АНУ, Массачусетс муж, Кембриж хот. 2009 оны 5 дугаар сарын 1. Дээрхийн гэгээн хоёр дахь удаагаа Массачусетсийн Технологийн дээд сургуульд (MIT) айлчилж, үг хэллээ. Өмнөх удаад зочин болж ирсэн бол тэрбээр өчигдөр тус сургуульд шинээр байгуулагдсан “Далай ламын Ёс зүй, хувирган өөрчлөх үнэт зүйлсийн төв”-ийн нээлтэд оролцон, үг хэлэхээр морилон саатжээ.
Дээрхийн гэгээн Далай лам Кресжийн танхимын тайзнаа гарч ирэхэд танхим тэр чигтээ нам гүм болов. Тэрбээр алгаа хавсран, дахин дахин мэхийн ёслон, өөрийн өвөрмөц анжали мэндчилгээгээр үзэгчидтэй мэндчилэв. Товч танилцуулгын дараа тэрбээр айлдвараа эхэллээ. Эхлээд дэлхийн эдийн засаг, чөлөөт зах зээлийн ээдрээтэй мөн чанарын талаар ярив. Тэрбээр эхлээд “Хүний бүтээсэн зүйл атлаа хүний хяналтаас давчихдаг гэж үү?” хэмээн асуужээ. Үүний дараа түүний яриа шашны бус боловсролд ёс зүй ямархан үүрэгтэй тухайд төвлөрөв. “Шашнаас ангид байна гэдэг нь шашныг үгүйсгэнэ гэсэн үг биш, харин бүх шашныг хүндэтгэнэ гэсэн утгатай юм. Ёс зүй нь заавал аль нэг шашинд тулгуурлахгүйгээр оршин тогтнож болно. Улс төрөөс эхлээд шинжлэх ухаан, санхүүгийн салбар хүртэлх ажил мэргэжлийн бүх хүрээнд үнэнч шударга байдал машид чухал билээ. Эдийн засгийн хямралын нэг шалтгаан нь шунал юм” хэмээн айлдаад, хүний эрхийг хамгаалахыг эрхэмлэдэг АНУ тэргүүт улс орныг машид сайшаан, Хятад улстай харьцуулан дурджээ. Хятад улсын Засгийн газар 1950 онд Төвөдийг эрхшээлдээ авсан нь хагас зуу гаруй жилийн турш бурхны шашны хүрээний дотор төдийгүй гадна талд ч зөрчил, маргаан дагуулсаар ирсэн юм.










