Энэтхэг, Дарамсала. 2007 оны 11 дүгээр сарын 9. Орос, Монголын 400 гаруй буддист мөн хэдэн зуун төвөд болоод гадаадын жуулчид Дарамсала дахь Намжил дацангийн Зүглэгхан дуганд цуглаж, Дээрхийн гэгээн Далай ламын нэг өдрийн тусгай номыг айлдварыг сонслоо.
Дээрхийн гэгээн Далай лам өнөө өглөө Богдо Зонховын “Гурван суртгаал” номыг айлдав. Энэхүү ном айлдварыг Дарамсалад 5 өдрийн Буддистуудын наадамд оролцож буй Монгол, ОХУ-ын Буриад, Халимаг, Тувагийн сүсэгтэн олонд зориулан Дээрхийн гэгээн Далай лам тусгайлан зохион байгуулжээ.
Орос, Монголын сүсэгтнүүд маргааш өглөө Дээрхийн гэгээн Далай ламд насны авшигт зориулан ерөөл өргөх аж. Үүний дараа Зүглэгхан дуганы хашаанд соёлын тоглолтыг зохион байгуулагдах бөгөөд Дээрхийн гэгээн Далай лам олны өмнө хүрэлцэн ирэхээр төлөвлөжээ. Энэ нь Дээрхийн гэгээн Далай ламд АНУ-ын Конгрессын олгодог иргэний дээд шагнал Конгрессын Алтан медаль гардуулснаас хойших Дарамсалад хийх анхны олон нийтийн өмнөх үйл явдал болох юм.
Халимагийн буддистуудын шашны тэргүүн Тэло ринбүүчи Буддистуудын наадмын нээлтийн үеэр “Дээрхийн гэгээн Далай лам 10 дугаар сарын 17-нд АНУ-ын Конгрессын Алтан медалийг хүртсэнийхээ дараа Дарамсалад анх удаа олон нийтийн өмнө хүрэлцэн ирэх энэ мөч бидэнд тохиосон нь азтай давхцал билээ. Тиймээс энэ нь бид бүхний хувьд үнэхээр онцгой баяр болох болно” хэмээжээ.
Тэрбээр Дарамсала хотод анх удаа зохион байгуулагдаж буй тус наадмыг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Дарамсала нь Дээрхийн гэгээн Далай лам тэргүүтэй Төвөдийн хилийн чанад дахь Засгийн газрын төв байрладаг газар юм.
Орос, Монголын сүсэгтэн олон Дээрхийн гэгээн XIV Далай ламыг өөрсдийн оюун санааны удирдагч, шашны тэргүүн хэмээн хүндэтгэдэг бөгөөд коммунист дэглэмийн олон арван жилийн хатуу хавчлага, хэлмэгдүүлэлтийн дараа өөрсдийн бүс нутагт буддын шашныг бүрэн сэргээн хөгжүүлэхийн төлөө Дээрхийн гэгээн Далай ламын адислал, удирдамжийг эрэлхийлсээр ирсэн билээ.










