Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Тэгчин Чойлин. Дээрхийн гэгээн Далай лам энэ жилийн анагаах ухааны салбарын Нобелийн шагналт Дрю Вайсман, Каталин Карико нарт баяр хүргэн, захидал илгээжээ.
Тэрбээр захидалдаа, “Та хоёрын боловсруулсан шинэлэг технологи нь “Ковид-19” цар тахлын эсрэг мРНХ вакцин бүтээх боломжийг бүрдүүлсэн билээ. Та бүхний ажил шинжлэх ухааны судалгаа бүхэлдээ хүн төрөлхтний сайн сайхны төлөө бодитой хувь нэмэр оруулж чаддагийн үлгэр жишээ боллоо. “Ковид-19” цар тахал дэгдэхээс өмнө эхэлсэн та бүхний судалгаа дэлхий даяар асар олон хүний алтан амийг аварлаа. Та бүхний энэхүү амжилт, бусдын сайн сайхны төлөө тууштай зүтгэж, амьдралаа утга учиртай болгож чадсанд би бээр машид талархаж байна.
Өнөөдөр бидний амьдарч буй дэлхий ертөнц хоорондоо хэчнээн гүн гүнзгий харилцан хамааралтай болсныг өдөр бүр сануулж байна. Мөн энэ дэлхийг бид бүхний хувьд илүү сайн, илүү аюулгүй газар болгоход шинжлэх ухааны салбарынхан ямар чухал үүрэг гүйцэтгэж чадахыг бид улам бүр ойлголоо” хэмээн бичжээ.










