Хятадын албан тушаалтнуудын мэдэгдлийг эш татсан сүүлийн үеийн мэдээллүүдэд Төвөдийн асуудлыг зөвхөн Дээрхийн гэгээн Далай ламтай холбоотой асуудал мэтээр тайлбарлаж буйтай холбогдуулан нэгэн зүйлийг дахин тодруулан мэдэгдье. Төвөдийн асуудал бол Дээрхийн гэгээн Далай ламын бус, Төвөдөд амьдарч буй 6 сая төвөд хүний ирээдүйтэй холбоотой асуудал юм.
Үнэн хэрэгтээ 1981 онд Хятадын Засгийн газар таван зүйл бүхий санал дэвшүүлж, түүндээ “Далай лам 1959 оноос өмнөхтэй адил улс төрийн байр суурь, амьдралын нөхцөлөө эдэлнэ” хэмээн тусгасан билээ. Тэр үед Дээрхийн гэгээн уг асуудлын гол нь 6 сая төвөд хүний сайн сайхан байдал болохоос бус, өөрийнх нь хувьд Хятадын төв засгийн газраас хүсэх зүйл огт байхгүй гэдгийг хятадын удирдлагад маш тодорхой айлдсан юм.
Далай ламын институц цаашид оршин тогтнох эсэхийг төвөдийн ард түмэн өөрсдөө шийдэх учиртай хэмээн Дээрхийн гэгээн 1969 оноос хойш тууштай айлдсаар ирсэн.
1992 онд Дээрхийн гэгээн, бид бодитой өөртөө засах (автономит) эрхтэйгээр Төвөд нутагтаа буцаж очих боломж бүрдвэл төвөдийн ирээдүйн засгийн газарт ямар ч үүрэг гүйцэтгэхгүй, тэр тусмаа Далай ламын уламжлалт улс төрийн албан тушаалд очихыг эрэлхийлэхгүй гэдгээ зарлан мэдэгдсэн. Түүнчлэн төвөдүүд, түүн дотроо Дээрхийн гэгээн Далай лам ч 1959 оноос өмнөх төвөдийн хуучин нийгмийг сэргээх тухай бодож ч явдаггүйг, ялангуяа хятад ахан дүүсдээ тодорхой хэлье. Үнэн хэрэгтээ, цагаачлан суурьшсан төвөдүүд 1960 онд Төвөдийн Ардын Төлөөлөгчдийн Чуулган буюу цагаачлал дахь парламентын төлөөлөгчдөө сонгож эхэлснээр ардчилсан тогтолцооны үндсийг тавьсан билээ.
2001 оноос хойш цагаачлан суурьшсан төвөдүүд сонгуулиар бүрдсэн улс төрийн удирдлагатай болсон бөгөөд Дээрхийн гэгээн өөрийгөө улс төрийн зарим үүрэг хариуцлагаасаа чөлөөлөгдсөн хэмээн үздэг. Гэвч хүмүүнлэг үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, шашин хоорондын эв найрамдлыг бэхжүүлэх насан туршийн үйл хэргээ тэрбээр үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.
2002 онд Хятадын Засгийн газартай хийх яриа хэлэлцээг сэргээснээс хойш Дээрхийн гэгээний элч нар уулзалт бүрдээ энэ бол Дээрхийн гэгээн Далай ламын бус, төвөдийн ард түмний сайн сайхан байдлын асуудал гэдгийг мөн уламжилсаар ирсэн билээ.
Чимэ Р.Чоекяапа
Дээрхийн гэгээн Далай ламын нарийн бичгийн дарга
Нью-Йорк хот
2008 оны 7 дугаар сарын 17










