Зураг. Дээрхийн гэгээн Далай ламыг Японы парламентын Төвөдийн асуудлаарх бүлгийн үүсгэн байгуулагч, Төлөөлөгчдийн танхимын гишүүн асан Сэйшү Макино (баруун талд), Когаккан Их Сургуулийн Уэсүги Чисато (зүүн талд) нар Исэ хотын Когаккан Их Сургуульд болсон хэвлэлийн бага хурлын хүрээлэн зогсож буй нь... Зургийг Данзандасэл.
Зураг. Дээрхийн гэгээн Далай лам шашин хоорондын чуулга уулзалтын өмнө Когаккан Их Сургуулийн танхимд болсон анхны уулзалтад цугласан хүмүүст хандан үг хэлж буй нь... Зургийг Данзандасэл.
Япон улс, Исэ хот. 2007 оны 11 дүгээр сарын 17. Дээрхийн гэгээн Далай лам өнөөдөр үдээс хойш Японы баруун хэсэгт орших Мие мужийн Исэ хотод хүрэлцэн ирэв. Түүнийг Исэ хотын Үжиямада өртөөнд Мие мужийн хурлын дарга Ивана Хидэки, Төлөөлөгчдийн танхимын гишүүн асан, Японы парламентын Төвөдийн асуудлаарх бүлгийг үүсгэн байгуулагч Сэйшү Макино нар угтан авчээ. Японы Төвөдийн асуудлаарх бүлгийн гишүүд Дээрхийн гэгээн Далай ламыг угтан авахдаа Төвөдийн ёслолын цагаан хадаг барин хүрэлцэн ирсэн байна.
Дээрхийн гэгээн Далай ламыг өмнө нь нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Данзанжамц Тэтон, дүү Нгари ринбүүчи, Япон дахь Төвөдийн хэрэг эрхлэх газрын төлөөлөгч Лхагвацог болон бусад ажилтан дагалджээ. Дээрхийн гэгээн Далай лам Когаккан Их Сургуульд зочлоход тус сургуулийн Уэсүги Чисато, ерөнхийлөгч Бан Исоширо, Шимизү Киёши нар хүндэтгэл дүүрэн угтан авчээ.
Дээрхийн гэгээн Далай лам дараа нь хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд, түүн дундаа айлчлан ирсэн төвөдийн сэтгүүлчдийн багт хандан, Исэ хотод айлчилж буй зорилго болоод шашин хоорондын эв найрамдлын яриа хэлэлцээнд оролцох болсон шийдвэрийнхээ талаар танилцуулав.
Дээрхийн гэгээн Далай лам шашин хоорондын эв нэгдлийг бэхжүүлэх нь зорьж буй хоёр гол үүргийнхээ нэг хэмээгээд, харин нөгөө нь хүнлэг үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх явдал гэдгийг хэлэв. Хэвлэлийн бага хурлын үеэр Төвөдийн удирдагч Хятадтай “Өөртөө засах эрх” тогтоохыг уриалж буй байр сууриа мөн дахин илэрхийлжээ.
Дээрхийн гэгээн Далай лам “Дэлхий нийт намайг зөвхөн жинхэнэ өөртөө засах эрхийг хүсэж байгаа болохоос тусгаар тогтнол хүсээгүй гэдгийг мэдэж байгаа. Гэвч хятадын эрх баригчид түүнийг “салан тусгаарлагч” хэмээн байнга буруутгасаар байна” хэмээсэн юм.










