АНУ, Нью Жерси муж, Ньюарк хот 2011 оны 5 дугаар сарын 12 – Дээрхийн гэгээн XIV Далай лам 5 дугаар сарын 13, 14-нд оролцох Ньюаркт болох Энх тайвны боловсролын дээд хэмжээний уулзалтын өмнөхөн АНУ-ын айлчлалынхаа сүүлийн хэсгийг хийхээр өглөө нь Арканзас мужийн Файеттвиллээс хөдөлж, үдийн үеэр Нью Жерси мужийн Ньюарк хотод хүрэлцэн ирэв. Түүнийг ирэхэд тус уулзалтыг хамтран зохион байгуулагч Төвөдийн ордон (Tibet House)-ы профессор Роберт Турман угтан авав.
Өдрийн хожуу Дээрхийн гэгээн Далай лам хэвлэлийн уулзалтад оролцож, профессор Турман түүнийг танилцууллаа.
Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам Ньюарк хотод дахь хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж буй агшин. АНУ, Нью Жерси муж, Ньюарк хот. 2011 оны 5 дугаар сарын 12. Гэрэл зургийг: Гэтти Имажес
Үг хэлж эхлэхдээ Дээрхийн гэгээн Далай лам хүний үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх болон шашны эв нэгдлийг дэмжих гэсэн хоёр үүрэгтээ төвлөрөв. Тэрээр сүүлийн хэдэн өдөр олон нийтийн илтгэлүүддээ эдгээр сэдвийг хөндөж ирсэн бөгөөд “тийм олон давтаж хэлснээсээ болоод бараг цээжилчих шиг боллоо” хэмээн хошигнов. Мөн Дээрхийн гэгээний дэлгэрүүлж буй эдгээр үнэт зүйлс нь шинэ зүйл биш, харин Энэтхэгт эртнээс хөгжиж ирсэн зүйлс гэдгийг онцлов.
Хүний үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх тухай эхний үүргээ ярьж, Дээрхийн гэгээн Далай лам бид бүгд ижилхэн нэг л хүн төрөлхтөн агаад бүгд аз жаргалтай амьдрахыг хүсдэг гэлээ. Тэрээр хүмүүс аз жаргалыг материаллаг хөгжилд тулгуурлан олж болно хэмээн эндүүрдэг тухай дурдсан бөгөөд жинхэнэ аз жаргалын эх сурвалж нь бидний дотор байдгийг ойлгох хэрэгтэйг тэмдэглэв. Мөн эдгээр хүний үнэт зүйлсийг хүн бүрт хүртээмжтэй байдлаар дэлгэрүүлэхийн тулд заавал шашинтай холбоотойгоор дэлгэрэх албагүйг чухалчиллаа.
Шашны эв нэгдлийг бэхжүүлэх тухай өөрийн үүрэг зорилгын талаар ярьж, Дээрхийн гэгээн Далай алм зарим тохиолдолд буюу тэр дундаа өчигдрийн (2011 оны 5 дугаар сарын 11-нд Арканзас мужийн Файеттвилл хотын их сургуульд болсон хэлэлцүүлэгт оролцох үедээ нэгэн Христийн шашинтай гэлэнмаа болон нэгэн ноён өөрсдийн Христийн шашин нь ажилд нь урам өгдөг тухай ярьсныг сонссоноор) бүх шашин философийн хувьд ялгаатай ч гэсэн дотоод амар амгаланг бий болгох ижил чадвартай гэдэг өөрийн үзэл бодолд улам итгэлтэй болсон хэмээв. Тэрээр бүх шашны жинхэнэ зорилго нь хайр, энэрэх сэтгэл, уучлал, тэвчээр, өөрийгөө хянахыг хөгжүүлэхэд чиглэдэг хэмээн онцлов.
Хүмүүс Дээрхийн гэгээн Далай ламын уг үзэл бодолтой санал нийлж байгааг хэлэв.
Тэрээр өнөөдөр эдгээрийг дурдаж буй шалтгаан нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд аз жаргалтай, ардчилсан нийгмийг байгуулахад онцгой үүрэг, оролцоотой учраас хэмээн тайлбарлав. Хэвлэл мэдээллийг өмнө нь адилтгаж байсны дагуу заантай зүйрлэн, урт хошуугаа ашиглан зөвхөн урдаа байгаа зүйл бус, ардаа байгаа зүйлийг ч шалгаж, олж харуулдаг байх ёстой гэж хэлэв. Мөн энэ ажлыг үнэнч, шударга, төвийг сахих агаад бодитой байдлаар хийх хэрэгтэйг дурдав.
Үүний дараа Дээрхийн гэгээн XIV Далай лам сэтгүүлчдийн асуултад хариулав. Эхний асуулт нь тэрээр хятадтай хэлэлцээр хийхэд бэлэн эсэх, мөн өөрийн нас барсны дараа залгамжлагчаа олоход бэлэн эсэх тухай байв.
Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам Ньюарк хотод дахь хэвлэл мэдээллийнхний гишүүдэд хандан үг хэлж буй агшин. АНУ, Нью Жерси муж, Ньюарк хот. 2011 оны 5 дугаар сарын 12. Гэрэл зургийг: Гэтти Имажес
Дээрхийн гэгээн XIV Далай лам Хятадын удирдлагатай харилцсан түүхийн талаар товч танилцуулав. Тэрээр шууд харилцаа 1979 оноос эхэлж, 1980-аад оны эхээр тодорхой итгэл найдвар төрж байсан ч нөхцөл байдал хүндэрч, 1990-ээд оны эхээр харилцаа зогссон хэмээв. Харин 2002 онд “бид дахин төв засгийн газартай шууд харилцаагаа сэргээсэн” бөгөөд түүнээс хойш есөн удаагийн уулзалт болсон ч эерэг үр дүнд хүрээгүй хэмээн хэлэв. Дээрхийн гэгээн Далай лам хэлэхдээ Хятадын Үндсэн хуулийн хүрээнд гаргасан манай чин сэтгэлийн саналуудаас хүртэл “халхавчтай тусгаар тогтнолын хөдөлгөөн” хэмээн дүгнэж байсан гэв. Энэ хугацаанд Төвөд дэх дотоод нөхцөл байдал улам бүр дордсоор байгааг тэрээр онцлов. Гэсэн хэдий ч “манай талаас бид үргэлж хэлэлцээ хийхэд нээлттэй” хэмээн мэдэгдэв.
Тэрээр Төвөдөд асуудал байгаа боловч Хятадын албаныхан үүнийг хүлээн зөвшөөрдөггүй гэж хэлэв. Сэтгүүлчдийг Төвөдөд очиж, нөхцөл байдлыг биечлэн харж, үнэхээр асуудал байгаа эсэхийг өөрсдөө шалгахыг уриалав. “Эрт орой хэзээ нэгэн цагт бид энэ асуудлыг шийдвэрлэх ёстой. Хэрэв Хятадын төв засгийн газар жинхэнэ нөхцөл байдлыг үнэнээр нь авч үзэх юм бол бид үргэлж туслахад бэлэн” гэж Дээрхийн гэгээн Далай лам тэмдэглэв.
Өөрийн залгамжлалын асуудлын тухайд Дээрхийн гэгээн Далай лам хэлэхдээ цөллөгт буй Төвөдийн томоохон шашны удирдагчид сүүлийн жилүүдэд үе үе уулзаж, Далай ламын залгамжлагчаар хэн болох тухай асуудлыг хэлэлцэж ирсэн боловч эцэслэн шийдээгүй байгаа гэлээ. Магадгүй энэ жилийн дотор ахин дээд хэмжээний шашны удирдагчдын бага хурал болох боломжтой хэмээн тэрээр нэмж хэлэв. Дээрхийн гэгээн хэвлэлийн уулзалтад ирсэн хүмүүст хандан “миний царайг хараад залгамжлагчаа яаравчлан томилох шаардлагатай гэж хэлж чадах уу?” хэмээн хошигнон асуув.
Мөн тэрээр сэтгүүлчдийн Японы ард түмэнд саяхан тохиолдсон гамшгийн дараа ямар байр суурьтай байх ёстой хийгээд Мексикийн иргэд мансууруулах бодисны наймаанаас үүдэлтэй хүчирхийлэлтэй хэрхэн тэмцэх талаар тавьсан асуултуудад хариулав. Дээрхийн гэгээн Далай лам хүмүүс нөхцөл байдлыг ойлгож, шинэ нийгмийг цогцлоохын төлөө урагш харж ажиллах хэрэгтэйг хэлэв. Японы ард түмэн Дэлхийн хоёрдугаар дайны сүйрлийн дараа нийгмээ хэрхэн сэргээж чадсан тухай жишээ татав. Мексикийн хувьд ард иргэд итгэл найдвараа алдалгүй зоригтой тэмүүлэлт байдлаа хадгалах ёстойг онцлов. Мексикт үйлдвэрлэгдсэн мансууруулах бодис АНУ-д хэрэглэгчээ олдгийг дурдаад мансууруулах бодис хэрэглэх нь хүмүүсийн дотоод сэтгэлд ямар нэгэн зүйл дутуу байгаагийн шинж тэмдэг хэмээн хэлэв. Тэрээр эдгээр хүмүүс өөрийнхөө дотоод боломжийг ухаараагүй байна гэдгийг нэмж дурдав.
Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам болон профессор Роберт Турман нарын Нью Жерси мужийн Ньюарк хотноо хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр. АНУ, Нью Жерси муж, Ньюарк хот. 2011 оны 5 дугаар сарын 12. Гэрэл зургийг: AP
Ньюарк зэрэг хотуудын залуучуудын дунд олон тооны аллагын хэрэг гардаг тухайд хандаж ямар захиас өгөх вэ гэж асуухад Дээрхийн гэгээн XIV Далай лам зөвхөн өөрийнх нь өгсөн захиас хангалтгүй хэмээн хариулав. Тэрээр урт хугацааны төлөвлөгөө хэрэгтэй гэв. АНУ-ын түүхэн хөгжлийн тухайд дурдан ерөнхийлөгч Линкольн боолчлолыг халсны дараа иргэний эрхийн төлөө тэмцсэн “зоригтой, гайхалтай удирдагч” доктор Мартин Лютер Кинг Жр. гарч ирсэн бол одоо Цагаан ордонд нэгэн Африк гаралтай Америк хүн байна хэмээн хэлэв. Энэ бүхэн бол эерэг хөгжил гэж тэрээр онцолсон.
Дээрхийн гэгээн Далай лам урт хугацааны стратеги шаардлагатайг онцолж, баян ядуугийн ялгааны асуудлыг зөвхөн АНУ-д бус, Энэтхэг, Төвөд, БНХАУ зэрэг орнуудад ч ноцтойгоор авч үзэх хэрэгтэй гэв. Энэ зөрүү нь ядуусын дунд тавгүй мэдрэмж төрүүлж, тэр нь бухимдалд хүргэж, улмаар уур уцаарыг төрүүлэх буюу эцэст нь хүчирхийлэлд хүргэнэ хэмээн хэлэв.
Тэрээр нөхцөл байдлыг өөрчлөхөд боловсрол чухал бөгөөд боловсролын системд ёс суртахууны сургаалыг секуляр буюу шашин хоорондын хүндлэлд тулгуурласан байдлаар багтаах хэрэгтэйг тэмдэглэв. Дээрхийн гэгээн Далай лам секуляр үзэл гэдэг нь шашныг үл хүндэтгэх гэсэн үг биш, харин Энэтхэгт байдаг ойлголтын дагуу бүх шашныг ч хийгээд шашингүй хүмүүсийг бүхэлд нь хүндэтгэхийг хэлдэг гэлээ.
Ийм арга барил нь тайван төвшин ухааныг төлөвшүүлж, төвшин ухаан эрүүл хүнийг бий болгож улмаар эрүүл хүн аз жаргалтай гэр бүл, хамт олныг цогцлоон бий болгоно хэмээн хэлэв.
Осама Бин Ладеныг хөнөөсөн нь шударга ёсны нэрийн дор хүчирхийлэл байх нь зөв эсэх талаар асуухад Дээрхийн гэгээн Далай лам цаазаар авах ялыг олон жил эсэргүүцэж ирснээ, мөн цаазаар авах ялыг халуулах Амнести Интернэшнл (Amnesty International) байгууллагын кампанит ажилд гарын үсэг зурсан гэдгээ дурдав. Бага насaндаа Нюрнбергийн шүүх хурлын дараа Германы удирдагчдыг дүүжилснийг сонсоод гунигласан. Учир нь тэд аль хэдийн ялагдсан байсан хэмээн хэлэв. Мөн аль хэдийн ялагдсан Саддам Хусейнийг дүүжилснийг дурдав. Тэрээр ийм тохиолдолд цаазаар авах ял нь урьдчилан сэргийлэх бус илүү өшөө авах хэлбэр шинжийг тээж буй шиг санагддаг гэв. Бин Ладеныг хөнөөсөн асуудлаар зарим нь зөв гэж үздэг бол зарим нь буруу гэж үздэг. Дээрхийн гэгээн Далай лам бол энэ нь буруу байсан гэж үздэг хүмүүсийн нэг гэв.
Дээрхийн гэгээн XIV Далай лам Вашингтон хотод болсон 9 дүгээр сарын 11-ний аймшигт явдлын нэг жилийн ойг дурсах үеэр, цөөн хэдэн хүний буруутай үйлдлээс болж бүхэл бүтэн олон нийтээс жийрхэж эсэргүүцэж болохгүй гэдгийг дурдан хэлэх боломж олдсон тухайгаа дурсан ярив. Тэрээр бүх шашны нийгэмлэгт сахилгагүй хүмүүс байдаг гэж хэлэв.
Tөвөд Хаус (Tibet House USA)-ийн талаархи үзэл бодлыг нь асуухад Дээрхийн гэгээн Далай алм олон жилийн турш профессор Роберт Турманг мэддэг гэж хэлэв. Тэрээр Төвөдийн соёлыг олон нийтэд таниулахын тулд Tөвөд Хаус (Tibet House)-ыг байгуулсныг үнэлдэгээ илэрхийлэв. Профессор Турман амьдралаа төвөд буддын соёлын үзэл санаагаар залж явуулж байгааг дурдахын зэрэгцээ Төвөд буддын шашин болон төвөд буддын соёлын ялгаанд анхаарал хандуулав. Тэрээр Төвөд буддын шашин нь хувь хүнд хамааралтай бол төвөд буддын соёл нь нийт нийгэмд бүхэлд нь хамааралтай хэмээн тайлбарлав. Мөн мусульман шашинтай боловч амьдралын хэв маяг нь төвөд буддын соёлынх байдаг төвөд хүмүүсийн нэгэн олон нийтийн тухай ярив.
Зураг. Нью Жерси мужийн Ньюарк хотноо болсон хэвлэлийн хурлын төгсгөлд Дээрхийн гэгээн XIV Далай лам сэтгүүлчидтэй хамт зураг авахуулж буй нь. АНУ, Нью Жерси муж, Ньюарк хот. 2011 оны 5 дугаар сарын 12. Гэрэл зургийг: Гэтти Имажес
Энэтхэгийн засгийн газрын төвөдийн тусгаар тогтнолын талаар баримталдаг байр суурийн тухай асуухад Дээрхийн гэгээн XIV Далай лам 1940-өөд оны сүүлч болон 1950-иад оны эхээр Энэтхэгийн удирдагчид, түүний дотор Сардар Пател нарын дунд ноцтой хэлэлцүүлэг өрнөж, төвөдийн талаар тодорхой бодлого боловсруулахад хүрсэн хэмээн хэлэв. Тэрээр Энэтхэгийн дараагийн бүх засгийн газар энэ бодлогыг тууштай баримталж ирсэн гэв. Дээрхийн гэгээн Далай лам бид тусгаар тогтнол эрэлхийлэхгүй байгаа бөгөөд Төвөд материаллаг хөгжлөөр хоцрогдсон тул төвөдүүд шинэчлэл, хөгжил дэвшлийг хүсэж байгаа хэмээн тайлбарлав. Иймээс БНХАУ-тай хамт байх нь ашигтай ч төвөдийн буддын өв соёл, хэл, бичгийг утга учиртай өөртөө засах эрхийн хүрээнд хамгаалах хэрэгтэй хэмээн чухалчлав.
Тэрээр Төвөд буддын шашин нь бусад буддын урсгалууд, тэр дундаа хятадын буддизмаас илүү баялаг болохыг тайлбарлав. Жишээ нь буддын логик гэдэг зүйл нь төвөд буддын шашинд байдаг боловч хятадын буддизмд байхгүй гэж хэлэв. Мөн төвөд буддын соёл нь зөвхөн зургаан сая төвөд хүн төдийгүй Гималайн бүсийн олон сая хүн, Монгол Улс, ОХУ-д төвөд буддизмыг шүтэгч олон нийтэд хамааралтай асуудал юм хэмээн онцлов.
Дээрхийн гэгээн XIV Далай лам хятадууд 2013 оноос эхлэн энэтхэг мөргөлчдийг Кайлаш уул руу зорчихыг хориглоно гэсэн мэдээллийн талаар асуухад энэ уул нь хиндүчүүдийн хувьд ариун газар тул бүх мөргөлчдөд нээлттэй байх ёстой хэмээн хариулав.
Ньюарк орчмын хүчирхийлэлд өртөж буй өсвөр үеийнхэн (энх тайвны дээд хэмжээний уулзалтад оролцож чадахгүй) рүү хандан ямар захиас хүргэх вэ гэсэн асуултад Дээрхийн гэгээн Далай лам тэдний бухимдлыг ойлгодог бөгөөд зарим тохиолдолд бухимдах хангалттай шалтгаан байдаг гэж хэлэв. Гэхдээ тэр шалтгаануудыг хүчирхийллээр шийдэж болохгүй харин шийдэмгий, өөдрөг үзэлтэй байж, уйгагүй хөдөлмөрлөж, боловсрол эзэмших хэрэгтэй гэв. Эдгээр залуус энэ нийгмийг илүү дээр, илүү аз жаргалтай болгох чадвар, хариуцлагатай гэж хэлэв.
Хүн бүрт бэрхшээл тулгардаг тухай хэлээд өөрийнхөө амьдралаас жишээ татав. Тэрээр 16 настайдаа хувийн эрх чөлөөгөө алдсан (Төвөдийн төрийн хариуцлагыг хүлээн авсан) бөгөөд 24 настайдаа эх орноо алдсан (Хятад улс Төвөдийг бүрэн эзэлсэн) хэмээв. Иймээс олон бэрхшээлтэй тулгарч, уурлах хангалттай шалтгаан байсан ч уур хилэн нь юу ч шийдэхгүйг ухаарч ойлгосон гэлээ. Тэрээр шударга бус явдлуудыг хүчирхийллээр шийдэж болохгүйг онцлов.
Дээрхийн гэгээн Далай лам залуудаа өнөөгийн залуус шиг тэвчээргүй байсан ч одоо томоохон асуудлууд дээр хүмүүс тэвчээртэй байж, шийдлийг алхам алхмаар олох эрч хүчтэй байх ёстойг мэддэг болсон хэмээн хэллээ.
Хэвлэлийн бага хуралд АНУ, Япон, Мексик, Энэтхэгийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид мөн Хятадын “Синьхуа” (Xinhua news agency) агентлагийн зарим сэтгүүлч (асуулт асуугаагүй) багтсан 50 гаруй сэтгүүлч оролцов.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун