АНУ, Вашингтон хот. 2007 оны 10 дугаар сарын 19. Орон гэргүй, архи мансууруулах бодисоос ангид амьдрахаар тэмцэж буй 12 эмэгтэй Дээрхийн гэгээний дэргэд нулимс дуслуулан, бие биеэ тэврэн зогсов. Дээрхийн гэгээн Далай лам өрөөгөөр тойрон явахдаа инээмсэглэн, бөхийн мэндчилж, хүн нэг бүртэй халуун дотноор ярилцаж байлаа. Тэрбээр нэгэн эмэгтэйн эрүүн дэх пирсингийг зөөлөн хөндөж үзсэн бөгөөд хожим нь уг чимэглэл түүнд “бага зэрэг болгоомжлоход хүргэсэн” хэмээн хүлээн зөвшөөрсөн юм.
“Бид бүгд адилхан хүмүүс. Бид бүгдэд сайн сайхныг бүтээх ижил чадвар буй. Үүнийг ойлгох нь маш чухал” хэмээн Төвөдийн оюун санааны удирдагч “N Street Shelter” орогнох байранд 7 хоног бүр болдог бясалгалын хөтөлбөрт хамрагддаг эмэгтэйчүүдэд хэлэв. Дээрхийн гэгээн ХIV Далай лам энэрэн нигүүлсэхүйн ач тусыг онцлон ярьсан юм. Тэрбээр “N Street Shelter байрны эмэгтэйчүүдийн нэгэн адил би өөрөө ч орон гэргүй хүн” хэмээжээ.
Өнөө өглөө болсон энэхүү орогнох байрны айлчлал нь Дээрхийн гэгээн Далай ламын Вашингтон хотод хийсэн 5 өдрийн айлчлалын сүүлийн өдөр байлаа. Айлчлалын бусад хэсэг нь гол төлөв улс төр, дипломат харилцаа, ёслолын арга хэмжээнд төвлөрчээ. 1989 оны Нобелийн Энх тайвны шагналтан Мягмар гарагт ерөнхийлөгч Буштай хаалттай уулзаж, Лхагва гарагт Төвөдийн ард түмний өөртөө засах эрх, шашны эрх чөлөөний төлөө олон арван жилийн турш тэмцсэнийг нь үнэлэн Конгрессын Алтан медалийг гардан авсан юм.
Эмэгтэйчүүдийн орогнох байрнаас тэрээр АНУ-аас өнөөдөр явахынхаа өмнө хийх сүүлчийн албан ёсны уулзалтаараа Төрийн департаментын дэд сайд Жон Негропонтетой уулзахаар төлөвлөжээ.
Түүний очсон газар бүрд Капитолын Ротундагаас эхлээд Капитолын баруун талын зүлэгт талбай, өнгөрсөн шөнө Төвөдийн төлөөх олон улсын хөдөлгөөн болон тус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга, жүжигчин, буддын шашинтан Ричард Гирийн зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээнд олон хүн цуглажээ.
Дээрхийн гэгээн Далай лам бясалгалын бүлэгт зориулан богино айлдвар айлдаж, дараа нь орогнох байранд одоо амьдарч байгаа болон өмнө нь тэнд амьдарч байсан хүмүүс, хандивлагчдад зориулсан бусдыг ойлгон мэдрэх, ялангуяа ядуу зүдүү хүмүүст энэрэнгүй сэтгэлээр хандах тухай яриа онцгой ач холбогдолтой байлаа.
“Энэрэн нигүүлсэхүйн дадал асар арвин ач тустай” хэмээн Далай лам 300 орчим сонсогчид хандан хэлэв. Тэрбээр орогнох байрны эмэгтэйчүүд сууж байсан эгнээ рүү заан, тэднийг өөрийнх нь “гуру буюу багш нар” хэмээн нэрлэжээ.
Хэд хэдэн эмэгтэй тус төвийн бясалгалын хөтөлбөрөөс асар их тус дэмжлэг авснаа ярьжээ. Тэдний хэлснээр уг хөтөлбөр сэтгэл санааг нь тогтворжуулж, хар тамхи, архинаас ангид байж, сэтгэцийн эрүүл мэндээ сэргээхэд нь тусалсан байна.
“Миний дотоод ертөнц эмх замбараагүй, үймээн самуунтай амьдралаар амьдарч байсан” гэж тус орогнох байранд ирэхээсээ өмнө олон жилийг гудамжинд өнгөрүүлсэн нэгэн эмэгтэй хэлэв. Тэрээр бясалгалын ачаар хүч чадал олж авснаа хэлээд, ирэх 7 хоногт бясалгалын хөтөлбөрөө төгсөх гэж буйгаа ярьжээ.
Дээрхийн Энэтхэг, Хятадын алслагдсан нутгийн ядуу иргэдэд хэрхэн туслах зэрэг олон сэдвээр яриа өрнүүлж, асуултад хариулж байв. Тэрбээр сонсогчдоо биеийн хүрэлцэл бүрээс утга учир олж харахыг мөн бүх амьд биетийн мэдрэх чадвар, ухамсарт чанарын талаар эргэцүүлэн бодохыг уриалжээ. Үүнийхээ дараахан тэрээр хүмүүсийг инээлгэсэн нэгэн зүйл хэлсэн нь өөрийг нь хазаж, цус сорж буй шумуул юу бодож байж болох талаар хүртэл эргэцүүлэн боддог тухайгаа ярьсан явдал байлаа.
Энэхүү уулзалтад Вашингтон хотын Амьтан хамгаалах нийгэмлэг буюу тус дүүрэгт амьтдыг ялгалгүйгээр хүлээн авдаг цорын ганц орогнох байрны ажилтнууд болоод одоо тэнд байрлаж буй 2 нохой мөн оролцов. Тус нийгэмлэг нь “N Street Village” байгууллагатай хамтран ажилладаг бөгөөд энэ хүрээнд орон гэргүй эмэгтэйчүүд эзэнгүй болсон амьтдыг сургаж, асран халамжлан, шинэ эзэнд өргүүлэхэд тусалдаг байна.
Айлдварын үеэр Дээрхийн гэгээн Далай ламд Дэйзи хэмээх нохойг танилцуулжээ. Дэйзигийн нэг хөлийг тайрах мэс ажилбар хийсэн бөгөөд эзэд нь түүнийг орогнох байранд өгсөн байна. Өмнө нь “N Street Village”-ээс донтолтоос ангижрахад нь туслах үйлчилгээ авч байсан, тус нийгэмлэгийн сайн дурын ажилтан Жанна Коуэлл Дэйзиг тайзан дээр авч гарчээ.
“Би амьтдад хайртай байсан ч хүмүүст дургүй, тэдэнд итгэдэггүй байлаа” гэж Коуэлл Дээрхийн гэгээн Далай ламд хэлэв. “Амьтдын ачаар би бусдыг энэрэн хайрлахыг сурсан. Мөн өөрийгөө ч энэрэн хайрлаж сурч байна”. Далай лам түүнийг тэврээд, гараа хавсран Дэйзид хүндэтгэл үзүүлэн бөхийв.
Дээрхийн гэгээн Далай ламыг гарах үед танхим нам гүм болсон ч олны дунд сууж байсан, орогнох байранд өмнө нь амьдарч байсан нэгэн хүний тод дуу сонсогдов. Тэрээр олон жилийн өмнө Төвөдийн удирдагчийн уншиж байхыг сонссон гэж хэлсэн санскрит тарнийг удаан, сүрлэг байдлаар уншиж эхлэв. Тэрхүү тарни нь түүнд архи, мансууруулах бодисоос ангид байхын тулд тарни уншихыг өөрийн арга болгоход урам зориг өгчээ. Тус эрхэм өнгөрсөн жил орогнох байрнаас гарсан бөгөөд одоо массажистаар ажиллаж байна.
Бас нэгэн хүн хэлэхдээ, мансууруулах бодис хэрэглэхээ больсноос хойш 1 жил өнгөрснийг саяхан тэмдэглэсэн бөгөөд бясалгалын хөтөлбөр түүнд асар их тус болсныг гайхаж буйгаа ярьжээ. “Анх би бясалгалыг туршиж үзэхийг ч хүсээгүй. Гэхдээ дараа нь өөртөө “Ялагдалд бүү хүрье. Оролдоод үзье” гэж хэлсэн” хэмээн ярив. “Энэ нь надад өөрт минь байдаг гэдгийг огт мэдээгүй байсан дотоод гэрлийг минь нээж өгсөн”.










