Зураг. Дээрхийн гэгээн Далай лам айлчлалынхаа хүрээнд Индиана мужийн Блүүмингтон хотод морилон саатах үеэр түүнийг зөөлөн шиврээ бороо угтав. Зургийг Данэс Кэнон (The Star).
АНУ, Индиана муж, Блүүмингтон муж. 2007 оны 10 дугаар сарын 24. Төвөдийн буддистуудын хувьд бороо бол агуу их ерөөл юм. Тиймээс Дээрхийн гэгээн Далай лам Индиана мужид борооны дор морилон ирэхэд түүний тус муж дахь 6 өдрийн айлчлал өлзийтэй эхлэх нь хэмээн бэлгэшээжээ.
Дэлхий даяарх төвөдийн буддистуудын удирдагч Дээрхийн гэгээн Далай лам шашин хоорондын залбирлын ёслолд цугларсан 1000 хүний сэтгэлийг татаж, бурхны нэрийн өмнөөс өрнүүлж буй дайныг буруушаан, өөр өөр шашин шүтлэгтэй хүмүүсийг эв нэгдэлтэй байхыг уриалсан байна. Дараа нь тэрбээр шиврээ бороонд гарч, энд 1979 онд ахынхаа үүсгэн байгуулсан 108 акр талбай бүхий Төвөдийн соёлын төвийн өнгө алагласан шинэ хаалган доор будаа, цэцгийн дэлбээ цацан адислав.
Холбооны мөрдөх товчоо, Төрийн департамент, орон нутгийн цагдаагийн байгууллагаас хамгаалалтыг өндөр түвшинд зохион байгуулжээ. Залбирлын ёслолд оролцогчдыг металл илрүүлэгчээр шалгасан байна. Илүү дээр суудалд суухаар урагшилсан монгол сэтгүүлчийг танхимаас дагуулан гаргажээ. Ердийн үед үүр цайхаас үдшийн бүрий хүртэл нээлттэй байдаг соёлын төвийг бүхэлд нь хааж, хамгаалалтад авсан байна.
“Далай ламын айлчлал бүрд хамгаалалт өндөр түвшинд байдаг” гэж Төвөдийн соёлын төвийн хэвлэлийн төлөөлөгч Лиза Моррисон хэлэв. Гэхдээ энэ 7 хоногт Далай ламын төрийн айлчлалыг Хятад улс хүчтэй эсэргүүцэж байгаатай холбоотой маргаанаас шалтгаалан хамгаалалтыг бүр ч чангатгасан гэжээ.
Дээрхийн гэгээн Далай лам нийгэм дэх хүчирхийллийн талаар хөндөж, “Энэ жижигхэн гаргийг сансраас харахад хоорондоо тэмцэх ямар ч үндэслэл бараг байдаггүй. Эдийн засгийн асуудал, байгаль орчны бэрхшээл, хүн амын хэт өсөлт дэлхий нийтийг зовоож болох ч хүмүүс “бүхэл бүтэн бүлэг”-ийг нэг бүхэл зүйл хэмээн үзэж чадвал эдгээрийг даван туулж болно. Бодит байдалд “бид” эсвэл “тэд” гэсэн ойлголт цаашид байхгүй” хэмээн айлдсан юм.
Өдгөө 72 насыг зооглон буй Дээрхийн гэгээн Далай лам энэ 7 хоногт нийт 12 цагийн айлдвар айлдаж, олон нийтэд зориулсан 2 илтгэл тавихаар төлөвлөжээ. Түүний Мягмар гарагт хийсэн 15мин-ын богино яриа нь дэлхийн шашны олон янз байдлын талаар цаашид ярих сэдвийг хөндсөн юм.
Энэ нь буддын шашны лам нар болоод Доминиканы шашны гэлэн нарын цуваа, иудей, христ, хиндү, сикх шашны судруудаас уншлага унших мөн Шошони омгийн “Нарны бүжиг”-ийн тэргүүний залбирал зэрэг үйл ажиллагааг багтаасан шашин хоорондын ёслолд тун тохиромжтой сэдэв байлаа. “Ялгаатай талууд бий. Гэвч эдгээр нь ижил зорилготой. Өөрөөр хэлбэл, биднийг энэрэн нигүүлсэхүйн ач холбогдлын талаар сургаж, энэрэн нигүүлсэх сэтгэлийг бэхжүүлэхэд чиглэдэг. Бүх шашин өөр өөр арга, өөр өөр хандлагыг ашигладаг ч эцсийн зорилго нь нэг билээ. Шашны нэрийн өмнөөс дайн хийх ойлголт нь бурхныг гуниглуулдаг юм. Бурхны жинхэнэ дагалдагчид энэрэн нигүүлсэх сэтгэлийг илэрхийлэх ёстой. Дайны тухай ойлголт бол хэдийн хоцрогдсон зүйл. Хөршөө хөнөөх нь ялалт биш. Харин харилцан сүйрэл юм” хэмээн айлджээ.
Индианаполис хотын “Brebeuf Jesuit Preparatory School”-ийн 15 настай сурагч Кэтлин Ханна энэ аялалд оролцжээ. Тэрээр энд харуулсан шашны олон янз байдлыг хараад гайхаж, Дээрхийн гэгээн Далай ламын үгээс машид их урам зоригийг авсан байна. “Дэлхий дахинд болж буй бүх зүйлийн дунд энэрэн нигүүлсэх сэтгэл, амар амгалан бидний зүрх сэтгэлийн төвд байх ёстой гэдгийг бид үнэхээр санах хэрэгтэй” гэжээ.
Индианагийн Их Сургуулийн хөгжмийн ангийн оюутан Бен Эллерин цугласан олонд энх тайвны төлөөх еврей залбирал уншжээ. Дээрхийн гэгээн Далай лам түүний хийсэн үйлдэлд талархаж буйгаа илэрхийлэн түүнд бөхийв. “Өөрөө удирдагч хүн хэр нь бусад шашны төлөөлөгчдөд үзүүлсэн гайхалтай хүндэтгэл нь надад гүн сэтгэгдэл төрүүлсэн” гэж тэр хэлжээ.
Дээрхийн гэгээн Далай лам Индиана мужид хүрэлцэн ирэхээсээ 7 хоногийн өмнө ерөнхийлөгч Буштай уулзаж, Америкийн иргэний дээд шагнал болох Конгрессын Алтан медалийг хүртээд байсан юм. Америкийн удирдагчид Төвөдийн удирдагч болон төвөдийн шашин, соёлын эрх чөлөөний төлөөх тэмцлийг хүлээн зөвшөөрсөн явдал нь энэ 7 хоногт Дээрхийн гэгээн Далай ламын сургаалыг сонсохоор Калифорни мужаас ирсэн төвөд цагаач Ринченгэлэгийн хувьд машид ач холбогдолтой байлаа. “Түүний энх тайвны тухай илгээлтийг дэлхий нийт, ялангуяа төвөдүүд, хятадын ард түмэн хүлээн авах нь чухал” хэмээсэн юм.
Индианаполис хотын уугуул, одоо Флоридад амьдарч буй Жули Кроу ДеМаогийн хувьд Дээрхийн гэгээн Далай лам Блүүмингтон хотод эргэн ирснийг харах нь сэтгэл хөдлөм мөч байлаа. Тэрээр айлчлалын үеэр сайн дурын ажилтнаар тусалж байгаа юм.
Дээрхийн гэгээн Далай лам шинэ хаалгыг адислах үеэр төвөд залбирал уншиж байхад Жули Кроу ДеМао “Энэ бол яг л бидний хамгийн дуртай, хамгийн эрхэм, хамгийн хайртай төрөл саднаа харж байгаа мэт санагдаж байна. Үнэхээр гайхалтай мөч байлаа” гэжээ.










