Нью-Йорк муж, Сиракьюс хот. Дээрхийн гэгээн өнөө өглөөний цайгаа шашны удирдагчид, орон нутгийн болон бусад нэр хүндтэй төлөөлөгчдийн болох Эндрю Браун, III Мартин Лютер Кинг, А.Р.Рахман нарын хамтаар уулаа.
Далай лам тэдний тавьсан сонирхолтой асуултуудад хариулахдаа шашнаас ангид ёс зүйн ач холбогдлын талаар онцлов. Хайр энэрэл, асрал нигүүлсэл, уучлал, хүлцэл т
эвчээр зэрэг үнэт зүйлс нь шашин шүтлэгээс үл хамааран бүх уламжлалд нийтлэг байдаг тухай, эдгээр нь урт удаан аз жаргалын жинхэнэ эх булаг хэмээн үзэж, аль болох олон хүнд хүргэх арга замыг эрэлхийлж буйгаа хэлэв. Сэтгэлийн амар амгаланд хүрэх дөт зам бий юу? хэмээн асуухад Дээрхийн гэгээн “Тийм зам үгүй” гэхэд, “Тэгвэл түүнд хүрэх урт зам нь юу вэ?” гэхэд тэрбээр “Сэтгэлээ сургаж дадуулах явдал юм” хэмээн хариулав.

Үдээс хойш Дээрхийн гэгээн “Нэг дэлхий” хөгжмийн тоглолт болох Сиракьюсийн Их сургуулийн “Carrier Dome” цэнгэлдэх хүрээлэнг зорилоо. Тэнд тоглолтод оролцох уран бүтээлчидтэй тайзны ард уулзсан бөгөөд уран бүтээлчид ч түүнтэй уулзаж, ярилцах завшаан олдсонд туйлын баяртай байлаа. Дээрхийн гэгээн тэдэнд хандан, “Бидэнд тулгарч буй асуудал бүхний шалтгаан нь бид өөрсдөө шүү дээ. Хардалт сэрдэлт, атаа жөтөөнөөс үүдэж бидний сэтгэлд айдас, түгшүүр бий болж, энэ нь цаашлаад бухимдал, ганцаардалд хүргэдэг. Үнэндээ хэн ч зовлон бэрхшээлийг хүсдэггүй гэдгийг тунгаан бодож, шалтгааныг нь өөрсдийн дотроос эрэлхийлснээр бид энэ бүхнийг багасгаж намдааж чадна. Хүн бүр тодорхой хэмжээгээр хувийн ашиг сонирхлоор хөглөгддөг нь байх л ёстой зүй ёсны хэрэг боловч энэ төрлийн хувийн ашиг сонирхолыг мунхагаар бус, харин ухаалагаар залах учиртай. Тэгвэл хамгийн ухаалаг зам бол бусдын сайн сайхныг харгалзан үзэх явдал бөгөөд эцсийн дүндээ бидэнд өөрсдөд маань ч тустай. Хэрэв би энэ бүхний талаар яривал миний нөлөө хязгаарлагдмал байх болов уу гэж бодож байна. Харин та бүхэн шиг хүмүүс дуу хуур, хөгжим, урлагаар дамжуулан аз жаргалын эх булаг нь чин сэтгэл ба бусдын сайн сайхны төлөөх сэтгэл юм шүү гэсэн захиасыг хавьгүй өргөн хүрээнд түгээж чадна” хэмээн онцлон айлдлаа.

Үүний дараахан хэвлэл мэдээллийнхэнтэй уулзахдаа Дээрхийн гэгээн өөрийн амьдралын гурван үндсэн үүрэг амлалтаа тайлбарлалаа. Үүнд,
1. Эгэл хүмүүн болохын хувьд амар амгалан болон аз жаргалын эх булаг нь бидний дотоод сэтгэлд буй болохыг хүмүүст ухааруулах
2. Бурхны шашны хувраг хүний хувьд шашин хоорондын зохицол, эв нэгдлийг дэмжих
3. Төвөдийн үйл хэрэгтэй холбоотой улс төрийн үүрэг хариуцлагаасаа чөлөөлөгдсөн тул бурхны шашинтнуудыг бурхны шашин гэж юу болох мөн чанарыг ойлгож, улмаар сургаал номлолыг нь бодит амьдралдаа хэрэгжүүлэх чадвартай “XXI зууны бурхны шашинтан” болоход нь уриалан зоригжуулах явдал юм хэмээн тайлбарлав. Төвөдөд сүүлийн үед гарч буй өөрийгөө зулын гол болгох явдлуудын талаар асуухад тэрээр эдгээр эмгэнэлт үйл явдлыг Хятадын бодлогын уршгаар үүссэн нөхцөл байдлын илрэл хэмээн тодорхойлов. Тэрбээр урьд өмнө Ху Яобангийн хийж байсны адил чухам яагаад ийм үйлдэл гарах болсныг Хятадын удирдагчид судалж үзэх хэрэгтэй гэдгийг зөвлөлөө. Хэдийгээр тоталитар дэглэм бодит байдлыг хүлээн зөвшөөрөхөд бэрхшээлтэй байдаг ч Дэн Сяопиний зөвлөсөнчлөн бодит баримтаас үнэнийг эрэлхийлэх ёстой гэв.

“Carrier Dome”-ын тайзнаа Вупи Голдберг 24,000 гаруй үзэгчийг хөгжөөн, “Voices of Afghanistan” хамтлаг нижигнэсэн алга ташилтын дор ая дуугаа өргөсний дараа “World Harmony Productions”-ийг үүсгэн байгуулагч Сэм Наппи Дээрхийн гэгээнийг олон түмэнд танилцуулав. Түүнийг олны өмнө морилон гарч ирэхэд сүр жавхлант уухайн түрлэг хадав.
“Эрхэм ахан дүүс ээ, та бүхэнд хандан үг хэлэх ийм боломж тохиосонд туйлын баяртай байна. Энэхүү арга хэмжээг боломжтой бодит ажил болгосон зохион байгуулагчид, их сургуулийн ректор болон холбогдох бүх хүмүүст талархал илэрхийлье. Би хөгжмийн талаар төдийлөн сайн мэдэхгүй ч өнөө орой та бүхэнд зориулан ая дуугаа өргөх дуучид, хөгжимчдийг гүнээ биширч байна.
Би олон нийтийн өмнө үг хэлэх бүртээ бид бүгд адилхан гэдгийг байнга сануулдаг. Сэтгэл санаа, бие махбод, сэтгэл хөдлөлийн хувьд бид бүгд нэгэн адил хүмүүс билээ. Хүн төрөлхтний нэгдмэл мөн чанар, бид бүгдэд энэрэн хайрлах адилхан чадавх бий бөгөөд хувь хүн, гэр бүл, улс үндэстний түвшинд ч энэрэл хайр бол аз жаргалын үндэс суурь мөн гэдгийг би үргэлж онцолдог билээ” хэмээжээ.
Шашин шүтлэггүй хүмүүс амьдрал дахь үнэт зүйлс ямар чухал болохыг орхигдуулах нь цөөнгүй байдаг талаар тэрээр тайлбарлав. Гэвч хүн бол хамтран амьдрахын тулд дотоод үнэт зүйлс зайлшгүй шаардагддаг нийгмийн амьтан билээ. Бид анх хорвоод мэндлэхдээ л эхийн хайр энэрлийг хүртдэг учир бид бүгдэд хайрлах, энэрэн нигүүлсэх унаган чанар оршдог. Түүнчлэн бага насандаа хайр энэрлийг бүрэн дүүрэн хүртсэн хүмүүс хожмын амьдралдаа илүү айх айдасгүй, тайван амгалан байдаг нь нотлогдсон билээ. Энэрэнгүй сэтгэлийг илэрхийлэх суурь хандлага нь өөрийнх нь нэрлэдэг шашнаас ангид ёс зүй болохыг Дээрхийн гэгээн тайлбарлан, ийн айлдав. “Амар амгалан, аз жаргалын туйлын эх булаг бол сайхан сэтгэл мөн гэдгийг би та бүхэнд хэлэхийг хүсэж байна. Энэ нь бидний дотор оршин байдаг. Мэдээж хэрэг, адгуус амьтдын нэгэн адил бидэнд харж, сонсох мэдрэхүйн хүртэхүй байдаг ч хүнийг бусдаас ялгаруулах зүйл бол бидний оюун ухаан юм. Энэхүү оюун ухаан сайхан сэтгэлтэй хослох цагт аз жаргалыг авчирдаг. Бидэнд ийм гайхамшигт оюун ухаан заяасан ч түүнийг сургаж, дадуулах ёстой. Тухайлбал, баян хоосны асар их ялгааг арилгахын тулд энэхүү оюун ухаанаа ашиглан бодит үйлдэл хийх хэрэгтэй. Өнөөдөр тохиолдож буй таагүй олон үйл явдал нь өнгөрсөнд гаргасан бидний алдаа эндэгдлийн үр дүн юм. Хэрэв бид өмнөх үеэсээ илүү аз жаргалтай, илүү амар амгалан XXI зууныг цогцлоохыг хүсэж байгаа бол дэлхийн иргэний хувиар сэтгэж, хөдлөх цаг нь нэгэнтээ иржээ”.

“Carrier Dome” цэнгэлдэх Дээрхийн гэгээний айлдварыг талархан сайшаасан их уухайн түрлэгээр дүүрэв. Дараа нь Дэйв Мэттьюс өөрийн анд гэцэл Данзан Дондэнг танилцуулсан бөгөөд тэрбээр Сиракьюс хотод морилон саатсанд, мөн уг арга хэмжээг зохион байгуулахад хувь нэмэр оруулсан бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Тэрээр төгсгөлд нь инээмсэглэн,
“Одоо харин доргих цаг боллоо!” хэмээв.
Дэлхийн олон орноос хуран цугласан уран бүтээлчид нэгдэн, сайн сайхан дэлхий ертөнцийн бэлэг тэмдэг болсон Жон Ленноны алдарт “Imagine” дууг гайхалтайгаар эгшиглүүлэв. Дээрхийн гэгээн уран бүтээлч бүртэй халуун дотноор гар барилаа. Дэйв Мэттьюс эхний дуугаа дуулсны дараа Дээрхийн гэгээнд халуун талаар илэрхийлэх олон түмэн рүү гар даллан тайзыг орхижээ.










