Нигери улс, Лагос хот. 2008 оны 11 дүгээр сарын 28. Төвөдийн ард түмний шашны тэргүүн Дээрхийн гэгээн XIV Далай лам Нигерийн эдийн засаг хөгжих өргөн боломжтойг онцолж, ардчилал, ардчилсан засаглалаа хадгалж ирсэн тус улсын ард түмнийг сайшаажээ. Тэрбээр 11 дүгээр сарын 27-нд Лагос хотын Нигерийн олон улсын харилцааны хүрээлэнд болсон “Эммануэл Осигве Аньям-Осигве” сангийн 10 жилийн ойн арга хэмжээнд гол илтгэл тавихдаа энэ тухай айлдсан байна.
Дээрхийн гэгээн Африк тивийг хүн төрөлхтний өлгий нутаг, хөгжих асар их боломжтой уудам тив хэмээн онцолжээ. Гэвч тус тивд дайн, өлсгөлөн зэрэг олон эмгэнэлт явдал гарч байгаад харамсаж буйгаа илэрхийлсэн байна. Эдгээр нь ядуурал, бичиг үсэг үл мэдэх явдал, ХДХВ, ДОХ-ын тархалтыг улам нэмэгдүүлж байгааг дурдан, ийм нөхцөл байдлыг ёс суртахууны үүднээс хүлээн зөвшөөрөх аргагүй бөгөөд таслан зогсоох ёстойг онцолжээ. Үүний төлөө африкчууд өөрсдөө хүчээ нэгтгэн тэмцэх нь чухал хэмээн айлдав. Мөн баян, ядуугийн хөрөнгө чинээний ялгааг багасгах нэг арга нь хүмүүс өөртөө итгэх итгэлээ бэхжүүлэх явдал болохыг Далай лам онцолжээ. Тэрбээр Өмнөд Африкийн жишээг дурдаж, тус улс арьс өнгөөр ялгаварлан тусгаарлах апартеидын дэглэмээс улс төрийн хувьд чөлөөлөгдсөн ч хүмүүс сэтгэл зүйн хувьд өөрсдийгөө чөлөөлөх шаардлагатай тулгарсныг тайлбарласан байна. Учир нь хүн өөрийгөө бусдаас дорд үзэх сэтгэлээсээ ангижирч, сэтгэл зүйн хувьд эрх чөлөөтэй болж байж эдийн засгийн эрх чөлөөнд хүрнэ хэмээн тэрбээр айлджээ.
Түүнчлэн хүний амьдралыг хүндэтгэхийн чухлыг хөндөж, Африкийн хүн ам өсөхийн хэрээр өсөлт нь эдийн засгийн даац, боломжид нийцсэн байх ёстойг анхааруулсан байна.










