Словак, Братислав. 2009 оны 9 дүгээр сарын 4. Төвөдийн шашны тэргүүн Дээрхийн гэгээн Далай лам хэмээн алдаршсан Данзанжамц 9 дүгээр сарын 8-10-ны өдрүүдэд Словак улсад айлчлах бөгөөд хүний эрхийн төлөө тэмцэгчдийг алдаршуулдаг “Ян Лангос”-ын сангаас олгодог нэрэмжит шагналыг хүртэнэ хэмээн тус сангийн албаныхан мэдээлэв.
Дээрхийн гэгээн Далай ламд Братислав хотын Павол Орсаг Гвездославын нэрэмжит театрт шагналыг өргөн барих юм. Энэ үеэр Словакийн хөгжимчин Мариан Варгын зохиосон хөгжмийн бүтээлийг толилуулах аж. Мөн өдөр Пасенки спортын ордонд Дээрхийн гэгээн Далай лам олон нийтэд зориулсан айлдвар айлдаж, сонсогчдын асуултад хариулна.
Тус сан Засгийн газар болоод сөрөг хүчний төлөөлөгчдийг урьсан боловч одоогоор зөвхөн сөрөг хүчнийхэн оролцохоо баталгаажуулжээ. Ерөнхий сайд Роберт Фицо уг арга хэмжээнд Засгийн газрын тэргүүний хувиар ч, Смер-СД намын даргын хувиар ч оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна. Харин одоогоор ерөнхийлөгч, парламентын дарга нар хариу өгөөгүй байгаа аж.
Ян Лангосын сан уг шагналыг өмнө нь “Хилэн хувьсгал”-ын гол төлөөлөгчдийн нэг Федор Галд гардуулж байжээ. Өнгөрсөн онд Унгарын ерөнхийлөгч асан Арпад Гёнц, Грек-католик шашны хамба лам Павол Гойдичид нэхэн олгосон юм.










