Итали, Милан. 2007 оны 12 дугаар сарын 7. Дээрхийн гэгээн Далай лам Италид хийх 10 хоногийн айлчлалынхаа үеэр Пап лам Бенедикттэй уулзаж чадахгүйдээ харамсаж буйгаа илэрхийлэв. Түүний айлчлалын үеэр Италийн улс төрчдийн дийлэнх нь түүнтэй уулзахаас зайлсхийсэн байна.
Хятадын тал Дээрхийн гэгээн Далай ламын дэлхийн улс орнуудаар хийж буй айлчлалуудыг дипломат харилцаанд ноцтой зөрчил гэж үздэг бөгөөд Хятадаас Итали улсад суугаа элчин сайд улс төрчдийг Дээрхийн гэгээн Далай ламтай уулзахгүй байхыг уриалсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Дээрхийн гэгээн Далай лам Католик шашны тэргүүнийг хүндэтгэдэг гэдгээ илэрхийлэхийн зэрэгцээ 1973 онд Европт хийсэн анхны айлчлалынхаа зорих газар нь Пап ламын оршин суудаг Итали улс байсан тухай дурсан ярив. Гэвч Ватикан энэ удаад католик шашны тэргүүнтэй уулзах боломжгүй гэдгийг мэдэгдсэн байна.
72 настай Дээрхийн гэгээн Далай лам Италийн өдөр тутмын “La Repubblica” сонинд ярилцлага өгөхдөө, “Өмнө нь би бээр Италид ирэх бүрдээ Пап ламтай уулздаг байсан. Харин энэ удаа Пап ламд зарим хүндрэл учирсан бололтой. Үүнд би харамсаж байна” хэмээжээ. Мөн тэрбээр өмнөх Пап лам II Иоанн Павелийг ихэд санаж байгаагаа хэлсэн байна.
Хятадтай харилцаагаа сайжруулах зорилтын нэг болгосон Пап лам Бенедикт өнгөрсөн оны 10 дугаар сард Дээрхийн гэгээн Далай ламтай хаалттай, хувийн уулзалт хийж байжээ. Далай лам бээр “Би Пап лам Жозеф Ратцингертэй нэг удаа уулзаж байлааа. Тэр надад итгэл бишрэл болоод оюун ухааныг эвлэрүүлэх нь хэчнээн чухал болохыг хэлж байв. Энэ бол машид гайхалтай зүйл” хэмээн ярьжээ.
Дээрхийн гэгээн Далай лам 12 дугаар сарын 5-нд Миланд хүрэлцэн ирсэн бөгөөд мөн Удине, Ром, Турин хотуудаар айлчлах юм. Одоогоор Италийн Ломбарди мужийн тэргүүн л түүнтэй албан ёсны уулзалт хийхийг зөвшөөрсөн бөгөөд Засгийн газрын түвшинд ямар нэгэн уулзалт товлогдоогүй байна.
Өвлийн хүйтнийг үл ажран Дээрхийн гэгээн Далай лам өөрийн танил болсон ягаан, улбар шар өнгийн өмсгөл өмсөн Ломбарди мужийн захиргааны төвд хүрэлцэн ирж, тус мужийн захирагч Роберто Формигонитэй уулзжээ.
Бээжин-2008 олимпын наадам ойртож буй энэ үед Дээрхийн гэгээн Далай лам барууны орнуудын удирдагчидтай уулзахаар олон улсын айлчлалаа эрчимжүүлээд байна. Тэрбээр энэ онд АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш болоод Австри, Герман, Шинэ Зеланд, Австрали, Канадын удирдагчидтай уулзсан байна.
Италийн олон мянган дагагчтайгаа уулзахаар явж байхдаа хятадын талаас гаргасан мэдэгдлүүдийн талаар асуухад Дээрхийн гэгээн Далай лам сэтгүүлчдэд, “Тэд юу хүссэнээ хэлэх эрх чөлөөтэй. Хятадыг тусгаарлах нь туйлын буруу бөгөөд Хятадыг дэлхийн хамтын нийгэмлэгт нэгтгэн оруулах нь хүн бүрийн ёс суртахууны хариуцлага юм. Гэхдээ тодорхой зарчмуудын хувьд та тууштай байх хэрэгтэй. Гэхдээ үүнийг чин сэтгэлийн нөхөрлөлийн уур амьсгал дунд хийх ёстой” хэмээн хэлсэн байна.










