Энэтхэг улс, Шинэ Дели хот. 2010 оны 11 дүгээр сарын 19. Дээрхийн гэгээн дэлхийд цэрэгжилтийн системийг бий болгохгүй байхыг онцлон, хүчирхийллээс ангид дэлхийг цогцлоохыг уриалсан ба Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн мөнгөн ойд зориулан зохион байгуулсан арга хэмжээнд “Дэлхийн энх тайвны төлөөх хүмүүний арга” сэдвээр айлдвар айлдлаа.
Дээрхийн гэгээн “Бид дэлхий нийтээр зэвсэг хураахаас өмнө эхлээд дотоод зэвсгээ хураах ёстой. Хүний оюун ухаан нь хөгжил дэвшлийн эх үүсвэр болохын зэрэгцээ түүхэнд тод үлдсэн хүчирхийллийн эх үүсвэр ч болох нь бий. Өнгөрсөн зуунд дайнд 200 гаруй сая хүн алтан амиа алджээ. Хэрэв цөмийн зэвсгийг зохион байгуулалттай буюу хуулиар зөвшөөрсөн хүчирхийллийг зөвтгөхөд ашиглаагүй сэн бол тэдгээрийг бүтээхэд тодорхой хэмжээгээр үндэслэл байхгүй байх сан. Нэг хүнийг алсан хүнийг алуурчин гэж нэрлэдэг атал дайн мэт хуулиар зөвтгөсөн хүчирхийлэлд олон мянган хүний амийг егүүтгэсэн хүнийг “баатар” хэмээн өргөмжилдөг нь ойлгомжгүй нэн бөгөөд үнэн хэрэгтээ түүнийг агуу алуурчин хэмээн нэрийдэх хэрэгтэй билээ. Түүхээс сургамж авахын оронд үндэсний болон дэлхийн хэмжээнд ядуурал зэрэг хүн төрөлхтний тулгамдсан асуудал шийдэгдээгүй байхад цөмийн зэвсэг бүтээхэд тэрбум тэрбумаар хөрөнгө зарцуулж байна. Иймд хүмүүсийг боловсруулж, тус асуудлын талаарх ойлголтыг түгээх шаардлагатай. Бага гэлтгүй энэрэнгүй үйлс, итгэл үнэмшил нь дэлхийг өөрчлөхөд асар их хувь нэмэр оруулдаг. Зарим хүн дэлхий дахины олон асуудалтай нүүр тулахдаа ихэвчлэн хүчгүй, сэтгэл дундуур байдаг. Энэ бол алдаа. Санаачилга хувь хүнээс гарах ёстой. Хүчирхийллийн мөн чанар нь урьдчилан таашгүй бөгөөд өнөөдөр дэлхийн бодит байдал эдийн засаг, байгаль орчны асуудал уламжлалт хил хязгаарт санал зөрөлдөж байна. Тиймээс бид тулгамдсан дэлхийн асуудлыг шийдэхдээ яриа хэлэлцээ, буулт хийх, ил тод байх сэтгэлийг төлөвшүүлэх шаардлагатай. Энэ бол энх тайвны хүнлэг арга зам юм. Бидний төвөдүүд энэхүү аргыг баримтлан, Төвөдийн асуудлыг яриа хэлэлцээгээр харилцан хүлээн зөвшөөрөхүйц байдлаар шийдэхийг эрмэлзэж байна” хэмээн айлдлаа.

Дээрхийн гэгээн асуулт хариултын хэсэгт үзэл санааны хүчинд итгэдгээ илэрхийлэв. “Хэрэв үнэн, шударга ёс, энэрэн нигүүлсэхүйд тулгуурласан бол ийм үзэл санаа урт хугацаанд эерэг үр дүнд хүргэж чадна” хэмээгээд, Коста Рикагийн цэрэггүйжүүлэх арга барилыг жишээ болгов. Мөн “Дэлхий ертөнц Аль-Каидагийн удирдагч Усама Бин Ладен, Талибаны Мулла Омар нар шиг хүмүүстэй дэлхий хэрхэн харьцах ёстой вэ?” хэмээн асуухад Дээрхийн гэгээн дайнаар дамжуулан энх тайвныг тогтоох гэсэн ойлголтыг няцаав. “9 дүгээр сарын 11-ний өдөр Нью-Йоркийн ихэр цамхгийг нураах үед нэг Бин Ладен байсан бол магадгүй одоо түүнээс ч олон байж болох юм” хэмээжээ.
Дээрхийн гэгээн айлдвар айлдахынхаа өмнө Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд асан Жорж Фернандесын хөргийн нээлтэд оролцлоо.

Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэн (ISS)-ийн захирал Жорж Мэтью, Жорж Фернандес Дээрхийн гэгээний байнга хамгаалж ирсэн үйл хэргийн төлөө тууштай тэмцэгч байсныг хэлэв. Хүрээлэн дөнгөж санаа төдий байсан үеэс эхлэн Жорж Фернандес Дээрхийн гэгээний үйлс зохионгуй түүнд агуу урам зориг, дэмжлэгийн эх үүсвэр байсныг ноён Мэтью онцолсон юм.
“1984 онд Жоржид би нэгэн байгууллага байгуулах талаар хэлэхэд тэрбээр тэр дороо л намайг урамшуулсан юм. Тэр Бомбей дэх үйлдвэрчний эвлэлүүдээс цуглуулсан 50,000 рупиг надад өгсөн юм. Тэгээд 1985 онд Өмнөд Делид нэгэн түрээсийн байранд энэхүү хүрээлэнгээ 3 ажилтантай эхлүүлж билээ” хэмээн Мэтью дурсжээ.
Хүрээлэнгийн дарга, каннада хэлт уран зохиолын хөдөлгөөний нэрт зүтгэлтэн доктор У.Р.Анантамурти Дээрхийн гэгээнд хандан Нелсон Мандела, Аун Сан Су Чжи нарын адил та ч мөн эрх чөлөөгөө олох болтугай хэмээн ерөөж, “Та Төвөдөө буцаан авах болно. Учир нь үнэн үргэлж ялдаг юм” хэмээв.
1985 онд байгуулагдсан Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэн нь нийгэмд хэрэгцээт, идэвхтэй үйл ажиллагаа, судалгаа хийх оюуны эрэл хайгуулын үр дүн бөгөөд орчин үеийн нийгэм, улс төр, эдийн засгийн асуудлыг салбар дундын судалгаа хийхийг зорьдог аж. Хүрээлэн судалгааныхаа үр дүн, дүгнэлт, зөвлөмжийг засгийн газрын байгууллага, бодлого боловсруулагчид, нийгмийн шинжлэх ухааны судлаачид, байгууллагуудад хүргэж, тэдний үйл ажиллагааг тэлэхэд хувь нэмэр оруулдаг юм.










