АНУ, Теннесси муж, Мемфис хот. 2009 оны 9 дүгээр сарын 22. “Peabody” зочид буудлын нугаснууд улаан хивсэн дээгүүр ёслол төгөлдөр алхаж, үүдний танхимын усан оргилуурт хүрч очихыг нууц албаны ажилтнууд хүлээж байлаа. Нугаснуудын ёслол дууссаны дараа л тэд Дээрхийн гэгээн Далай ламын байрлаж буй давхарт аюулгүй байдлын ээлжит шалгалт хийх боломжтой байв. Шалгалт дуусмагц хамгаалалтын ажилтнуудын тал нь нисэх онгоцны буудлыг зорьж, үлдсэн хэсэг нь Миссисипи мөрний эрэг дэх Том Ли цэцэрлэгт хүрээлэнд Мемфис хотын цагдаа нартай нэгдэв.
Мемфис хотын түүх, хөгжил энэ мөрөнтэй салшгүй холбоотой. Миссисипи мөрөн хотыг Америкийн томоохон боомтуудын нэг болгож, голын дээд, доод урсгалын дагуух хөгжмийн уламжлалыг нэгтгэн, блюз болоод Мемфисийн өвөрмөц хөгжмийн урсгал бүрэлдэхэд нөлөөлжээ. Түүнчлэн боолчлолын үед олон хүн энэ мөрнийг эрх чөлөөнд хүрэх зам болгон ашиглаж байв. Дээрхийн гэгээн Далай лам блюз хөгжмөөрөө алдартай Мемфис хотод анх удаа айлчлахдаа Иргэний эрхийн үндэсний музейгээс 2009 оны Олон улсын эрх чөлөөний шагналыг болгоохоор ирээд, хамгийн түрүүнд очсон газар нь Миссисипи мөрний эрэг байлаа.
Түүнийг Мемфис хотын дарга Майрон Лоуэри, Шелби тойргийн дарга А.С.Уортон нар угтан авчээ. Тэд Дээрхийн гэгээн Далай ламд төвөд хадаг барьсан ч ёслолын үеэр багахан сандарч, эв хавгүйтэв. Далай лам өдгөө 74 насыг зооглож байгаа ч залуу хүн шиг цовоо, шаламгай ажээ. Тэрбээр жогтой инээмсэглэл, гялалзсан нүдтэй бөгөөд хошин шогийн мэдрэмжээрээ алдартай билээ. Ламын улаан шаргал өмсгөл нь түүнийг хүрээлэн зогсоо холбооны хамгаалалтын ажилтнуудын хувцаснаас эрс ялгарч байв. АНУ-д айлчилж буй, дэлхийд нэр хүндтэй шашны тэргүүний аюулгүй байдлыг хангах нь тус улсын засгийн газрын үүрэг юм.
Дээрхийн гэгээн Далай ламын инээмсэглэл хоёр хотын дарга болоод эргэн тойрныхныг тэр дор нь тайвшруулжээ. Иргэний эрхийн төлөөх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн, хотын түлхүүр, Мемфис хотын хүндэт иргэнээр өргөмжилсөн тунхаг бичгийг болгоосныхоо дараа тэрбээр мэхийн ёслоод, инээмсэглэв. Англиар багахан түгдэрч ярихдаа “хүний үнэт зүйл”, “хүн хоорондын энэрэл хайр”-ын чухлыг онцолжээ. Тэрбээр “Энэрэл хайр, нигүүлсэнгүй сэтгэл нь арьс өнгө, эдийн засгийн байдал зэрэг хүмүүсийг зааглан хуваадаг бүхий л ялгааг даван гарч чадна. Нигүүлсэнгүй сэтгэл бидний харах өнцгийг өөрчилдөг” хэмээн айлджээ.
Иргэний эрхийн үндэсний музей нь доктор Мартин Лютер Кингийн амь насыг хөнөөсөн газар болох Лоррейн зочид буудалд байрладаг аж. Доктор Кингийн нэрийг сонсмогц Далай лам дуугаа хураан, гүн бодолд автжээ. Тэрбээр Кингт хүндэтгэл үзүүлэхийн тулд л алсын Мемфис хотыг зорьж ирсэн юм. “Би түүнтэй уулзаж байгаагүй ч түүнийг машид биширдэг. Төвөдийн эрх чөлөөний төлөөх тэмцэл болон доктор Кингийн иргэний эрхийн хөдөлгөөнийг нэгтгэдэг гол үнэт зүйл нь хүчирхийлэлгүй байх зарчим юм” хэмээн Дээрхийн гэгээн Далай лам хэлэв.
Дээрхийн гэгээн Далай лам Төвөдөөс дүрвэн гарч, Энэтхэгт Төвөдийн дүрвэгсдийн Засгийн газрыг байгуулснаас хойш 50 жил өнгөрчээ. Түүний айлчлал үргэлж маргаан дагуулдаг. Ялангуяа Хятад улс дэлхийн их гүрэн болж, худалдааны чухал түнш болсон өнөө үед АНУ-ын олон компани хятадын хариу арга хэмжээнээс болгоомжилж, дэлхийд хамгийн алдартай шашны тэргүүнтэй ил тод байр суурь нэгтгэхээс зайлсхийдэг. 1950 онд Төвөдийг эрхшээлдээ оруулсан хятадын эрх баригчид Далай ламыг Төвөдөд өөртөө засах эрх олгохыг шаардаж байна хэмээн буруутгадаг. АНУ-ын ерөнхийлөгчид ч Далай ламтай харилцахдаа болгоомжтой хандсаар иржээ. Ерөнхийлөгч Барак Обама түүнтэй хараахан уулзаагүй бөгөөд Төвөдийн асуудлаарх АНУ-ын бодлогыг хэлэлцэхээр зөвхөн нэг зөвлөхөө илгээсэн байна.
Дээрхийн гэгээн Мемфист байх хугацаандаа “Энх тайван, эв найрамдлыг хөгжүүлэх нь” сэдвээр олон нийтэд зориулсан айлдвар айлдах юм. Мөн түүний хүндэтгэлд зориулсан тоглолтыг зохион байгуулах аж. “The Missing Piece Project” байгууллагаас зохион байгуулах уг тоглолтод төвөд хөгжимчид, дуучин, дуу зохиогч Мэтт Натансон, кантри хөгжмийн дуучин Жо Николс, гол уран бүтээлч Натали Коул Мемфисийн симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох ажээ.
Миссисипи мөрний эргээс явахынхаа өмнө Дээрхийн гэгээн Далай лам хоёр төвөд хадгийг мөрөнд өргөн, ерөөл хайрлав. Дараа нь инээмсэглэн, хамт яваа лам нар луугаа хараад, “Төвөдөд бид гол мөрнөө ингэж адисалдаг юм. Энэ ч бас бидний мөрөн шүү дээ” хэмээн хэлжээ.










