Иордан улс, Петра хот. 2006 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Иордан улсын Петра хотод эхэлсэн "Нобелийн шагналтнуудын хурал: Петра II - Аюулд орсон дэлхий” бага хуралд оролцож буй 20 гаруй Нобелийн шагналтны нэгэн нь Дээрхийн гэгээн Далай лам байлаа.
UPI агентлагийн мэдээлснээр, Иордан улсын хаан II Абдулла нээлтийн үгэндээ урт хугацааны хөгжлийг дэмжихэд Нобелийн шагналтнуудын манлайлал, мэдлэгийг ашиглахын чухлыг онцолж мөн энх тайван нь гол төлөв түүнийг бүрдүүлэгч итгэлцлээс хамаардаг болохыг тэмдэглэн, зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэхэд онцгой анхаарал хандуулахыг уриалжээ.
II Абдулла хаан “Нобелийн шагнал нь хүн төрөлхтний дэвшлийн эх сурвалж дэлхийн өнцөг булан бүрд байдгийг хүлээн зөвшөөрдөг билээ. Дэлхийн Нобелийн шагналтнуудын оюун ухаан, мэдлэг, авьяас чадвар нь дэлхийн сая сая хүнд илүү сайхан амьдралыг авчирсан бөгөөд энэ долоо хоногт бид тэдэнд өөрсдийн өндөр түвшний шинэлэг сэтгэлгээгээ орчин үеийн дэлхий нийтийн хамгийн тулгамдсан асуудлуудын зарим хэсгээс ч болов шийдвэрлэхэд ашиглах онцгой боломжийг олгож байна” хэмээжээ.
“Ассошиэйтед Пресс” агентлагийн мэдээлснээр хаан хурлын оролцогчдод хандан, “Улс үндэстнүүдийн хоорондын энх тайван нь нийтлэг үнэт зүйл, зорилготой гэдгээ хүлээн зөвшөөрсөн үед бий болдог итгэлцлээс хамаарах юм” хэмээсэн аж.
Мөн AP агентлаг нээлтийн хуралдааны дараа төлөөлөгчид дөрвөн бүлэгт хуваагдан, хаалттай, тун нарийвчилсан хэлэлцүүлэг өрнүүлжээ. Тэдний хэлэлцэх асуудлын жагсаалтад Израил, Палестины энх тайвны үйл явцаас гадна дэлхийн аюулгүй байдал, хөгжлийн тулгамдсан олон асуудал, тухайлбал цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, боловсрол, эрүүл мэнд, ядууралтай тэмцэх, эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх зэрэг асуудал багтсан байна.
“Аюулд өртсөн дэлхий” сэдэвт энэхүү хурал нь “бүс нутагт энх тайван, хамтын ажиллагааг дэмжих бодит, хэрэгжихүйц олон санаачилгаар өндөрлөх болно” хэмээн зохион байгуулагчид ихэд найдаж буйг II Абдулла хааны туслах Бассем Авадалла хэлснийг AP агентлаг мэдээлжээ.










