Канад улс, Онтарио муж, Торонто хот. 2007 оны 11 дүгээр сарын 1. Дээрхийн гэгээн Далай лам Торонто хотын Рожерс төвд цугласан 10,000 гаруй хүнд энх тайвны талаарх үзэл бодол, аз жаргалын тухай айлдвар айлдав.
Хилийн чанадад буй Төвөдийн шашин, төрийн удирдагч дэлхийн энх тайванд хүрэх цорын ганц арга нь дотоод амгаланд хүрэх явдал хэмээн айлджээ. “Бид бүгд нэгэн гэр бүл” хэмээн айлдвараа эхэлсэн юм.
Дээрхийн гэгээн Далай лам Иракийн дайны талаар байр сууриа илэрхийлж, “Уг мөргөлдөөнд зарцуулж буй хэдэн тэрбум долларыг боловсролд зарцуулсан бол хавьгүй илүү үр дүнтэй байх байлаа” хэмээгээд мөн Канад улсад дахин ирсэндээ баяртай буйгаа ч илэрхийлжээ. “Энэ удаад би бээр та бүхэнтэй энэ улсын хүндэт иргэний хувиар ярьж байна” хэмээснийхээ дараа танил дотно инээдээр инээжээ.
Өдгөө 72 нас сүүдрийг зооглон буй Дээрхийн гэгээн Далай лам буйдан дээр хөлөө ачин сууж, нэг цагийн турш айлдвар айлджээ.
“Хайр халамж, нөхөрлөл бол аюулгүй байдал, аз жаргалын эх сурвалж байдаг. Дэлхийн олон олон асуудал хүмүүсийг тусгаарлан, “бид”, “тэд” хэмээн ялгаснаас үүдэлтэй байдаг” хэмээв.
Дээрхийн гэгээн Далай лам Торонто хотын баруун хэсэгт байрлах Төвөд, Канадын соёлын төвд зочлон, тус төвийг адислаж, түүнтэй уулзахаар хэдэн цагийн турш гудамж даган дугаарлан зогссон олон зуун хүнтэй мэндчилжээ.
“Тэр бол бидний шашны удирдагч бөгөөд энэ нь бидний хувьд машид их утга учиртай” хэмээн дугаарлан зогссон нэгэн залуу эмэгтэй хэлжээ. “Тэр бидэнд байгаа цорын ганц зүйл бөгөөд дэлхий даяар маш олон хүнд урам зориг өгсөн юм”.
Өөр нэгэн хүн Канадчууд Дээрхийн гэгээн Далай ламтай уулзах боломжтой нь асар их аз завшаан хэмээн хэлэв. “Бусад хүмүүс түүнтэй уулзахын тулд улс орон дамжин, амь насаа эрсдэлд оруулдаг. Харин бидний хувьд энэ нь маш хялбар байлаа. Бид үнэхээр азтай юм” гэжээ.
Уг арга хэмжээнд оролцсон хотын дарга Дэвид Миллер ч “Торонто хот Дээрхийн гэгээн Далай ламыг хүндэтгэн хүлээн авч буй нь тун азтай хэрэг. Түүнд гайхалтай амар амгалан, тайван, эрхэм чанар бий. Тэр бол ер бусын хүн” хэмээн Миллер хэлжээ.
Торонто хотод ирэхийнхээ өмнө Дээрхийн гэгээн Далай лам CTV телевизийн Оттава дахь товчооны дарга Роберт Файфтай уулзан, улс төрийн үр дагавар болоод Канадтай харилцах харилцааны талаарх хүсэл найдварынхаа талаар ярилцсан байна.
Дээрхийн гэгээн Далай лам Бээжин-2008 олимпын наадам зэргийг ашиглан Төвөдийн асуудал болоод төвөдүүдэд тулгарч буй бэрхшээлийн талаар дуу хоолойгоо хүргэхийг Канад улсаас хүсэж буйгаа Файфт хэлжээ. Тэрбээр Канад олимпын наадмыг бойкотлохоос илүүтэйгээр төвөдийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах нь хавьгүй үр дүнтэй хэмээжээ.
CTV телевизйэ “Mike Duffy Live” нэвтрүүлгээр цацагдсан ярилцлагын хэсэгт Дээрхийн гэгээн Далай лам Канадын Афганистан дахь үүргийн талаар мөн ярьжээ. Тэрбээр уг асуудлын улс төрд оролцохыг хүсэхгүй буйгаа илэрхийлсэн ч хүчирхийлэл үл хэрэглэх тухай байр суурь нь хэвээр буйг дурдсан байна.
“Би хүч хэрэглэх, хүчирхийлэл үйлдэхийг зөвшөөрөхгүй, дэмжихгүй. Та бүхэн илүү тайван, хүчирхийлэл үл хэрэглэх арга замыг олох ёстой. Та бүхэн шийдэл олох хэрэгтэй. Эс бөгөөс та нар зөвхөн хүч хэрэглэхэд найдаж байна гэсэн үг. Энэ бол хариулт биш. Төвөдийн Хятадтай хийж буй тэмцэл нь тусгаар тогтнолоо зарлан тунхаглах тухай бус өөртөө засах эрхийн тухай асуудал” хэмээн Дээрхийн гэгээн Далай лам айлджээ.
Дээрхийн гэгээн Далай лам Торонтод ирэхийнхээ өмнө Оттава хотод 3 өдрийн айлчлал хийж, ерөнхий сайд Стивен Харпертай уулзсан байна. Уг уулзалт хятадын албан тушаалтнуудын дургүйцлийг төрүүлж, тэд Канадын энэ алхмыг “Хятадын дотоод хэрэгт илт хөндлөнгөөс оролцсон хэрэг” хэмээн нэрлэжээ.
Файфын мэдээлснээр, Дээрхийн гэгээн Далай лам Харпертай уулзахдаа Төвөдийн дүрвэгсдийн асуудлыг мөн хөндсөн байна.
“Энэтхэгт 100,000 төвөд хүн амьдарч байгаа бөгөөд тэдний 10,000 орчим нь эдийн засгийн маш хүнд нөхцөлд амьдарч байна. Тэрбээр эдгээр 10,000 хүний зарим нь Канад руу ирж болох эсэхийг ерөнхий сайдаас асуусан. Засгийн газар энэ асуудлыг нухацтай авч үзэж байгаа гэж надад мэдээлсэн” гэж Файф бичжээ.










