Герман улс, Франкфурт хот. 2009 оны 8 дугаар сарын 2. Дээрхийн гэгээн энэ өдрийн үдээс хойш Франкфурт хотод Германы Төвөдийг дэмжигч бүлгүүдийн гишүүдтэй уулзах үеэрээ Төвөдийн үйл хэргийг дэмжиж ирсэнд нь чин сэтгэлийн гүн талархал илэрхийлэв. Уулзалтад Германд амьдардаг Төвөдийн нийгэмлэгийн гишүүд болон тус улсад үйл ажиллагаа явуулдаг Төвөдийг дэмжигч төрөл бүрийн бүлгүүдийн 50 орчим сайн дурын ажилтан оролцжээ.
Дээрхийн гэгээн Төвөдийн байгаль орчны нөхцөл байдал улам доройтож буйд ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлэв. Тэрбээр “Төвөд улс түүхийнхээ хувьд нэн хүнд үеийг туулж байгаа бөгөөд 1 сая гаруй төвөд хүн амиа алджээ” хэмээсэн юм.
Дээрхийн гэгээн 2009 оны 8 дугаар сарын 1-нд Германы Франкфурт хотод болсон уулзалтад Төвөдийн 450 орчим иргэн, Төвөдийг дэмжигч бүлгүүдийн Германы 50 сайн дурын ажилтанд хандан үг хэлэв. Дээрхийн гэгээн олон жилийн турш хятадын жирийн иргэдтэй харилцах харилцаа өргөжиж ирснийг онцоллоо. Хятадуудын бичсэн 680 орчим Төвөдийн асуудлаарх нийтлэлд Төвөдийн асуудлыг шийдвэрлэх “Дундад замын бодлого”-ыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Эдгээр нийтлэлийн 100 гаруйг Хятадад амьдардаг хятад хүн бичжээ.
Дээрхийн гэгээн Далай лам “Нэг дэлхий - Нэг оюун ухаан - Нэг зүрх” сэдэвт симпозиумд оролцлоо. Өглөөний симпозиум нь дэлхий нийтийн болоод хувь хүний хариуцлагын тухай сэдвээр эрдэмтэд, зүтгэлтнүүдтэй хийсэн хэлэлцүүлэг байв. Хэлэлцүүлэгт профессор, доктор Можиб Латиф, профессор, доктор Карл-Хай нар оролцжээ.










