Энэтхэг, Карнатака муж, Мундгод – Өчигдөр Дээрхийн гэгээн Далай лам Дарамсала хотоос Делиг зорин мордоход төвөд, гадаад олон хүн гудамж дагуу эгнэн жагсаж үдэв. Харин өнөөдөр тэрбээр Төвөдийн буддын шашны их сургууль болох Бэрээвэн хийдэд морилохоор Делигээс Карнатака мужийн Хубли хот руу хөдөллөө.

Хубли хотын нисэх онгоцны буудалд Дээрхийн гэгээнийг Бэрээвэн Гомон хийдийн хамба лам Гэвш Жигмэд Жамц, ахлах нярав Мөнхлам Жамц, Төвөдийн Төв Захиргааны Өмнөд Энэтхэг дэх төлөөлөгч Жигмэд Цултим нар угтан авав. Мөн Хубли-Дхарвад дүүргийн захиргааг төлөөлж хатагтай Дивья Прабху, Хабли Дарвад хоёр хотын цагдаагийн газрын дарга Н.Шашикумар, дэд дарга Маханинг Нандаганви нар хүлээн авлаа. Нисэх буудлын гадна талд буддын хэд хэдэн хийдийн хамба лам нар, 5 төвөд суурины төлөөлөгчид хүндэтгэн угтав.
Дээрхийн гэгээнийг Мундгод руу явах замын хоёр талаар хадаг, цэцэг, хүж барьсан лам хувраг, энгийн сүсэгтэн олон зэрэг мянга мянган жагсаж угтлаа. Зам талбай болон суурины ойр орчмыг туг далбаа, хүндэтгэлийн үг, бэлгэдэл бүхий бичээс сэлтээр чимэглэсэн байв.

Дээрхийн гэгээнийг Бэрээвэн Гомон морилон ирэхэд 105 дахь Гандан ширээт ринбүүчи, Лувсандорж, Шарба болон Жанцэ Чойжэ нар, Бэрээвэн хийдийн одоогийн хийгээд өмнөх хоёр ширээт лам, одоогийн болон өмнөх хамба лам нар, мөн бусад хийдийн хамба, хувилгаад угтан авлаа. Түүнчлэн Гүндээлин ринбүүчи, Лин ринбүүчи, Төвөдөөс анхлан дүрвэж ирсэн хүмүүсийн нэг хэсэг болох Буксарын өндөр настай хуврагууд байлцлаа. Шашны зүтгэлтнүүдээс гадна Дарвад хотын цагдаагийн газрын дарга Гунжан Арьяа, Карварын захирагч Лакшми Прия болон бусад албаны хүмүүс түүнийг хүндэтгэн угтсан юм.
Дээрхийн гэгээн Бэрээвэн Гомон хийдийн өмнөх номын мэтгэлцээний талбайгаас хурлын дуган руу морилж, сэнтийдээ заларлаа. Дээрхийн гэгээний хоёр багшийн зохиосон "Далай ламын өлмий бататгах залбирал"-ыг унших зуур Гандан ширээт, Бэрээвэн ширээт, Гоман хийдийн хамба лам, Мундгодын Төвөд суурины дарга нар мандал, Бурхан багшийн лагшин, зарлиг, тааллын шүтээнийг өргөв.

Цугласан олонд цай, бэрээс түгээсний дараа Дээрхийн гэгээн нийт хуврагуудад хандан товч үг хэллээ.
"Төвөд сууринууд байрладаг энэ газар нь Төвөд орны баруун өмнө зүгт оршдог. Өнөөдөр энд лам хуврагуудын чуулган баяр баясгалантай, чин сэтгэлээсээ цугларчээ. Энэ нь юуг илэрхийлж байна вэ гэвэл Нагаржуна тэргүүтэй их мэргэдийн өвлүүлэн үлдээсэн судар, тарнийн гүн гүнзгий, ариун сургаал номыг төвөдүүд бид хадгалан хамгаалж байгааг харуулж байна. Төвөд нутагт хэдий хүнд хэцүү байгаа ч манай ард түмэн өөрсдийн шашин соёлдоо үнэнч хэвээр байна.
Гол нь төвөдүүд бид цастын орны сургаал номын төлөө гүн хариуцлага хүлээж байна. Өнөөдөр Төвөдийн буддын шашныг хүндэтгэх хандлага төвөдүүдийн дунд төдийгүй Хятадад болон дэлхий даяар нэмэгдэж байна. Өөр өөр соёл, үндэс угсаатай хүмүүс манай шашин соёлыг улам бүр үнэлж байна.
Бид бурхны шашин дэлгэрэхийн төлөө зөвхөн залбираад зогсохгүй сургаал номыг нь судлах, бясалгах үйлсийг идэвхтэй өрнүүлж байна. Энэ шашныг сонирхох байдал ялангуяа залуу үеийнхний дунд тогтвортой нэмэгдэж байна. Зарим хүн буддизмыг шашин талаас нь сонирхохгүй хэр нь судлан суралцах, эргэцүүлэн бодох, дотоод хөгжлийн арга барилыг нь ихэд сонирхдог. Тиймээс бид Төвөдийн буддын шашны иж бүрэн сургаал номыг шинэлэг байдлаар түгээхээр ажиллах нь зүй.

Буддын шашин Хятад, Төвөд, Хималайн бүс нутгийн хүн ардын дунд эртнээс нийтлэг дэлгэрсний дээр энэ барилдлага улам гүнзгийрсээр байна. Далай ламын хувиар ном тайлбарлан айлдаж байсан минь олон хүнд хүрчээ. Ялангуяа Хималайн бүс нутгийнхан маш их сүсэг бишрэлтэй байж, төвөд зон олон буддын боловсролын бат бөх суурийг хадгалж ирсэн. Үүний үр дүнд судар, бодит дадлагад суурилсан сургаал ном түгэн дэлгэрч, тоолшгүй олон амьтанд тусаа өгсөөр байна.
Мөн би буддын гүн ухааны практик талыг сонирхдог эрдэмтэн судлаачидтай уулзаж ярилцдаг билээ. Тэд урьд, хойд насны тухай биш, сэтгэл оюуныг тогтуун, сахилга баттай болгон хөгжүүлэх замаар сэтгэлийн амар амгаланг олох аргуудыг сонирхдог юм. Христийн шашин давамгайлсан орнуудад ч энэ сонирхол нэмэгдэж байна. Намайг гадаадад зорчиход хүмүүс халуун дулаанаар хүлээн авч, чин сэтгэлээсээ сонсож, буддын гүн ухааныг шинээр таньж үнэлж байдаг.
Төвөд оронд ном бараг устах шахсан ч дүрвэж гарсан бид бүхэн түүнийг хамгаалж үлдэхийн тулд хичээнгүйлэн ажилласан. Өнөөдөр олон эрдэмтэн буддын үзэл, бясалгал, ёс суртахууныг анхааралтай ажиглаж байна. Ийн санал солилцож, уулзаж ярилцсаны үр дүнд буддизм нь сэтгэлийг номхотгох, дотоод амар амгаланг олох өвөрмөц аргууд бүхий гэдэг нь тодорхой болсон юм. Гурван хөлгөний цогц сургаал манай уламжлалд бүрэн бүтэн хадгалагдан үлджээ.
Хималайн бүс нутгийн хүмүүс үйлийн үр, шүтэн барилдлагын тухай сургаалыг маш их сонирхдог. Намайг Далай лам гэдэг нэртэй болохоор олон хүн заавар зөвлөгөө авахаар ханддаг. Хэдийгээр Хятадын эрх баригчид Төвөдийн ном сургаалыг устгахыг оролдсон ч манай шашны гүн гүнзгий сургаалууд эдүгээ дэлхий дахины анхаарлыг улам их татаж байна.
Ном сургаалаа сахин хамгаалж, үргэлжлүүлэн авч яваа төвөдүүд бидний хувьд шинжлэх ухааны эрдэмтэн зэрэг хүмүүс манай шашныг ийн сонирхож байгаа нь урам зориг төрүүлдэг билээ. Ийнхүү Гурван дээд суртгаалд үндэслэсэн, сэтгэлийн амар амгаланг олоход чиглэсэн энэ ном эдүгээ ямар нэгэн шашин шүтдэггүй хүмүүсийн дунд ч өргөнөөр үнэлэгдэж байна".
Дээрхийн гэгээн дээрх айлдварынхаа төгсгөлд, зүүдэндээ өөрийгөө 130 гаруй наслах шинж тэмдэг үзсэнээ дурдаад, цугласан сүсэгтэн олонд ном сургаалыг сэргээн бэхжүүлэх, дэлхий нийтэд номоор туслахын төлөө хичээнгүйлэн ажиллахыг уриалав. Үүний дараа Гоман хийдийн хамба лам Дээрхийн гэгээнийг ном хаялцах талбайн хойно байх өргөөнд нь хүргэж өглөө.
Орчуулсан Д.Дуламжав










