судална. Мөн Төвөдөд амьдарч буй нийгмийн янз бүрийн бүлгийн төвөдүүдээс авч чадсан санал бодлыг ч харгалзан үзнэ.
Би ардчилалд тууштай итгэдэг. Тиймээс хилийн чанадад дүрвэн амьдарч буй төвөдүүдийг ардчилсан үйл явцыг дагаж мөрдөхийг үргэлж дэмжиж ирсэн. Өнөөдөр төвөд дүрвэгсдийн нийгэмлэг нь хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх засаглалын байгууллага гэсэн ардчиллын гурван тулгуурыг бүрдүүлж чадсан цөөн дүрвэгсдийн нийгэмлэгийн нэг байж болох юм. Мөн 2001 онд Хилийн чанад дахь Төвөдийн төв захиргааны Гашаг буюу сайд нарын танхимын тэргүүнийг бүх нийтийн санал хураалтаар сонгосон нь ардчиллыг хөгжүүлэх үйл явцад хийсэн бас нэг том алхам болсон.
Эцсийн дүндээ Төвөдийн ирээдүйг төвөд ард түмэн өөрсдөө шийдэх эрхтэй байх ёстой гэж би үргэлж үзэж ирсэн. Энэтхэгийн анхны Ерөнхий сайд Пандит Неру 1950 оны 12 дугаар сарын 7-нд Энэтхэгийн парламентад хэлэхдээ “Төвөдийн асуудлаар эцсийн шийдвэрийг төвөд ард түмэн өөрсдөө гаргах ёстой. Өөр хэн ч биш” хэмээн мэдэгдсэн билээ.
Төвөдийн асуудлын цар хүрээ, үр дагавар нь 6 сая төвөд хүний хувь заяанаас хавьгүй өргөн юм. Төвөд нь Энэтхэг, Хятад хоёр улсын дунд оршдог. Олон зууны турш Төвөд дэлхийн хамгийн олон хүн амтай энэ хоёр улсыг тусгаарласан энх тайвны жийрэг бүс байсаар ирсэн. Гэвч “Төвөдийг энх тайвнаар чөлөөлсөн” гэгчээс хэдхэн жилийн дараа буюу 1962 онд Азийн энэ хоёр их гүрэн анх удаа хоорондоо дайтахыг дэлхий нийт харсан.
Энэ нь Азийн хамгийн хүчирхэг хоёр улсын хооронд жинхэнэ, урт хугацааны итгэлцэл, найрсаг харилцаа тогтооход Төвөдийн асуудлыг шударга, энх тайвны замаар шийдвэрлэх нь ямар чухал болохыг тодорхой харуулж байна.
Төвөдийн асуудал тус нутгийн эмзэг байгаль орчинтой ч салшгүй холбоотой. Эрдэмтдийн дүгнэснээр Төвөдийн байгаль орчны өөрчлөлт нь Азийн өргөн уудам нутагт амьдардаг олон тэрбум хүнд нөлөөлөх боломжтой юм. Азийн олон томоохон гол мөрөн Төвөдийн өндөрлөгөөс эх авдаг. Төвөдийн мөсөн голууд нь туйлын бүсүүдээс гаднах дэлхийн хамгийн том мөсний нөөцийг бүрдүүлдэг. Тиймээс байгаль орчныг хамгаалагч зарим хүн Төвөдийг “Гурав дахь туйл” хэмээн нэрлэх болжээ. Хэрэв өнөөгийн дулаарлын хандлага үргэлжилбэл Инд мөрөн ойрын 15-20 жилд ширгэж болзошгүй байна.
Түүнчлэн Төвөдийн соёлын өв нь буддын шашны энэрэнгүй сэтгэл, хүчирхийлэл үл хэрэглэх зарчимд тулгуурладаг. Иймээс Төвөдийн асуудал зөвхөн зургаан сая төвөд хүнд хамаарахгүй. Энэ нь Хималайн бүс нутаг, Монгол, Оросын Халимаг, Буриадын бүгд найрамдах улсуудад амьдардаг 13 сая гаруй хүн, мөн энэ соёлын өв уламжлалыг хуваалцдаг, тоо нь нэмэгдсээр буй хятад ахан дүүст ч хамаатай юм. Энэхүү соёл нь энх тайван, эв найрамдалтай дэлхий ертөнцийг цогцлоох үйлсэд хувь нэмэр оруулах боломжтой.
Хамгийн сайнаар найд, хамгийн мууд бэлэн бай гэдэг нь миний үргэлж баримталж ирсэн зарчим юм. Үүнийг бодолцон би хилийн чанадад амьдарч буй төвөдүүдэд залуу үеийнхээ боловсролд илүү их анхаарч, соёлын баялаг өвөө хадгалах зорилгоор шашин, соёлын байгууллагуудаа бэхжүүлж, дүрвэгсдийн нийгэмлэгийнхээ ардчилсан байгууллага, иргэний нийгмийг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө илүү шаргуу ажиллахыг зөвлөсөн.
Манай дүрвэгсдийн нийгэмлэгийн гол зорилгуудын нэг нь соёлын өвөө чөлөөтэй хадгалан хөгжүүлэх боломжтой орчинд хамгаалан үлдээж, Төвөдөд эрх чөлөө нь хязгаарлагдсан ард түмнийхээ дуу хоолойг чөлөөтэй хүргэх явдал юм. Бидний өмнө тулгарч буй зорилт, бэрхшээл амаргүй. Дүрвэгсдийн нийгэмлэг учраас нөөц боломж маань хязгаарлагдмал нь мэдээж. Түүнчлэн бидний дүрвэгсдийн амьдрал цаашид удаан үргэлжилж болзошгүй бодит байдалтай төвөдүүд бид нүүр тулах хэрэгтэй байна. Тиймээс боловсрол, соёлын үйл ажиллагаанд маань Европын Холбоо тусламж үзүүлбэл би талархан хүлээн авах болно.
Европын парламент Хятадтай зарчимч, тууштай харилцаж байгаа нь тус улсад хэдийн өрнөж буй өөрчлөлтөд нөлөөлнө гэдэгт би эргэлзэхгүй байна. Дэлхий нийт улам нээлттэй болж, эрх чөлөө, ардчилал, хүний эрхийг хүндэтгэх чиглэлд хөгжиж байна. Эрт орой хэзээ нэгэн цагт Хятад улс дэлхий нийтийн энэ чиг хандлагыг дагах болно.
Үүнтэй холбогдуулан Хятадын хүний эрхийг хамгаалагч Ху Жяд нэр хүндтэй Сахаровын шагналыг олгосон Европын парламентыг сайшаахыг хүсэж байна. Хятад улс хурдацтай хөгжиж буй энэ үед энэхүү шагнал чухал дохио болж байна. Олон улсын тавцанд эзлэх байр суурь нь өссөнөөр Хятад улс дэлхий дахинд манлайлах чухал үүрэг гүйцэтгэх боломжтой болжээ. Энэ үүргээ биелүүлэхийн тулд тус улсад нээлттэй, ил тод байдал, хууль дээдлэх ёс, мэдээлэл олж авах болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нэн чухал гэж би үздэг. Олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүдийн Хятадад хандах хандлага, баримтлах бодлого нь тус улсын дотоод үйл явдал, хөгжлийн өөрчлөлтөөс дутахгүй хэмжээнд Хятадад өрнөж буй өөрчлөлтийн чиглэлд нөлөөлөх нь эргэлзээгүй.
Хятадын Засгийн газар Төвөдийн асуудлаар туйлын хатуу байр сууриа хадгалсаар байгаа ч хятад ард түмний дунд, ялангуяа мэдээлэл сайтай, боловсролтой хүмүүсийн хүрээнд төвөд ард түмний зовлон бэрхшээлийг ойлгож, тэднийг өрөвдөн энэрэх хандлага нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Төвөдийн асуудлаар Хятадын удирдлагад итгэх итгэл минь улам бүр суларч байгаа ч хятад ард түмэнд итгэх итгэл маань огтхон ч ганхаагүй.
Тиймээс би төвөдийн ард түмэн хятадын ард түмэнтэй харилцаа холбоогоо бэхжүүлэхийн төлөө хамтран, идэвхтэй ажиллахыг зөвлөж ирсэн. Энэ оны гуравдугаар сард Хятадын сэхээтнүүд төвөдүүдийн жагсаалыг Засгийн газар нь хүч хэрэглэн харгис хэрцгийгээр дарсныг ил тод шүүмжилж, Төвөдийн асуудлыг шийдвэрлэхдээ биеэ барьж, яриа хэлэлцээ хийхийг уриалсан. Хятадын хуульчид баривчлагдсан төвөд жагсагчдыг шүүх ажиллагаанд өмгөөлөхөд бэлэн байгаагаа олон нийтэд мэдэгдсэн юм.
Өнөөдөр хятад ахан дүүсийн дунд төвөдүүдийн хүнд нөхцөл байдал, тэдний зүй ёсны хүсэл эрмэлзлийг ойлгож, сэтгэлээрээ дэмжин, эв санаагаа нэгтгэх хандлага улам бүр нэмэгдэж байна. Энэ нь бидэнд ихээхэн урам зориг өгч байгаа юм. Энэ завшааныг ашиглан бидэнтэй эв санаагаа нэгтгэж буй эр зоригтой хятад ахан дүүстээ талархал илэрхийлье.
Төвөдийн ард түмний шударга, хүчирхийлэл үл хэрэглэх тэмцэлд тууштай анхаарал хандуулж, дэмжиж ирсэн Европын парламентад мөн талархаж байна. Та бүхний ойлгон энэрэх сэтгэл, дэмжлэг, эв санааны нэгдэл Төвөдөд болон хилийн чанадад амьдарч буй төвөд ард түмэнд үргэлж урам зориг, итгэл найдвар өгч ирсэн.
Ялангуяа Төвөдийн ард түмний эмгэнэлт нөхцөл байдлыг зөвхөн улс төрийн ажлынхаа нэг гол асуудал төдийгүй сэтгэл зүрхнээсээ дэмжих үйл хэрэг болгосон Европын парламентын Төвөдийн асуудлаарх нам дамнасан бүлгийн гишүүдэд онцгойлон талархал илэрхийлье. Төвөдийн асуудлаар Европын парламентаас баталсан олон тогтоол нь төвөд ард түмний зовлон бэрхшээлийг олон нийтийн анхааралд хүргэж, Европ төдийгүй дэлхий дахины олон нийт, Засгийн газруудад Төвөдийн асуудлын талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан.
Европын парламент Төвөдийг тууштай дэмжиж байгааг хятадын тал анзаараагүй өнгөрөөгүй. Үүнээс үүдэн Европын Холбоо, Хятадын харилцаанд зарим хурцадмал байдал үүссэнд би харамсаж байна. Гэсэн ч Төвөдийн өнөөгийн нөхцөл байдал туйлын хүнд, миний элч нар болон Хятадын удирдлагын хоорондын хэлэлцээ мухардалд орсон байгаа ч ирээдүйд Төвөд, Хятад хоёр үл итгэлцлээ даван туулж, харилцан хүндлэл, итгэлцэл, нийтлэг ашиг сонирхлоо хүлээн зөвшөөрөхөд тулгуурласан харилцаанд хүрнэ гэдэгт би чин сэтгэлээсээ найдаж, итгэж байна.
Та бүхэн цаашид ч Төвөдийн асуудалд анхаарал хандуулж, дэмжлэгээ илэрхийлсээр байвал энэ нь урт хугацаандаа эерэг нөлөө үзүүлж, Төвөдийн асуудлыг энх тайвны замаар шийдвэрлэхэд шаардлагатай улс төрийн орчныг бүрдүүлэхэд тусална гэдэгт би эргэлзэхгүй байна. Тиймээс та бүхний цаашдын дэмжлэг нэн чухал юм.
Өөрийн бодол санааг та бүхэнтэй хуваалцах боломж, хүндэтгэл олгосонд талархъя.
ДЭЭРХИЙН ГЭГЭЭН ДАЛАЙ ЛАМ
Бельги улс, Брюссель хот
2008 оны 12 дугаар сарын 4










