Зураг. Дээрхийн гэгээн Далай лам 2009 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Швейцарийн Лозанн хотын зочид буудалд морилон ирэв. Зургий CTA.
Швейцарь улс, Лозанн хот. 2009 оны 8 дугаар сарын 4. Дээрхийн гэгээн Далай лам Швейцарь улсын Лозанн хотод морилон саатлаа. Түүнийг Маллей дүүргийн мөсөн гулгуурын ордонд айлдах айлдварыг 12 мянга гаруй хүн сонсох төлөвтэй байна. Өнгөрсөн сард 74 нас сүүдрийг зооглсон Төвөдийн удирдагч Богд Зонховын “Мөрийн гурван үндэс” дээдийн номын айлдварыг айлдах аж.
Маргааш өглөө нь Дээрхийн гэгээн Манал бурхны авшиг хүртээх бөгөөд Европын Төвөдийн нийгэмлэгүүдээс Далай ламд Бат оршил өргөх аж. Арга хэмжээг англи, франц хэлээр шууд дамжуулах юм.
Түүний Швейцарь дахь айлчлалын хөтөлбөрт засгийн газрын сайд нартай хийх уулзалт багтаагүй байна. “Энэ нь миний хувьд үнэндээ асуудал биш” хэмээн 1989 оны Нобелийн Энх тайвны шагналт Дээрхийн гэгээн Далай лам “Tages-Anzeiger” сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ. “Би энд суралцахаар ирсэн. Хэнийг ч тавгүй байдалд оруулахыг хүсэхгүй байна” хэмээжээ.
Төвөдийн удирдагчийн Женев хотын элч Галсанжалцан Швейцарийн Засгийн газар Дээрхийн гэгээн Далай ламыг албан ёсоор угтан авахгүй гэсэн шийдвэр гаргасанд сэтгэл дундуур буйгаа илэрхийлжээ. Тэрээр “Swiss Info” сайтад өгсөн ярилцлагадаа Дээрхийн гэгээн Далай лам хүлээн авч буй улсынхаа засгийн газарт ямар нэгэн хүндрэл учруулахыг хүсдэггүйг онцолсон байна. “Зарим улсын засгийн газар түүнтэй уулзахгүй байхаар шийдсэн нь байж болох л зүйл. Гэхдээ Швейцарь, Төвөдийн харилцааны хүрээнд би Швейцарийн Засгийн газрын энэ шийдвэрт сэтгэл дундуур байна. Энэ нь тус болохгүй. Түүнчлэн хятадын удирдлагуудад Төвөд, Хятад дахь үндэстний цөөнхийн талаарх бодлогоо эргэн харах шаардлагатайг ойлгуулах зөв дохио болж үл чадна” гэжээ. Тэрээр цааш нь “Швейцарь улс хүмүүнлэгийн үнэт зүйл, уламжлал, эрх чөлөө, ардчиллын үзэл санааг эрхэмлэдэг орон гэдгээрээ алдартай. Холбооны зөвлөл буюу засгийн газар Дээрхийн гэгээн Далай ламтай уулзахгүй гэсэн шийдвэр гаргасан нь олон улсын хамтын нийгэмлэгийн нүдэнд Швейцарийн эрхэмлэдэг эдгээр үнэт зүйлийн нэр хүнд, үнэмшилтэй байдалд тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлж байна” хэмээн мэдэгджээ.
Дээрхийн гэгээн Далай ламыг Женев нуурын эрэг дэх Уши дүүрэгт байрлах “Beau-Rivage” зочид буудлын үүдэнд 200 гаруй хүн угтан авчээ. Тэрбээр айлчлалынхаа хугацаанд тус зочид буудалд байрлах ажээ.
Швейцарийн Гадаад хэргийн яамны мэдээлснээр, Төлөөлөгчдийн танхимын дарга Кьяра Симонески-Кортези Дээрхийн гэгээн Далай ламтай уулзах юм. Далай лам үүний дараа Хятад, Төвөдийн асуудлаарх бага хуралд оролцохоор Женев хотыг зорих ажээ.
Энэхүү айлчлал Дээрхийн гэгээний Лозанн хотод хийж буй анхны айлчлал юм. Тэрбээр 2005 онд Цюрих хотноо айлчлах үеэр айлдварыг нь сонсохоор 30 мянга гаруй хүн цугларч байлаа.










