Энэтхэг, Жамму Кашмир, Ладак, Лех. 2009 оны 8 дугаар сарын 23. Төвөдийн оюун санааны удирдагч Дээрхийн гэгээн Далай лам Лех хотноо 4 өдрийн турш үргэлжлэх дээдийн номын айлдварын үеэр бодьсадвын тухай ном айлдах аж. Уг хуралд олон мянган сүсэгтэн оролцож байгаа юм. Бямба гарагт эхэлсэн 4 өдрийн дээдийн номын хуралд олон мянган буддын лам хувраг оролцож байна.
Дээрхийн гэгээн номын айлдвартаа бурхны шашны үндсэн зарчмуудыг онцолж, энэхүү шашин нь билиг ухаан, энэрэл нигүүлсэл, амар амгалан, ахан дүүсийн эв нэгдлийг эрхэмлэдэг болохыг тайлбарлажээ. Тэрбээр “Энэ цаг үед хүн төрөлхтний оюун санааны хөгжил машид чухал билээ. Хүмүүс нээлттэй сэтгэлгээтэй байж, үнэнийг эрхэмлэн, энэрэн нигүүлсэхүйг төлөвшүүлэх хэрэгтэй. Зөрчил мөргөлдөөнд автсан өнөөгийн дэлхий ертөнцөд энх тайван, хөгжил дэвшлийн тухай айлдвар сургаал урьд өмнөхөөс ч илүү хэрэгтэй байна” хэмээн Дээрхийн гэгээн айлджээ.
Далай дам Буддын шашинтнууд олонхыг бүрдүүлдэг Лех хотноо морилон саатсан нь бүс нутгийн хувьд ихээхэн ерөөлтэй хэрэг боллоо хэмээн оролцогч сонсогчид хэлж байлаа.
Буддын лам Цэвээнрэгзэн “Дээрхийн гэгээн Далай ламын айлдсан номыг сонсох завшаан тохиосон нутгийн бид машид азтай. Тэрбээр эгэл хэр нь машид ойлгомжтойгоор айлддаг учир хүмүүс сургаалыг нь амархан ойлгодог юм. Манай нутагт морилон саатсан нь бидний хувьд асар их ерөөл билээ” гэжээ.
Номын айлдварт олон тооны гадаадын иргэн, жуулчид оролцож байгаа аж.










