Франц улс, Парис хот. 2009 оны 6 дугаар сарын 6. Дээрхийн гэгээн Далай лам өнөө өглөө Парис хотод морилон ирлээ. Шарль де Голлийн нисэх онгоцны буудалд түүнийг Парис хотын захиргаа, Энэтхэгийн Элчин сайдын яам, Франц дахь төвөдүүдийн нийгэмлэгийн төлөөлөгчид болоод Дагва ринбүүчи, Бямбаванжил ринбүүчи нар угтан авчээ.
Дээрхийн гэгээн нисэх буудалд сэтгүүлчдэд товч ярилцлага өгөхдөө Парис хотын хүндэт иргэний үнэмлэхийг гардах урилга авсандаа баяртай буйгаа илэрхийлж, Францад дахин ирсэндээ баяртай байгаагаа хэлэв. Төвөдийн өнөөгийн нөхцөл байдлын талаар асуухад тэрбээр Хятадын Засгийн газрын хатуу бодлогыг шүүмжилж, “Энэ нь эртний соёл иргэншилд цаазын ял оноож буйтай адил” хэмээн мэдэгджээ.
Дээрхийн гэгээн Далай ламын цувааг Францын Дотоод хэргийн яамнаас бүрэн хамгаалалж, цагдаагийн мотоциклтой хамгаалалтын баг дагалдан хотын төвийг зорив.
Үдээс хойш Дээрхийн гэгээн Далай лам Германы долоо хоног тутмын “Der Spiegel” сэтгүүлд ярилцлага өгчээ. Ярилцлагаар дэлхий дахинд нүүрлээд буй санхүү, эдийн засгийн хямралын талаар голлон хэлэлцэв. Дээрхийн гэгээн Далай лам энэ салбарт мэргэжлийн мэдлэггүй гэдгээ хэлсэн ч уг хямрал бидэнд материаллаг үнэт зүйлс болоод хязгааргүй өсөлт үргэлжилнэ гэсэн бодит бус хүлээлтээс цааш харж сурах боломжийг олгож болохыг онцолсон байна. “Ноцтой алдаа, доголдол гарах нь ихэвчлэн шинэ бодит байдлыг хуучирсан ойлголтоор тайлбарлаж буйтай холбоотой. Энэ нь олон улсын харилцааны салбарт ч мөн адил хамаатай” хэмээжээ.
Дараа нь Дээрхийн гэгээн Далай лам Францын парламентын хоёр танхимын Төвөд судлалын бүлэгт харьяалагддаг гишүүдийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Тэдний олонх нь Дарамсала хотноо Дээрхийн гэгээнтэй хэд хэдэн удаа уулзаж байсан бөгөөд Францад хийсэн айлчлалынх нь үеэр ч түүнийг хүлээн авч байжээ. “Төвөдөөс ирж буй мэдээ бараг бүгд муу байна” хэмээн Дээрхийн гэгээн хэлсэн юм. Тэрбээр өөрийн төлөөлөгчид болоод хятадын төлөөлөгчдийн хооронд сүүлийн жилүүдэд өрнөсөн уулзалт, яриа хэлэлцээрийн түүхийг эргэн дурсав. “2006 оны 2 дугаар сард болсон 5 дахь уулзалтаар хятадын албаныхан Дээрхийн гэгээн Далай лам Хятадаас тусгаар тогтнохыг шаардаагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Гэвч удалгүй 2006 оны 4 дүгээр сард Хятадын Засгийн газар түүний эсрэг ямар ч үндэслэлгүйгээр буруутгасан нь...”










