АНУ, Индиана муж, Лафайетт хот. 2007 оны 10 дугаар сарын 27. Дээрхийн гэгээн Далай лам Пардьюгийн Их Сургуулийн Эллиотт танхимд “Аз жаргалыг төлөвшүүлэх нь” сэдвээр ярилцах үеэрээ хошин мэдрэмжээ харууллаа.
Дээрхийн гэгээн Далай лам тайзнаа гарахаас өмнө театрын танхим хүлээлт, догдлолоор дүүрэн байлаа. Танхимын уур амьсгал рок тоглолтын үеийнх шиг эрч хүчтэй байлаа. Түүнийг хүрэлцэн ирэхээс өмнө төвд хөгжим эгшиглэж, үзэгчдэд төвөд уншлага, маани уншихыг зааж, уур амьсгалыг бүрдүүлжээ.
Пардьюгийн Их Сургуульд болж буй энэ үйл явдал түүхэн ач холбогдолтой билээ. Энэ нь Дээрхийн гэгээн Далай ламын Пардьюгийн Их Сургуульд хийж буй анхны айлчлал бөгөөд түүний 1987 оноос хойш Индиана мужид хийж буй 5 дахь айлчлал нь байлаа. Тэрбээр Төвөдийн шашин, төрийн тэргүүн билээ.
Дээрхийн гэгээн яриагаа эхлээд төдий удаагүй байхдаа түр зогсон, урагш тонгойгоод, гутлаа тайлав. “Би хөлөө ачиж суугаад дасчихжээ” хэмээгээд инээмсэглэжээ. Улаан саравчтай малгай, улаан дээл өмсөж, улаан сандал дээр сууж байсан Дээрхийн гэгээн Далай ламаас нэгэн асуулт асуужээ.
“Таны дуртай өнгө юу вэ?” Дээрхийн гэгээн огт тээнэгэлзэлгүйгээр дээл рүүгээ хараад, ямар ч хувиралгүй “Ногоон” хэмээн хариулав. Энэ нь танхимд цугласан 6000 гаруй хүнд инээд хөөрийг авчрав.
Дээрхийн гэгээн Далай лам англиар төдийлөн сайн ярьдаггүй ч энэрэн нигүүлсэхүй, хайр халамжийг аз жаргалын гол эх сурвалж хэмээн онцоллоо. “Миний гол зорилго бол аз жаргалтай амьдралын тухай ойлголтыг түгээн дэлгэрүүлэх явдал билээ. Сэтгэлийн амар амгалан байхаас их зүйл шалтгаална. Хүн бүр аз жаргалтай амьдрах үндсэн эрхтэй.
Эмэгтэйчүүд хүүхдийг хайр халамжтай, энэрэн нигүүлсэнгүй хүн болгон өсгөн хүмүүжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг. Энэ бол эмэгтэйчүүд илүү “мэдрэмжтэй” байдагтай холбоотой” хэмээн айлдав.
Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Цагаан ордонд ерөнхийлөгч Буштай уулзсандаа баяртай байснаа хэлэв. Ерөнхийлөгчийн зарим бодлоготой санал нийлдэггүй ч түүнд хайртай гэдгээ илэрхийлжээ. “Бид тэр даруй найзууд болсон” гэж Дээрхийн гэгээн Далай лам хэлсэн юм.
Их сургуулийн ахисан түвшний оюутан Жинхуа Жан сониуч зангийнхаа улмаас уг яриаг сонсохоор иржээ. “Би хятад хүн учраас Дээрхийн гэгээн Далай ламын талаар олон зүйл сонсож байлаа. Хятад улсад түүний талаарх мэдээлэл үргэлж сөрөг байдаг”.
Кармелийн оршин суугч Жон, Кэррин Флетчер нар хятадад төрсөн өргөмөл охидоо нарыг дагуулан иржээ. “Энд байгаагаа нэр төрийн хэрэг гэж бодож байна” гэж Жон Флетчер ярианы дараа хэлэв. “Тэр миний бодож байснаас хавьгүй илүү чин сэтгэлтэй хүн юм байна. Тэр үзэгчдийн дунд маш чөлөөтэй байсан бөгөөд их инээж, хөгжилдөх дуртай нь харагдсан”. Кэррин охидоо Дээрхийн гэгээн Далай лам болоод Төвөдийн соёлын талаар сонирхуулахын тулд энд авчрахыг хүссэнээ хэлэв.










