Австрали улс, Бендиго хот. 2007 оны 6 дугаар сарын 8. 1800-гаад оны дунд үед алт олборлогчид Виктория мужийн төв хэсгийн алтны орд газарт олноороо цугларч байв. Харин өчигдөр олон мянган хүн Бендиго хотод дахин цугласан нь энэ удаа материаллаг баялгийг бус, оюун санааны үнэ цэнийг эрэлхийлсэн хэрэг байлаа. Тэд XIV Далай ламыг хүндэтгэн угтахаар 5 өдрийн айлчлалын эхэнд ийн цугларсан аж.
Буддын шашны оюун санааны удирдагч толгодын орой дээр баригдаж буй “Бүх нийтийн энэрэн нигүүлслийн агуу суварга” (Great Stupa of Universal Compassion) хэмээх сүмд адис өргөхөөр нисдэг тэргээр хүрэлцэн ирлээ. 2010 онд баригдаж дуусах 7 давхар уг суварга барууны ертөнц дэх хамгийн том буддын шашны дурсгалт байгууламж болох юм.
Далай ламыг хүрэлцэн ирэхэд уламжлалт хувцсаа өмссөн лам нар угтан авсны дараа уугуул иргэдийн уламжлалт утаагаар ариусгах уламжлалт ёслолд оролцжээ.
Нутгийн Жаара Жаара овгийн ахмад Бриен Нелсон улаан хивсэн дээр Дээрхийн гэгээнийг тэврэн мэндчилсэн байна. Авга ах Бриен хэмээн алдаршсан тэрээр хилийн чанадад Төвөдийн удирдагч нутаг орон, эрхээсээ хагацсан ард түмний тэмцлийг ойлгоно хэмээн үзэж буйгаа илэрхийлэв.
“Бид газар нутгийнхаа төлөө юу хийхийг зорьж буйг тэр ойлгоно гэдэгт итгэлтэй байна. Бид ч бас тэмцэгчид шүү дээ” хэмээсэн юм.
Энэ жил 72 насыг зооглон буй Далай лам 3000 орчим сүсэгтэнд хандан үг хэлэхдээ хувь хүнээс илүүтэй хамтын нийгэмлэгийн үзэл санааг эрхэмлэн, түүнд анхаарлаа хандуулахыг уриалжээ. “Орчин үеийн ертөнц эртний соёл иргэншлүүдээс хамтын нийгэмлэгийн үзэл санааны талаар суралцах боломжтой” хэмээн айлдлаа.
Далай ламын айлдвар сэтгэлд хүрэм бөгөөд инээд хөөрөөр дүүрэн байлаа. Тэрбээр дэлхийн бүх шаших хайр, уучлал, энэрэн нигүүлсэхүй, сэтгэл ханамжийн үнэт зүйлсийг нийтлэгээр эрхэмлэдэг болохыг онцоллоо. “Тэд хүн төрөлхтөнд тусалж, дэлхийг аврах адил тэнцүү чанартай” хэмээн айлдсан юм.
Далай лам ярианыхаа үеэр хэд хэдэн удаа хошигноод авав. Аборигенчуудын бэлэглэсэн чулууг гайхан сонирхож, баруун чихэндээ наан үзэв. Тэрбээр мөн Гуру ринбүүчийн сэрэг дүрийг адислаж, өөрийн айлчлалыг тэмдэглэсэн дурсгалын самбарыг нээжээ.
“Great Stupa” төслийн гүйцэтгэх захирал Иан Гриний хэлснээр уг сүм 50м өндөр, 50м-ийн диаметртэй бөгөөд 50 мөргөлийн өрөөтэй байх ажээ. Барилгын нийт өртөг 15сая доллар бөгөөд бүх зардлыг хандив тусламжаар санхүүжүүлэх юм.
Энэ өдөр Далай ламын айлчлал Rod Laver Arena-д сурагчдад зориулан үг хэлэх арга хэмжээгээр үргэлжилнэ. Тэрбээр маргааш Princes Park дахь MC Labour Park-д олон нийтэд зориулсан үнэ төлбөргүй айлдвар айлдах юм.










