Одоогоор Төвөдийн зүүн хойд хэсэгт орших Нгаба дахь Кирти хийдийн байдал тун хүнд байгаа бөгөөд хятадын цэргийн хүч, нутгийн иргэдийн хооронд сөргөлдөөн үүсээд байна. 2500 гаруй лам хуврагтай уг хийдийг хятадын зэвсэгт хүч бүрэн бүсэлж, нэг мэдэхэд хүнсний болон бусад зайлшгүй хэрэгцээт зүйлсийг хийд рүү нэвтрэхийг хоригложээ.
Хийдийг бүсэлж байгаа нь лам нарыг олноор нь баривчлахын өмнөх үйлдэл байж болзошгүй хэмээн нутгийн иргэд ихэд айж, хятадын цэргийн бүслэлтийг тойрон зогсоод, замыг нь хаан, хятадын тээврийн хэрэгслүүдийг орж гарахад нь саад хийхийг оролдож байна.
Кирти хийдийг бүслэх ажиллагаа 2011 оны 3 дугаар сарын 16-нд эхэлсэн бөгөөд энэ өдөр тус хийдийн нэгэн залуу төвөд лам 2008 оны Төвөд даяар өрнөсөн тайван жагсаалын гурав дахь жилийн ойг тэмдэглэх өдрөөр өөрийгөө шатаасан эмгэнэлт хэрэг гарчээ. Цагдаа нар түүнийг зодсон нь уг эмгэнэлт хэргийн шалтгааны нэгэн үндэс болсон аж. Энэ явдал хийдийн лам нарын бухимдлыг ихэд төрүүлж, улмаар Кирти хийдийг тойрсон нөхцөл байдлын шалтгаан болжээ.
Би Нгаба дахь энэ нөхцөл байдал цаашид үргэлжилбэл маш ноцтой, сүйрэл дагуулсан муу үр дагаварт хүрч болзошгүйд ихээхэн түгшиж байна. Иймд би тухайн бүсийн лам нар болон энгийн төвөд иргэдэд хандан орон нутгийн эрх баригчид тэднийг олноор нь дарах шалтаг болгож болзошгүй ямар нэгэн үйлдэл хийхгүй байхыг уриалж байна.
Мөн олон улсын нийгэмлэгүүд, дэлхий дахины засгийн газрууд, олон улсын төрийн бус байгууллагуудыг Хятадын удирдлагуудад хандан энэхүү нөхцөл байдлыг зохистойгоор, тэвчээртэйгээр шийдвэрлэхийг ятгахыг хүчтэй уриалж байна.
Өнгөрсөн жаран жилийн хугацаанд Төвөд дэх асуудлуудыг хүч хэрэглэн шийдвэрлэх гэсэн оролдлогууд нь төвөдийн ард түмний гомдол, бухимдлыг улам гүнзгийрүүлсээр ирсэн. Иймд би Хятадын удирдлагуудыг бодит байдалд нийцсэн, ухаалаг агаад зоримог арга замыг сонгож, төвөд иргэдийн жинхэнэ гомдол, асуудлуудыг хүлээн зөвшөөрөн шийдвэрлэхийг мөн энэхүү нөхцөл байдалд хүч үл хэрэглэхийг хичээнгүйлэн уриалж байна.
Дээрхийн Гэгээн XIV Далай Лам
2011 оны 4 дүгээр сарын 15
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун