АНУ, Жоржиа муж, Атланта хот. 2007 оны 10 дугаар сарын 22. Дээрхийн гэгээн Далай лам болоод бусад оюун санааны удирдагчид дэлхийн шашин шүтлэгтнүүдийг шашны ялгаатай байдлаасаа болж маргалдахын оронд харилцан ойлголцлыг бий болгохын төлөө ажиллахыг уриаллаа. Мохандас Гандигийн ач хүү Ражмохан Ганди багтсан тус хэлэлцүүлэгт шашин шүтлэгийн үзэл бодол өөр байсан ч бусдыг хайрлан энэрэхийн чухлыг онцолжээ.
“Өнөөдөр дэлхий ертөнц улам бүр жижгэрч байна. Бид бие биеэ илүү сайн ойлгох хэрэгтэй. Энэ бол нэн чухал зүйл” хэмээн хилийн чанадад буй төвөдийн тэргүүн айлдав.
Энэхүү хэлэлцүүлэг нь Эмори Их Сургуулийн хүндэт профессор Дээрхийн гэгээн Далай ламын оролцсон арга хэмжээний нэгээхэн хэсэг байлаа. Хэлэлцүүлгийн өмнө Гандигийн гэр бүлийн гишүүд Дээрхийн гэгээн Далай ламд АНУ-ын Ганди сангийн “Peace Pilgrim” шагналыг өргөн барьжээ. Тэрбээр энэтхэгийн тусгаар тогтнолд хүргэсэн хүчирхийллийн бус бослогыг удирдсан Гандигийн дагалдагч хэмээн өөрийгөө бодож ирсээн дурдсан юм.
Энэ өдөр Дээрхийн гэгээн Далай лам төвөдийн лам нар, буддын шашны бусад урсгалын дагалдагчдын дунд өргөн, алтан өнгийн сэнтийд заларч, буддын шашны үндэс суурийн талаар айлдвар айлджээ. Тэрбээр 6 настайгаасаа эхлэн буддын шашны зан үйл болон гүн ухааны талаар багшаар заалгаж эхэлсэн тухайгаа ярив.
“Тэр үед надад ямар ч сонирхол байгаагүй. Багш минь ирэхэд л нар жаргаж, харанхуй болж байгаа мэт санагддаг байлаа. Хүүхэд байхдаа би тоглохыг л илүүд үздэг байв” хэмээн бага насаа дурсан ярив.
Ням гаргийн сүүлээр тэрбээр мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэх арга замын талаар ярилцахаар бусад шашны удирдагчидтай уулзахаар төлөвлөж байв.
Нобелийн Энх тайвны шагналт, өдгөө 72 насыг зооглон буй ламтан 1959 онд Хятадын ноёрхлын эсрэг амжилтгүй болсон бослогын үеэр Хималайн бүс нутгаас Энэтхэг рүү дүрвэн гарчээ. Тэрбээр төвөдүүдийн дунд машид нэр хүндтэй бөгөөд дэлхийн олон оронд ёс суртахууны өндөр эрх мэдэл бүхий хүн хэмээн үнэлэгддэг ч Хятад улс түүнийг Төвөдийн салан тусгаарлагч хэмээн буруутгадаг.
Өнгөрсөн 7 хоногт Дээрхийн гэгээн АНУ-ын Конгрессоос олгодог иргэний дээд шагналыг ёслол төгөлдөр хүлээн авсны дараахан хятадын албаныхан АНУ-ыг хурцаар шүүмжилсэн юм. Дээрхийн гэгээн Далай лам энэхүү ширүүн хариу үйлдлийг үл тоомсорлон, Төвөдийн тусгаар тогтнолыг бус, харин “жинхэнэ өөртөө засах эрх”-ийг дэмждэг гэдгээ мэдэгдсэн байна.










