Энэ өдөр төвөд түмэн Коммунист Хятадын дарамт шахалтын эсрэг Төвөдийн нийслэл Лхас хотод 1959 онд өрнүүлсэн энхийн бослогын 52 жилийн ой мөн 2008 онд Төвөд даяар өрнөсөн энх тайвны жагсаалын 3 жилийн ой тохиож байна. Энэ боломжийг ашиглан төвөдийн зөв зүйтэй хэрэгт амь насаа зориулсан эрэлхэг хүмүүст хүндэтгэл үзүүлж залбиръя. Өнөө хэр дарлалд амсаж буй бүх хүнд эв санааны нэгдлээ илэрхийлж, бүх амьд бодгал амгалан байх болтугай.
Жар гаруй жил эрх чөлөөгүй, айдас түгшүүр дунд амьдарч байгаа хэдий ч төвөд түмний хосгүй үнэт зүйл болсон үндэсний ижилсэл, соёлын үнэт зүйлсээ хадгалсаар ирлээ. Хамгийн чухал нь чөлөөт төвөдийг мэдэхгүй шинэ үеийнхэн ч төвөдийн хэргийн хариуцлагыг зоригтойгоор үүрч, улам хөгжүүлж байгаад үнэхээр бахархмаар. Тэдний тэсвэр тэвчээр, зориг бол төвөдийн сэтгэлийн хүч чадлын бодит жишээ юм.
Энэ дэлхий хүн төрөлхтөнд харьяалагдах бөгөөд БНХАУ нь 1,3 тэрбум иргэнтэй. Tэд өөрийн улсын болон дэлхийн жинхэнэ бодит байдлыг мэдэх эрхтэй. Иргэд бүрэн мэдээлэлтэй байж гэмээн зөв, бурууг ялгах чадамжтай байдаг. Харин цензур болон мэдээллийг хязгаарлах нь хүний анхдагч ёс зүйг зөрчиж байна. Жишээлбэл хятадын удирдагчид коммунист үзэл суртлыг зөв гэж үздэг бол түүнийг итгэл төгс нийтэд нээлттэй болгож, хэлэлцүүлэгт оруулах ёстой бус уу?
Хятад улс бол дэлхийн хамгийн олон хүн амтай, өсөн дэвжиж буй их гүрэн бөгөөд эдийн засгийн хөгжил нь үнэхээр бишрэм. Түүнчлэн хүн төрөлхтний хөгжил, дэлхийн энх тайванд ихээхэн хувь нэмэр оруулах боломжтой. Харин үүний тулд Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгийн итгэл, хүндлэлийг хүлээх ёстой. Үүнийг олж авахын тулд тэдний үг, үйлдэл үл зөрөх ил тод байдал хэрэгтэй. Үүнд хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нэн чухал. Mөн түүнчлэн удирдлагын ил тод байдал нь авлигыг хязгаарлахад тусална. Сүүлийн жилүүдэд хятадад улс төрийн шинэчлэл, ил тод байдлыг шаардсан оюунлаг хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Ерөнхий сайд Вэн Жиабао ч үүнд санаа зовнингуй байгаагаа илэрхийлсэн нь анхаарал татахуйц эерэг дохио бөгөөд би талархан хүлээн авсан билээ.
БНХАУ бол олон үндэстэн, угсаатны бүлгээс бүрдсэн улс бөгөөд хэл, соёлын олон янз байдал нь түүний баялаг юм. Үндсэн хуульдаа ч эдгээр хэл, соёлыг хамгаалах бодлогыг тодорхой заасан байдаг. Төвөд хэл бол буддын шашны бүх сургаал, логик, танин мэдэхүйн онолын бичвэрүүдийг бүрэн хадгалж буй ганц хэл бөгөөд бид үүнийг энэтхэгийн Наландагийн Их Сургуулиас өвлөн авсан билээ. Энэ тогтолцоо нь логик, академик шүүмжлэлд тулгуурладаг бөгөөд амьтай бүхэн энх амгалан амьдрахад хувь нэмэр оруулж чадна. Иймд энэ соёлыг хөгжүүлж хамгаалахын оронд дарж устгах бодлого хэрэгжүүлнэ гэдэг урт хугацаандаа хүн төрөлхтний өв соёлыг устгаж буй хэрэг юм.
Хятадын Засгийн Газар Төвөдийн тогтвортой байдал, хөгжил нь урт хугацааны сайн сайхны үндэс суурь гэж байнга мэдэгддэг. Гэсэн ч эрх баригчид өнөөг хүртэл Төвөд даяар олон тооны цэргийн хүч байршуулсаар төвөд иргэдэд тавих хязгаарлалтыг улам бүр нэмэгдүүлсээр байна. Үүний улмаас төвөдүүд айдас түгшүүрт автан амьдарч байна. Сүүлийн үед олон оюунлаг төвөд хүн, олны танилууд болон байгаль хамгаалагчид төвөд түмний уугуул хүсэл эрмэлзлийг илэрхийлснийхээ төлөө шийтгүүлж байна. Тэднийг “Төрийн эрх мэдлийг сулруулсан” гэх үндэслэлээр шоронд хорьж байгаа боловч үнэн хэрэгтээ тэд Төвөдийн үндэсний ижилсэл, соёлын өвийг хамгаалж дуу хоолойгоо илэрхийлсэн билээ. Ийм дарлал, арга хэмжээ нь жинхэнэ эв нэгдэл, тогтвортой байдлыг үгүй хийж байна. Үүний адилаар хятадад ч хүний эрхийг хамгаалагчид, зохиолчид, хүний эрхийн идэвхтнүүдийг баривчилсаар байна. Би хятадын удирдагчдыг энэхүү байдлыг эргэн харж, эрх чөлөөг нь даруйхан олгохыг чин сэтгэлээсээ уриалж байна.
Хятадын Засгийн Газар Төвөдтэй холбоотой асуудал байхгүй, зөвхөн Дээрхийн гэгээн XIV Далай ламын эрх мэдэл, статусын тухай асуудал хэмээн мэдэгддэг. Үнэн хэрэгтээ төвөд түмнийг тууштай дарлаж буйг нь дэлхий нийт үл хүлцэж, бодлоготой холбоотой гүнзгий, өргөн хүрээт бухимдлыг бий болгоод байна. Төрийн алба, боловсрол, соёл гээд бүх салбарт төвөдүүд сэтгэл дундуур байдлаа илэрхийлсээр байна. Төвөд нутагт олон асуудал байгааг хятадын эрх баригчид төвөдүүдэд үл итгэн, үнэнч байдлыг нь олж авч үл чадаж байгаагаас тодорхой харж болно. Харин төвөд хүмүүс байнга сэжиглэл, хяналтын дор амьдарч байна. Төвөд орныг зорьсон хятад болон гадаад жуулчид ч энэ гашуун боловч бодит байдлыг баталдаг.
Тиймээс бид 1970-аад оны сүүл, 1980-аад оны эхээр цагаач төвөдүүдийн баримт шалгах төлөөлөгчдийг төвөд рүү илгээж байсан шигээ дахин ийм айлчлал зохион байгуулахыг санал болгож байна. Үүний зэрэгцээ бид олон улсын хараат бус байгууллагууд, тэр дундаа парламентын гишүүдийн төлөөллийг төвөд рүү илгээхийг уриалж байна. Хэрэв тэд төвөдийн ард түмнийг үнэхээрийн жаргалтай байгааг олж тогтоовол бид үүнийг нь хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна.
1950-иад оны эхээр Мао даргын үед бодит байдлыг хүлээн зөвшөөрсөн уур амьсгал ноёлж байсны дүнд Хятад улс Төвөд улстай “17 зүйлт гэрээ” байгуулж байв. Үүний адил бодит хүсэл эрмэлзэл Ху Яобангийн 1980-аад оны үед ч мөн оршиж байсан. Хэрвээ энэ уур амьсгал үргэлжилсэн бол Төвөдийн асуудал төдийгүй өөр олон асуудал ч амархан шийдэгдэх байв. Харамсалтай нь энэ бодлогуудыг хуучинсаг хандлага тасалдуулсан бөгөөд үүний дүнд 60 гаруй жилийн дараа асуудал улам л ярвигтай болжээ.
Төвөдийн өндөрлөг нь Ази тивийн олон гол мөрний эх ундарга болдог. Өмнөд, хойд туйлын дараах хамгийн их мөсөн бүрхүүлтэй бүс нутаг тул түүнийг “гурав дахь туйл” хэмээн нэрлэдэг. Төвөдийн байгаль орчны доройтол нь Ази тив, тэр дундаа Хятад, Энэтхэгийн хойгт ноцтой сөрөг нөлөө үзүүлнэ. Иймээс төв болон орон нутгийн засаг захиргаа мөн хятадын ард түмэн төвөдийн байгаль орчны доройтлыг ухамсарлаж, түүнийг хамгаалах тогтвортой арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай юм. Төвөдийн өндөрлөг дэх байгаль орчны өөрчлөлт нь олон хүний амь амьдралд нөлөөлдөг тул хятадын удирдлагуудад энэ байдлыг харгалзан үзэхийг уриалж байна.
Бид төвөдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд харилцан ашигтай “Tөв үзлийн бодлого”-ыг тууштай баримталсаар ирсэн. Энэ нь БНХАУ-ын бүрэлдэхүүнд төвөдийн ард түмэнд жинхэнэ автономит эрх олгохыг зорьдог билээ. Хятадын Коммунист намын нэгдсэн фронтын ажлын газрын албаны хүмүүстэй хийсэн уулзалт, яриа хэлэлцээрийн үеэр бид төвөдийн ард түмний хүсэл зорилго, итгэл найдварын талаар маш тодорхой, дэлгэрэнгүй тайлбарласан юм. Гэвч бидний үндэслэлтэй, зохистой саналуудад эерэг хариу өгөөгүй нь эдгээр санал дээд удирдлагад үнэн зөв, бүрэн дүүрэн хүрсэн эсэхэд эргэлзэхэд хүргэж байна.
Эрт дээр үеэс Төвөд, Хятадын ард түмэн хөршийн ёсоор амьдарч ирсэн билээ. Бидний шийдэгдээгүй зөрчил маргаан энэхүү олон зуун жилийн найрсаг харилцаанд сэв суулгах ёсгүй билээ. Гадаадад амьдарч байгаа байгаа төвөд, хятад хүмүүсийн харилцааг сайжруулахын төлөө онцгой хүчин чармайлт гаргаж байгаад би сэтгэл хангалуун байдаг. Энэ нь бидний ойлголцол, нөхөрлөлд эерэг нөлөө үзүүлж байна. Төвөдөд төвөд иргэд ч мөн хятад ахан дүүсийнхээ хамт сайн харилцаа, ойлголцлыг хөгжүүлэхэд хичээх хэрэгтэй.
Сүүлийн хэдэн долоо хоногт бид Хойд Африк болон бусад бүс нутагт эрх чөлөө, ардчиллын төлөөх тайван тэмцэл хэрхэн өрнөж байгааг гайхширал дүүрэн ажиглалаа. Би хүч үл хэрэглэн, ард түмний хүчинд итгэдэг хүн бөгөөд энэ үйл явдлууд, итгэл төгс, тайван тэмцэл нь эерэг өөрчлөлтийг авчирч чаддагийг харууллаа. Эдгээр урам зориг өгсөн өөрчлөлтүүд нь бодит эрх чөлөө, аз жаргал, хөгжил цэцэглэлтийг энэ орны ард түмэнд авчирна гэж найдаж байна.
Балчир байхаасаа тээж ирсэн нэгэн хүслэн бол Төвөдийн улс төр, нийгмийн бүтэц, тогтолцоог шинэчлэх явдал байлаа. Би Төвөдөд бодит эрх мэдлийг хэрэгжүүлж байх цөөн хэдэн жилд суурь өөрчлөлтүүд хийж чадсан билээ. Хэдийгээр үүнийг цааш үргэлжлүүлж чадаагүй ч бид цагаачилснаас хойш энэхүү шинэчлэлийг хэрэгжүүлэхийн төлөө чармайн ажиллаж ирлээ. Өнөөдөр “Цагаачилсан төвөд иргэдийн дүрэм”-ийн хүрээнд Төвөдийн Засгийн Газрын тэргүүн Калон Трипа болон ардын төлөөлөгчид ард түмний шууд сонгуулиар сонгогдож байна. Бид цагаачлалд ардчиллыг хэрэгжүүлж чадсан бөгөөд энэ нь нээлттэй нийгмийн стандарттай нийцэж байна.
1960-аад оноос эхлэн би төвөд түмний чөлөөт сонголтоор сонгогдсон удирдагчид өөрийн мэдлээ шилжүүлэх ёстойг олон удаа дурдаж байсан юм. Харин одоо энэ зорилтыг бодитоор хэрэгжүүлэх цаг нэгэнт иржээ. Ирэх 3 дугаар сарын 14-нд эхлэх Цагаачлал дахь Төвөдийн Парламентын XI чуулганы үеэр өөрийн эрх мэдлийг сонгогдсон удирдагчид шилжүүлэх шийдвэрээ тусгасан “Цагаачилсан төвөд иргэдийн дүрэм”-д шаардлагатай өөрчлөлт оруулах саналыг албан ёсоор тавина.
Би эрх мэдлээ шилжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлснээс хойш Төвөдөд болон олон улсаас улс төрийн удирдлагын үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэхийг чин сэтгэлээсээ хүссэн хүсэлтүүдийг хүлээн авсаар ирсэн билээ. Эрх мэдлээ шилжүүлэх гэсэн санаа минь хариуцлагаас зугтах гэсэн зүйл огтхон ч биш юм. Харин ч урт хугацаандаа төвөд хүмүүст ашигтай байхын төлөө хийж буй алхам билээ. Энэ нь мөн сэтгэлээр унасан гэх шалтгаан ч биш. Төвөд хүмүүс надад асар их итгэл найдвар хүлээлгэсний хувьд миний бие ч мөн адил тэдний нэгэн гишүүн болохын хувьд төвөдийн шударга үйл хэрэгт өөрийн үүргийг гүйцэтгэхээр үнэн сэтгэлээсээ шийдсэн. Миний зорилгыг цаг хугацааны явцад хүмүүс ойлгож дэмжин, энэ шийдвэр хэрэгжих болтугай хэмээн итгэж байна.
Энэ боломжийг ашиглан шударга ёсыг дээдэлдэг улс орнуудын удирдагчид, парламентын гишүүд, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд болон төвөдийг дэмжигч бүлгүүдийн бидэнд өгсөн тусламж, тууштай дэмжлэгийг дурсан санаж, тэдэнд талархал илэрхийлье. Ялангуяа энэтхэгийн ард түмэн, Засгийн Газар болон муж улсуудын засаг захиргаа цагаачилсан төвөдүүдийн шашин соёл, уламжлалыг хадгалж хамгаалахад өгөөмөр сэтгэлээр тусалж ирсэн ач буяныг бид хэзээ ч мартахгүй. Тэдэнд чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.
Бүхий л амьд бодгалуудын сайн сайхан, аз жаргалын төлөө залбиръя.
2011 оны 3 дугаар сарын 10
Дарамсала хот
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун