Словени, Марибор хот, 2010 оны 4 дугаар сарын 5. Дээрхийн гэгээн Далай лам өнөөдөр Энэтхэгээс Словенид хүрэлцэн ирлээ. Дээрхийн гэгээнийг Любляна нисэх онгоцны буудалд буухад телевизийн нэгэн сэтгүүлч түүнээс "Та Словени төдийгүй барууны ертөнцөд маш алдартай. Энэ талаар та юу гэж хэлмээр байна вэ?" гэж асуужээ.
"Энэ нэг их хамаагүй ээ" гэж Дээрхийн гэгээн Далай лам хариулав. "Миний санааг зовоож буй гол зүйл бол би өөрөө бусдад тустай ямар нэгэн зүйл хийж чадаж байгаа эсэх л юм. Тэгээд л болоо. Бид бүгд адил чадамжтай. Одоо бүгд эв найртай, харилцан хүндэтгэлтэй амьдарцгаая."
Зураг. Дээрхийн гэгээн Далай ламыг Марибор дахь зочид буудлынх нь гадаа сайн сайхныг хүссэн жаалхүү угтан мэндчилж байна.
Дээрхийн гэгээн Далай лам дагалдан яваа хүмүүсийн хамт Любляна нисэх онгоцны буудлаас Словенийн хоёр дахь том хот болох Мариборыг зорьсон бөгөөд тэнд түүнийг Марибор хотын дарга, Европын парламентын гишүүн ноён Иво Вайгл нар угтан авав. Зочид буудлын гадаа Дээрхийн гэгээнтэй мэндчилэхээр хүлээж байсан олон хүний дунд Европын хөрш орнуудаас ирсэн зарим төвөд иргэд байлаа.
Орчуулсан Б.Одгэрэл