Аргентин улс, Буэнос-Айрес хот. 2006 оны 5 дугаар сарын 2. Дээрхийн гэгээн Далай лам 4 дүгээр сарын 30-нд Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотод морилон ирж, 3 өдрийн айлчлалаа эхлүүлэв. Дээрхийн гэгээнийг онгоцны буудалд Гадаад хэргийн яамны ажилтан, айлчлалыг зохион байгуулагч орон нутгийн байгууллагын төлөөлөгчид угтан авчээ.
Дээрхийн гэгээнийг зочид буудалдаа морилон ирэхэд сүсэгтэн олон болон дэмжигчид халуун дотноор угтан авлаа. Дээрхийн гэгээн морилон ирээд, шууд хэвлэлийн бага хуралд оролцоо. Уг хуралд хэвлэл мэдээллийн 50-70 орчим ажилтан хүрэлцэн иржээ. Дээрхийн гэгээн Өмнөд Америкт хийж буй айлчлалынхаа гол зорилгын хүний суурь үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, шашин хоорондын эв нэгдлийг дэмжих явдал хэмээн мэдээлэв. Мөн амьдралдаа хүлээсэн үүрэг, хариуцлагынхаа талаар тайлбарлахдаа төвөдийн ард түмэн, Төвөдөд болоод хилийн чанадад амьдарч буй төвөдүүд түүнд итгэж найддаг тул тэдний зовлон бэрхшээлийг багасгахын төлөө ажиллах хариуцлагатайгаа онцоллоо. Тэрбээр Төвөдийн асуудлыг шийдвэрлэхэд баримталдаг дундыг баримтлах зарчмаа хэвлэлийнхэнд тайлбарласан байна.
Дээрхийн гэгээн үдийн зоогийн үеэр Аргентины хамгийн өргөн тархалттай сонины нэг “Ла Насьон” сонины сэтгүүлч Сильвина Прематад ганцаарчилсан ярилцлага өгчээ.
Дараа нь “Ла Рурал” хурлын төвд болсон “Дотоод болоод гадаад амар амгалан” сэдвээр олон нийтэд зориулсан айлдвар айлдав. Уг арга хэмжээнд 4500 орчим хүн оролцсон бөгөөд Аргентины иргэдээс гадна Уругвай улсаас 200 орчим хүн Дээрхийн гэгээний олон нийтэд зориулсан арга хэмжээнд оролцохоор зорин иржээ.
Дээрхийн гэгээн маргааш өглөө нь Аргентины Нобелийн Энх тайвны шагналт Адольфо Перес Эскивельтэй ганцаарчлан уулзжээ. Нобелийн Энх тайвны шагналтнууд дэлхийн мөргөлдөөн, хурцадмал байдалт бүс нутгуудад үүссэн нөхцөл байдлыг намжаахад Нобелийн Энх тайвны шагналтнууд, шашны удирдагчдын хамтын хүчин чармайлтын талаар санал солилцжээ.
Дээрхийн гэгээн уулзалтынхаа дараа Аргентины сенатын хамгийн залуу гишүүн сенатор Мария Лаура Легисамоныг хүлээн авч уулзав.
0915-0945 цагийн хооронд Аргентины “Тэлефе”, “Чаннел 13” телевизийг төлөөлөн ирсэн сэтгүүлч Хуан Мишельтэй ярилцжээ. Дараа нь шууд “Ла Рурал” хурлын төвд очин, Аргентины буддын шашинтнуудад зориулсан “Оюунаа сургах долоон утга” айлдварын эхний хэсгийг айлджээ. Айлдварыг сонссон 4300 хүний ихэнх нь буддын шашинтнууд биш байсан тул Далай лам 2 цаг үргэлжилсэн айлдварынхаа ихэнх хугацааг бурхны шашны дэлгэрэнгүй танилцуулга хийхэд зориулжээ.
Үдээс хойш Дээрхийн гэгээн Уругвайн “Чаннел 10” телевизэд тусгай ярилцлага өглөө. Орой нь “Ла Рурал” хурлын төвд болсон “Эрүүл мэнд хийгээд оюун санаа” сэдэвт хэлэлцүүлэгт оролцов. Тус арга хэмжээнд 4500 орчим хүн оролцсон байна. Хэлэлцүүлэгт Дээрхийн гэгээнээс гадна аргентины сэтгэл судлаач доктор Эктор Фернандес Альварес, хүүхдийн мэдрэл, сэтгэцийн эмч Кристиан Плебст, философич Бернардо Нанте, экологич, зохиолч Мигель Гринберг, сэтгэл судлаач Моника Зуретти нар оролцсон юм. Хэлэлцүүлгийг Аргентины нэгдсэн анагаах ухааны холбооны ерөнхийлөгч Суси Райх хөтлөн явуулжээ.
Дээрхийн гэгээн “Эрүүл мэнд хийгээд оюун санаан”-ы талаарх хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ эрүүл мэнд нь бие махбодын болон оюун санааны талуудтай болохыг онцоллоо. “Бие махбодын эрүүл мэндийн зарим асуудал нь сэтгэл санааны эрүүл мэндтэй холбоогүй байдаг бол зарим нь сэтгэл санааны эрүүл мэндээс хамаардаг. Үүнтэй адил сэтгэл санааны эрүүл мэндийн зарим асуудал нь бие махбодын эрүүл мэндтэй холбоотой байхад зарим нь холбоогүй байх нь бий. Ийм нарийн төвөгт харилцан хамааралтай учраас эдгээр асуудлыг шийдвэрлэхдээ эрүүл мэндийг бүхэлд нь авч үзсэн цогц хандлага машид чухал” хэмээн айлдсан юм.
Дээрхийн гэгээн зочид буудалдаа буцаж морилсны дараа Уругвайн парламентын чухал хоёр төлөөлөгчтэй тусгайлан уулзжээ. Тэд бол Уругвайн Хууль тогтоох ассамблейн Гадаад харилцааны хорооны дарга, Гадаад харилцааны хорооны гишүүн бөгөөд Уругвайн эрх баригч намын бүлгийн дарга нар байсан аж. Парламентын гишүүд Төвөдийн өнөөгийн нөхцөл байдал болоод Төвөдийн асуудлыг шийдвэрлэхэд Дээрхийн гэгээний баримталж буй хандлагын талаар тодруулан асуухаас гадна ойрын ирээдүйд Уругвайд айлчлахыг тусгайлан урьсан байна.
Мэдээг Нью-Йорк хотын Латин Америкийн харилцааны алба ирүүлэв.










