Дарамсала хот. Дээрхийн гэгээн Далай лам энэ орой Иордан улсыг зорин мордох юм. Куллу хотын Дакпо Шедруп Линг хийдэд хийсэн айлчлалаа өндөрлөсний дараа Шинэ Дели рүү хөдөлсөн байна.
“Төвөдийн дуу хоолой” радио Дээрхийн гэгээний хувийн албаны ажилтан Данзантахлагийн хэлснийг эш татан ийн мэдээлжээ. Дээрхийн гэгээн Иордан улсын II Абдулла хааны урилгаар тус улсад айлчилж, Иордан улсын нийслэл Амман хотоос өмнө зүгт 260 км-ийн зайд орших Петра хотод 5 дугаар сарын 18-ны өдөр эхлэх 2005 оны Нобелийн шагналтнуудын Петрагийн бага хуралд оролцохоор болжээ.
Энэхүү хурлыг II Абдулла хааны Хөгжлийн сан болон Эли Визелийн Хүн төрөлхтний төлөөх сангаас хамтран зохион байгуулж байгаа аж. Хоёр өдөр үргэлжлэх уг хуралд 40 орчим Нобелийн шагналтан оролцох юм. Мөн АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон, Украин улсын ерөнхийлөгч, Сингапурын ерөнхий сайд асан болон бусад олон бизнес эрхлэгч, улс төрчид тус хуралд оролцох бөгөөд дэлхий дахинд тулгамдаж буй олон төрлийн асуудлыг хэлэлцэх болно.
Хэвлэл мэдээллийнхэнд хаалттай болох уг хурал тайлангаа 5 дугаар сарын 20-ны өдөр Амман хотод зохион байгуулах Дэлхийн эдийн засгийн форумд хүргүүлнэ. Шашин хоорондын эв найрамдлыг бэхжүүлэхийг хамгийн чухал үүргүүдийнхээ нэг гэж үздэг Дээрхийн гэгээн 5 дугаар сарын 20-ны өдөр Амман хотод Исламын шашны удирдагчид болон оюутнуудтай уулзаж, санал бодлоо солилцох бөгөөд энэ өдрийн орой Иордан улсаас хүлгийн жолоо залах юм.










