Энэтхэг, Махараштра муж, Нашик хот, 2015 оны 1 сарын 3 - Дээрхийн гэгээн Далай ламыг Нашик хотыг зорин хөдлөхөөс өмнө, түүнийг Сурат хотод урьж ирүүлсэн ноён Говинд Дхолакиа гэр бүлийнхний хамт ирж, урилгыг нь хүлээн авч морилон саатсанд нь дахин талархал илэрхийлэв. Дээрхийн гэгээнтэн түүнд хариу талархал илэрхийлээд, сайн үйлс болон ажил хэрэгт нь амжилт хүслээ.
Суратаас ниссэн нислэгийн үеэр бага зэрэг доргилт мэдрэгдэж, Нашикт газардахад цаг агаар санаанд оромгүй манантай, бүрхэг байлаа. Нисэх онгоцны буудалд Энэтхэг-Төвөдийн Мангал Майтри Сангхын төлөөлөгчид түүнийг угтан авсны дараа Дээрхийн гэгээнтэн төвөд, энэтхэг нийлсэн 4500 гаруй хүн өөрийг нь сонсохоор тэвчээртэй хүлээж буй хот руу хөдлөв. Тэрбээр Бирм, Энэтхэг, Шри Ланкийн буддын шашны лам хувраг, христийн санваартнуудын хамт тайзан дээр гараад, юун түрүүнд хинди хэлээр орчуулга хэрэгтэй хүн хэд байгааг харахын тулд гараа өргөхийг хүсэхэд үзэгчдийн тал орчим хувь нь байлаа. Албан ёсны байдлыг орхин тэрбээр:
"Ах, эгч, дүү нар аа, та бүгдийн дундаас намайг урьсан учраас би энд дахин ирлээ. Та бүхэнтэй дахин уулзаж байгаадаа үнэхээр баяртай байна. Зохион байгуулагчид маш их хүчин чармайлт гарган бэлтгэл ажлыг хангасныг харж, талархаж байна. Би хаа явсан газраа 7 тэрбум хүн төрөлхтөн бид бүгд хүн гэдэг утгаараа ямар адилхан юм бэ гэж бодож байдаг. Бид бүгд л сайн, муу үйл хийх чадавхтай. Тиймээс аз жаргалтай амьдрахыг хүсч байвал бид хийж буй зүйлийнхээ сөрөг талыг багасгаж, эерэгийг нэмэгдүүлэх нь хамгийн чухал юм.
"Би хаашаа ч явсан хоёр амлалтаа үргэлж санаж байдаг. Эхнийх нь, хүн гэдэг утгаараа, хүн төрөлхтний аз жаргалтай амьдралд хүрэх хамгийн үр дүнтэй арга бол хүний үндсэн, дотоод үнэт зүйлсээ амьдралд хэрэгжүүлэх явдал байдгийг түгээн таниулах. Хоёрдугаарт, буддын шашны хувраг гэдэг утгаараа би шашин хоорондын эв нэгдлийг дэмжихийг эрмэлздэг. Энд буддын, христийн, хиндү шашинтнууд байгааг харахад сайхан байна. Лалын шашинтнууд байхгүй байна уу даа? Томоохон бүх шашны уламжлалууд дотоод амар амгаланг авчрах ёстой байдаг ч тэдгээрийг уур хилэн, үзэн ядалтыг өдөөхөд ашиглах нь хэтэрхий олон байгаа тул шашин хоорондын эв нэгдэл үнэхээр чухал. Энд бид бүгд амар амгалан байгаа хэдий ч дэлхийн бусад хэсэгт шашны нэрээр зөрчил, хүчирхийлэл гарсаар байгаа учраас хоорондын эв нэгдлийг бий болгохын тулд бид хичээх хэрэгтэй байна."
Дээрхийн гэгээнтэн адгуус амьтад, хорхой шавжнуудыг оролцуулаад таашаал, өвдөлтийг мэдэрдэг бүхий л сэтгэл ухамсарт амьтад аз жаргалыг эрэлхийлдэг болохыг сануулав. 7 тэрбум хүн бүгд аз жаргалтай амьдрахыг хүсдэг бөгөөд бүгд тийм эрхтэй. Тэрбээр хүмүүс бид амьтадтай адил төстэй мэдрэхүйн туршлагаас гадна ирээдүйг төсөөлөх, өнгөрснийг тод дурсах чадвар бүхий өндөр хөгжсөн тархитай болохыг дурдлаа. Нэг талаар энэ нь асуудлыг шийдвэрлэх чадварыг бидэнд олгодог нь гайхалтай боловч нөгөө талаар ирээдүйн талаар санаа зовох, өнгөрсөн үеийн талаар харамсах зэрэгт биднийг татан оролцуулдаг байна.
Хүний оюун ухаан бидэнд мэдрэхүйн эрхтнүүдийн мэдрэмжийг амсуулахаас гадна бэрхшээлийг даван туулж, аз жаргалтай амьдрах боломж олгодог тул Дээрхийн гэгээн үүнд анхаарлаа хандуулахыг зөвлөлөө. Бид оюун санааны амар амгаланг хөгжүүлэх, хадгалахад анхаарах хэрэгтэй.
“Өлсөх үед залбирал, бясалгал ходоодыг дүүргэхгүй учраас лам нар бинвад идээ гуйхаар явдаг. Гэвч бие махбодын таашаал, өвдөлтийг сэтгэлийнхтэй харьцуулбал сэтгэлийн мэдрэмжүүд хамаагүй хүчтэй. Сэтгэл санаа тайван байхад бид бие махбодын өвдөлтийг тэсвэрлэж, даван туулж чаддаг бол биеийн тав тух дангаараа сэтгэлийн зовиурыг арилгахгүй. Надад хүссэн бүхнээ олж авсан баян найзууд бий. Гэхдээ тэд санаа зовдог учраас аз жаргалгүй байдаг. Энэ нь биднийг аз жаргалтай байхад материаллаг тав тух дангаараа хангалтгүй гэдгийг харуулж байна. Эрдэмтэд уур хилэн, айдас, үзэн ядалт бидний дархлааны системийг гэмтээдэг бол оюун санааны амар амгалан нь эрүүл мэндийг дэмждэг болохыг тогтоосон. Орчин үеийн материаллаг нийгэм маань өөрөө амар амгалан, аз жаргалтай хүн төрөлхтнийг бий болгож чадаж байгаа билүү? Би тэгж бодохгүй байна. Бидний хийх ёстой зүйл бол оюун санааны амар амгаланг бий болгодог дотоод үнэт зүйлсдээ анхаарал хандуулах явдал юм.” хэмээн Дээрхийн гэгээн айлдлаа.
“Бид бүгд дөнгөж төрмөгцөө эдгээр дотоод үнэт зүйлс болох хайр, энэрэл, итгэл зэргийг эхийнхээ тэвэрт мэдэрдэг. Зарим эрдэмтдийн үзэж байгаагаар эхийн хүрэлцэх нь амьдралын эхний тэр өдрүүдэд тархины хэвийн өсөлтийг дэмжих гол хүчин зүйл болдог байна. Бага насандаа ийм хайр халамжийг хүртсэн хүмүүс хожим амьдралдаа аз жаргалтай, аюулгүй байдлын мэдрэмжтэй байх хандлагатай байхад ямар нэг шалтгаанаар тэгж чадаагүй хүмүүс өөртөө итгэлгүй, бусдад итгэх тал дээр хүндрэлтэй болох хандлагатай байдаг. Бидний амьдрал нийгмийн бусад гишүүдээс хамаардаг учраас энэ нь сэтгэлээр унах, бухимдахын эх үүсвэр болж болох юм.”
“Хүүхэд байхдаа бид шашин шүтлэг, гэр бүл, үндэс угсааны ялгааг төдийлөн тоолгүй зүгээр л хамт тоглодог. Харин өсөж том болохын хэрээр тэрхүү хүн гэх үндсэн түвшнөөсөө холдож, шашин шүтлэг, арьс өнгө, нийгмийн гарал үүсэл, боловсролын түвшин зэрэг хоёрдогч ялгаануудад илүү анхаарч сурдаг. Бие биенээ 'бид' ба 'тэд' гэж ялгаж харснаар зөрчилдөөн үүсэх үндэс суурийг тавьдаг. 'Бид' ялж, 'тэд' ялагдах арга замыг эрэлхийлдэг. Энэ нь хүчирхийлэл, авлига, баян ядуугийн ялгааг бий болгодог бусдыг дээрэлхэх, хууран мэхлэх, мөлжихийн үндэс юм. Энэ нь бусдыг үл тоомсорлон зөвхөн амиа бодохын үр дүн юм. Одоо үүний оронд хүн төрөлхтний нэгдмэл байдлыг дэмжих цаг ирээд байна."
Шашин шүтлэгтэй хүмүүсийн дунд бурхан болон түүний бүтээлд итгэдэг мөн итгэдэггүй хүмүүс байдаг хэмээн Дээрхийн гэгээн айлдлаа. Гэсэн хэдий ч эдгээр уламжлалууд бүгд хүлцэл, уучлал, энгийн байдал, сэтгэл ханамж, хувийн сахилга батын хэрэгцээн дээр суурилсан энэрэл нигүүлслийн сургаалыг дамжуулдаг. Ийм ижил төстэй зүйл байдаг учраас шашин шүтлэгтэй хүмүүс бие биенээ үнэндээ оюун санааны ах дүүс гэж үзэх хэрэгтэй. Хэдий тийм боловч үүнээс үл хамааран ямар ч шашны уламжлал хичнээн гайхамшигтай байлаа гээд дангаараа хүн бүрийн сэтгэлд бүрэн нийцнэ гэж байхгүй.
Дэлхийн 7 тэрбум хүн амын 1 тэрбум нь өөрсдийгөө шашингүй үзэлтэн гэж тодорхойлдог. Хэрэв тэдэнд шашин шүтлэг дээр суурилсан ёс зүйн талаар ярьвал тэд хүлээж авахгүй байх магадлалтай хэмээн Дээрхийн гэгээн үргэлжлүүлэв. Шүтлэгтэй гэгдэх хүмүүсийн дунд ч гэсэн түүндээ чин сэтгэлээсээ ханддаггүй хүмүүс олон байдаг бөгөөд тэдэнд шашны үнэт зүйлс төдийлөн нөлөөлж чадахгүй. Чухам ийм нөхцөл байдалд Дээрхийн гэгээн шашингүй үзэлд найдвар байна гэж үздэг бөгөөд энэ нь Энэтхэгт хэдэн мянган жилийн турш оршин тогтносон, бүх шашин шүтлэг, тэр ч байтугай үл итгэгчдийн үзэл бодлыг хүндэтгэн үздэг уламжлал юм.
"20-р зуун бол цус урсгасан эрин үе байсан бөгөөд зөрчил мөргөлдөөн хэдийд ч гарч болзошгүй тул бид яриа хэлэлцээнд суурилж, эвлэрэлд чиглэсэн шийдлүүдийг олох хэрэгтэй" гэж Дээрхийн гэгээн онцлов.
Хамт сууж буй буддын шашны төрөл бүрийн уламжлалын хуврагууд руу харан инээмсэглээд, буддизмын дотор ч өөр өөр үзэл бодлууд байдгийг Дээрхийн гэгээн тайлбарлалаа. Бурхан багшийн нэг газар буюу нэгэн цаг үед зааж сургасан зүйл нь яагаад өөр цаг үе, өөр газарт айлдсантайгаа зөрчилдөөд байгаа юм шиг санагдаж байгааг бид асууж болох юм.
"Тэр андуурсан юм болов уу? Үгүй. Тэр бусдыг төөрөгдүүлэхийг оролдов уу? Үгүй. Хүмүүс өөр өөр зан араншинтай байдаг тул тэрбээр тэдэнд тохируулан зааж сургажээ. Эндээс бид мөн хүмүүсийн янз бүрийн хэрэгцээг хангах олон янзын шашны уламжлал байдгийн үнэ цэнийг ойлгож болж байна. Ямартай ч гэсэн бүхий л шашны уламжлал дотор итгэл үнэмшил нь урам зоригийн эх булаг болж, бусдын сайн сайхны төлөө бүхнээ зориулдаг хүмүүс байдагтай би уулзаж явсан билээ.”
Ингээд Дээрхийн гэгээн цугласан хүмүүсийг асуулт асууж, хүсвэл түүнтэй маргахыг урилаа. Нашик хотын захиргааны төлөөлөгчид энэ үед боломжийг ашиглан түүнийг хотод нь ирсэнд талархаж, дахин хүрэлцэн ирсэнд нь онцгойлон баярлаж байгаагаа илэрхийлж амжив.
Шашин шүтлэгийн хувьсалд хэн эсвэл юу нөлөөлсөн тухай асуултад Дээрхийн гэгээн тэр бол таны философийн үзэл бодлоос хамаарна хэмээн хариуллаа. Бурханд итгэгчдийн хувьд бурхан хариуцна. Бусад нь үүнийг хүн төрөлхтний дунд аяндаа хувьсан хөгждөг зүйл гэж бодож болно. Өөр нэг хүн боловсролын системд ёс зүйн үнэт зүйлсийг хэрхэн нэвтрүүлэх талаар мэдэхийг хүсэхэд Дээрхийн гэгээн түүнд шашингүй боловсролын системд шашнаас ангид ёс зүйг заах боломжийг олгох сургалтын хөтөлбөр боловсруулагдаж байгаа хэмээн хариулав. Дели, АНУ, Европын их сургуулиуд энэ ажилд оролцож байгаа юм байна. Өөрийнх нь үеийнхэн дотроос олон хүн шашин шүтлэг сонирхохоо больсон ч өөрсдийн үнэт зүйлсээ тулгуурлах нийтлэг талбар хэрэгтэй байгаа талаар санаа зовж байгаагаа илэрхийлсэн залуу эмэгтэйд тэрбээр шашнаас ангид ёс зүй яг л түүнийг хийж чадна хэмээн төсөөлж байгаагаа хэлэв.
"Шашнаас ангид ёс зүй нь хүн бүрийн ашиг сонихолд нийцэх тул бүгдийн сэтгэлийг татах боломжтой юм."
Илүү гүн ухааны асуултад Дээрхийн гэгээн хариулахдаа, бидний авч үзэх ёстой зүйл бол үзэгдэх байдал ба бодит байдлын хоорондох ялгаа юм хэмээлээ. Бурхан багш "би" гэж байдаг боловч тэр нь бие даасан оршихуй мэт харагдаж байгаа шигээ байдаггүй хэмээн сургажээ. Энэ нь зөвхөн бие махбодь, оюун санааны үндсэн дээр суурилсан тодорхойлолт байдлаар оршдог байна. Ашокын эзэнт гүрний сайн засаглалаас өнөөдөр бидэнд сурч авах зүйл байгаа эсэхийг асуухад Дээрхийн гэгээн харамсалтай нь орчин үеийн Энэтхэгт эртний Энэтхэгийн баялаг, гүн гүнзгий мэдлэгийг үнэлэх нь тун бага байна хэмээн хариуллаа. Хэрэв тэрхүү мэдлэгийн ох шимийг орчин үеийн хөгжилтэй хослуулж чадвал Энэтхэг улс илүү аз жаргалтай болоод зогсохгүй дэлхий дахинд үлгэр жишээ болно гэж тэрбээр зөвлөв.
Гэнэт нэгэн бяцхан охин "Яаж Будда болох вэ? Будда болоход ямар мэдрэмж төрдөг бол?" хэмээн намуухан хоолойгоор асуухад бүгд зогтуслаа. Дээрхийн гэгээн түүнээс хэдэн настайг нь асуухад охин "Зургаа" гэж хариулав. Дээрхийн гэгээн инээгээд, би ийм насандаа хэзээ ч ийм асуулт асууж байгаагүй юм байна хэмээв. Тэрбээр охинд сэтгэлээ өөрчлөх замаар Будда болдгийг хэллээ. Мөн оюун ухаанаа ашиглах хэрэгтэй. Хамгийн чухал нь үүнийг тууштай хийх явдал юм. Хэрэв сэтгэлээ хэрхэн өөрчлөхийг суръя гэвэл 16 нас хүрээд яаж гэдгийг нь илүү сайн ойлгоно хэмээн тэрбээр охинд тайлбарлав. 26 хүрэхдээ илүү ихийг мэдсэн байна. 36 нас хүрэхдээ маш их туршлага хуримтлуулсан байх болно. Ингэж л явдаг юм. Харин Будда болоход ямар байдгийг Шагжамүни Буддагаас асуух хэрэгтэй дээ хэмээн Дээрхийн гэгээн хэллээ.
Өөр нэгэн сонсогч нэг насандаа гэгээрэлд хүрэх боломжтой эсэхийг асуухад Дээрхийн гэгээн зарим судруудад болно гэж бичсэн байдаг ч түүнд эргэлзэх зүйлс бий хэмээн хариулав. Тэрбээр:
"Би бага залуу байхдаа цэцэг ургуулахыг оролддог байлаа. Үр суулгаад, ус хийж, хурдхан ургуулахыг хичээдэг байсан ч санаснаар болж байсангүй. Иймэрхүү зүйлс өөрийн гэсэн цаг хугацаатай байдаг. Сэтгэлийг өөрчлөхөд ч бас цаг хугацаа шаардагдана. Мэдлэгийн гурван түвшин байдаг. Бид унших, тайлбар сонсох байдлаар нилээд ерөнхий, өнгөц мэдлэг олж авна. Үүний дараа уншсан, сонссон зүйлээ задлан шинжилсний үр дүнд илүү гүнзгий, бат бөх ойлголттой болно. Эцэст нь, удаан хугацааны туршид анхаарлаа төвлөрүүлэн дадлагажуулсны үр дүнд бодит туршлагын чанартай мэдлэгт хүрдэг. Бид энэ арга барилыг Хоёр үнэн, Хутагтын дөрвөн үнэн хийгээд найман зам мөрт хэрэглэж болно. Миний туршлагаар бол хэрэв та 50, 60 жилийн турш үүнийг тууштай хийж чадвал эцэст нь ямар нэг харагдахуйц үр дүнд хүрч чадна."
Дээрхийн гэгээн үдээс хойш орон нутгийн буддын шашинтнуудтай уулзаж, маргааш Дели хот руу буцах юм байна.
Англи хэлнээс орчуулсан Б.Одгэрэл