Энэтхэг, ХП, Дарамсала (www.tibet.net) - Дээрхийн гэгээн Далай лам маргааш Дели рүү мордох бөгөөд тэнд хуульчдад Арван хоёр шүтэн барилдлагын талаар айлдах юм.
Дараа нь Дээрхийн гэгээн 2 дугаар сарын 6-наас 14-ний хооронд Саранат, Наланда, Бодгаяад морилон саатна. Тэрбээр 2 дугаар сарын 6-наас 11-ний хооронд Уттар Прадеш мужийн Саранат хотод байх бөгөөд 2 дугаар сарын 7, 8-нд Төвөдийн дөрвөн буддын уламжлалын гүн ухааны семинар, буддистууд болон Энэтхэгийн бусад гүн ухааны урсгалын сургуулиудын хамтарсан хэлэлцүүлэгт оролцоно.
2 дугаар сарын 8-нд Варанаси хотын Төвөдийн дээд боловсролын төв хүрээлэн хэмээх их сургуулийн оюутан, ажилчдад илтгэл тавихаар төлөвлөсөн байна.
2 дугаар сарын 10-нд “Азийн буддизм: Асуудал, эрэл хайгуул” сэдэвт 3 өдрийн олон улсын бага хурлыг нээж үг хэлнэ.
Зураг: Дээрхийн гэгээн Далай ламыг хүндэт харуул угтан авч буй нь...
Дээрхийн гэгээн дараа нь Бихар мужийн Наланда хотын Наланда их сургуульд 2 дугаар сарын 12-нд болох олон улсын семинарт оролцоно.
Мөн 2 дугаар сарын 12-нд Бодгаяа хотод Энэтхэгийн Махабодхи нийгэмлэгээс зохион байгуулж буй Бурхан багшийн нирваан дүр үзүүлсний 2550 жилийн ойн 7 хоногийн арга хэмжээний нээлтэд оролцож, үг хэлнэ. Энэтхэгийн Махабодхи нийгэмлэг нь 1956 онд Бурхан багшийн нирваан дүр үзүүлсний 2500 жилийн ойг зохион байгуулж байсан ба тэр арга хэмжээнд Дээрхийн гэгээн, X Банчэн лам оролцож байсан түүхтэй.
Мөн энэхүү нээлтийн ёслолд Энэтхэгийн Засгийн газар, мужийн болон гадаадын олон нэр хүндтэй зочин оролцох төлөвтэй байна.