Польш, Варшав. 2009 оны 7 дугаар сарын 27. Дээрхийн гэгээн Далай лам энэ орой Энэтхэг улсаас Польш улсын нийслэл Варшав хотноо хүрэлцэн ирэв. Түүнийг Фредерик Шопены нэрэмжит онгоцны буудалд Варшав хотын даргын Тамгын газрын дарга Ярослав Ёжвяк, Польшийн Парламентын Төвөдийн асуудал эрхэлсэн бүлгийн дарга Беата Бублевич, Лондон дахь Төвөдийн төлөөлөгчийн газрын Дээрхийн гэгээн Далай ламын төлөөлөгч Цэрэндаш нар угтан авчээ.
Дээрхийн гэгээн Далай лам Польш улсад 4 дэх удаагаа айлчилж байгаа бөгөөд энэ удаагийн айлчлал нь голчлон Варшав хотын дарга болоод Хотын зөвлөлийн урилгаар “Хотын хүндэт иргэн”-ий үнэмлэхийг гардах мөн Варшавын Их Сургуулийн урилгаар олон нийтэд зориулсан айлдвар айлдах зорилготой аж.
Дээрхийн гэгээнийг зочид буудалдаа ирэхэд буудлын ерөнхий менежер, тус улсад амьдардаг төвөдүүдийн төлөөлөл болоод түүнийг хүндэтгэн угтахаар цугласан олон зуун хүн угтан мэндчилжээ.
Маргааш өглөө нь Нобелийн Энх тайвны шагналт, төвөдийн шашин төрийн тэргүүн Варшавын Их Сургуульд зочлон, сургуулийн ректор, профессор Катаржина Халасиньска Мацуков болон бусад удирдах албан тушаалтнууд, тусгай зочидтой уулзах аж. Үүний дараа эрдэмтэн судлаачид, оюутнууд болон урилгаар хүрэлцэн ирсэн зочдод зориулан “Боловсролын үнэ цэн хийгээд нийт хүн төрөлхтний өмнө хүлээх хариуцлага” сэдвээр нээлттэй айлдвар айлдах юм.
Дээрхийн гэгээн үүний дараа Варшав хотын дарга болон Хотын зөвлөлийн даргын хамтран зохион байгуулж буй албан ёсны зоогт оролцоно. Зоогийн дараа хотын удирдлагууд Дээрхийн гэгээнийг Польшийн тусгаар тогтнолыг сэргээн тогтоохын төлөө амь биеэ зориулсан олон мянган хүний гавьяаг дурсах зорилгоор байгуулсан Варшавын бослогын музейд дагалдана. Мөн өдрийн орой Дарамсала хотод байрладаг Төвөдийн Анагаах ухаан, зурхайн хүрээлэнд суралцаж байсан, хүндэт доктор Данзанжанчивын урилгаар “Төвөдийн уламжлалт эмчилгээний эрүүл мэндийн клиник”-ийн нээлтийн ёслолд оролцоно. Польш улсад анх удаа нээгдэж буй энэхүү төвөдийн уламжлалт анагаах ухааны клиникийн нээлтэд эрүүл мэндийн салбарын төлөөлөгчид оролцох юм. Тэдгээрийн дунд Польшийн Эрүүл мэндийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Павел Трчиньски, Европын эмч нарын танхимын ерөнхийлөгч, доктор Константы Радзивилл нар багтаж байгаа аж.
Дээрхийн гэгээн Далай лам Польш улсад хамгийн сүүлд буюу 2008 оны 12 дугаар сард дээд түвшний айлчлал хийхдээ Гданьск, Краков, Вроцлав болон нийслэл Варшав тэргүүт дөрвөн том хотод зочилжээ. Тэр үеэр Лех Валенсагийн сан, Краковын Их сургууль, Вроцлав хотын захиргаа, Польшийн Сенатын даргын урилгаар олон улсын энх тайвны бага хуралд үг хэлэх, хүндэт докторын цол хүртэх, олон нийтэд нээлттэй айлдвар айлдах, Польшийн парламентын гишүүдэд үг хэлэх зэрэг арга хэмжээнд оролцжээ.
Тухайн айлчлалын үеэр Францын ерөнхийлөгч Николя Саркози Гданьск хотод Дээрхийн гэгээн Далай ламтай уулзсан үйл явдлыг нь Польшийн болон олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байв.
Мэдээг Лондон дахь Төвөдийн төлөөлөгчийн газар бэлтгэв.










