АНУ, Жоржиа муж, Атланта хот. 2010 оны 10 дугаар сарын 16 - Дээрхийн гэгээн Далай лам 10 дугаар сарын 16-ны өглөө Пало Алто хотоос хөдөлж, үдээс хойш Жоржиа мужийн Атланта хотноо мориллоо.

Дээрхийн гэгээн Далай лам Атланта хотноо морилон ирэхэд Эмори Их Сургуулийн ерөнхийлөгч доктор Жэймс У.Вагнер угтан авч буй нь... АНУ, Жоржиа муж, Атланта хот, 2010 оны 10 дугаар сарын 16. Зургийг Эмори Их Сургуулийн албан ёсны эх сурвалжаас авав.
Түүнийг нисэх буудал дээр Эмори Их Сургуулийн ерөнхийлөгч доктор Жэймс У.Вагнер, Эрдмийн асуудал эрхэлсэн проректор бөгөөд дэд ерөнхийлөгч доктор Эрл Льюис, ерөнхийлөгчийн орлогч бөгөөд дэд зөвлөх доктор Гэри С.Хаук, их сургуулийн нарийн бичгийн дарга бөгөөд дэд ерөнхийлөгч доктор Розмэри М.Мэги, Эмори коллежийн өмнөх декан Роберт А.Пол болон бусад төлөөлөгчид угтан авчээ.
Дараа нь Дээрхийн гэгээн Атланта дахь Бэрээвэн Лосолин хүрээлэнгийн шинээр баригдсан хийдийг аравнайлах ёслолд морилон саатав. Түүнийг хүрээлэнд морилон ирэхэд Гандан ширээтийн 102 дугаар дүр, хамба лам Ризон ринбүүчи болон тус хүрээлэнгийн гишүүд, ажилтнууд, зочид төлөөлөгчид угтан авч, хөгжмийн аялгуу дор хийдэд заллаа.
Товч ёслолын үеэр Лосолин хийдийн лам нар Дээрхийн гэгээнд бат оршил өргөв.

Дээрхийн гэгээн Далай лам Бэрээвэн Лосолин хийдэд морилон ирж буй нь... АНУ, Жоржиа муж, Атланта хот. 2010 оны 10 дугаар сарын 16. Зургийг Клэй Уокер.
Дараса нь Бэрээвэн Лосолин хийдийн ерөнхийлөгч оюун санааны удирдагч гэвш Лувсанданзан тус хүрээлэнгийн үйл ажиллагааны өнөөгийн байдал болон үндсэн гурван зорилгыг танилцууллаа. Үүнд, Хойд Америкийн соёлд хувь нэмэр оруулах зорилгоор төвөдийн буддын гүн ухааны онол, дадлагыг өрнөдийн оюутан судлаач, олон нийтэд түгээх, төвөдийн буддизмд сонирхолтой хүмүүст зориулсан оюун санааны хөтөлбөр хэрэгжүүлэх, төвөдийн соёлыг хадгалан хамгаалж, дүрвэгсдийн нийгэмлэгийг дэмжих зэрэг үйл ажиллагаа багтаж байна.
Дээрхийн гэгээн айлдвартаа төвөдийн буддистууд болоод эрдэмтэн судлаачдын хооронд үргэлжилж буй яриа, хамтын судалгааг дурдан, өмнөх айлчлалын үеэр Висконсиний Их Сургуульд мөн саяхан Стэнфордын Их Сургуульд эрдэмтэдтэй хэлэлцүүлэг өрнүүлснийг санууллаа. Ойрын өдрүүдэд Эмори Их Сургуульд ийм хэлэлцүүлэг үргэлжлэхийг дурдан, төвөдийн буддизмын бясалгалд сонирхолтой хүмүүст зориулсан орчин нөхцөлийг хүрээлэнгийн зүгээс бүрдүүлэхийг санал болголоо.

Аравнайлах ёслолын үеэр Дээрхийн гэгээн Далай лам айлдвар айлдаж буй нь... АНУ, Жоржиа муж, Атланта хот. 2010 оны 10 дугаар сарын 16. Зургийг Клэй Уокер.
Дээрхийн гэгээн гэвш Лувсанданзангийн тухай дурдахдаа Химачал Прадеш мужийн Киннаур нутгаас ирсэн 4 хөвгүүний нэг байсан бөгөөд бага насандаа төвөдийн буддын сургуульд суралцахаар ирж байсныг дурсав. Дээрхийн гэгээн түүнийг “Дарамсалад байдаг Төвөдийн Диалектикийн хүрээлэнд суралцаж, улмаар Бэрээвэн Лосолин хийдэд үргэлжлүүлэн “гэвш” цолыг хүртсэн бөгөөд өдгөө ихэд хариуцлагатай нэгэн болжээ” хэмээн өндрөөр үнэллээ.
Үйл ажиллагаа дууссаны дараа Дээрхийн гэгээн буудалдаа морилон ирэх үед Атланта хотод амьдран суудаг төвөд иргэд болоод төвөдийн ард түмнийг дэмжигчид олноор цуглан халуун дотноор угтан авлаа.
2010 оны 10 дугаар сарын 17-19-ний өдөр Дээрхийн гэгээн Эмори Их Сургуульд сургуулийн хүндэт профессорын хувиар морилох бөгөөд энэ нь түүний хүлээн зөвшөөрсөн анхны их сургуулийн айлчлал юм. Тэрбээр шинжлэх ухаан, бясалгал, бүтээлч сэтгэлгээ, оюун санааны хөгжил, шашин хоорондын яриа хэлэлцээр болоод буддын шашны нийгэмлэгт зориулсан энэрэн нигүүлсэхүйн айлдвар тэргүүт олон нийтийн цуврал арга хэмжээнд морилох юм.










