Герман улс, Хамбург хот. 2007 оны 7 дугаар сарын 22. Дэлхий дахинд энх тайвныг уриалж буй Далай лам Ням гарагт Германы Хамбург хотноо төрөлх нутаг Төвөдөд нь хятадын засаглалыг эсэргүүцэх тэмцэл тайван хэвээр байх ёстойг онцолжээ. "Хэрэв бид хүчирхийлэл хэрэглэвэл ирээдүйд энх тайвнаар зэрэгцэн орших явдлыг аюулд оруулах болно" гэж Төвөдийн улс төр, оюун санааны удирдагч эрхэм хэлэв. Төвөд орон 1959 онд хятадын хяналтад орсон билээ.
“Бид хятадын ард түмэнтэй эв найртай зэрэгцэн орших ёстой” хэмээн Төвөдийн Буддын шашны сүсэгтнүүдийн олон улсын чуулга уулзалт болж буй цэнгэлдэх хүрээлэнд цугласан 10 мянган гаруй хүнд айлджээ.
Дээрхийн гэгээн Далай лам энэ Пүрэв гарагт тус хотын удирдлагуудад хандан, Хятад улстай итгэлцлийг бэхжүүлэх нь түүний хамгийн их санаа тавьж буй асуудал болохыг илэрхийлжээ. Тэрбээр энэ тухайгаа Германы ARD олон нийтийн телевизээр Ням гарагт цацагдах ярилцлагадаа онцолсон байна.
"Итгэлцэлгүйгээр бид асуудлыг хэрхэн хэлэлцэх билээ? Хятадын тал үл итгэх сэтгэлээр дүүрэн байна. Хэрэв Төвөдөд хангалттай эрх чөлөө олдвол өөрийн хууль ёсны эрх мэдлээ Төвөдийн орон нутгийн засаг захиргаанд шилжүүлэн өгнө” гэдгээ мэдэгдлээ.
Цэнгэлдэх хүрээлэнд дэлхий дахинд илүү их энх тайван, шударга ёс тогтоохыг уриалан, “ХХ зуун хүчирхийллээр дүүрэн байсан бол ХХI зуун энх тайвны зуун байж болох юм” хэмээн Нобелийн Энх тайвны шагналын эзэн хэлэв. Тэрбээр хүмүүс амьдралаа энх тайвны үйлсэд зориулах боломжтой дэлхийн хэмжээний байгууллага бий болоосой гэж хүсэж буйгаа илэрхийлжээ. "Бид зөвхөн НҮБ-ын тогтоолоор дэлхийг өөрчилж чадахгүй. Хувь хүнээс л эхлэх ёстой. Тайван амгалан, хүлээцтэй байдал, энэрэнгүй сэтгэлийг эрхэмлэдэг нийгэмд өссөн хүмүүс төрөлхийн хувьд илүү тайван байдаг” хэмээгээд Иракт суннит, шийтүүд, эсвэл Хойд Ирландад католик, протестантууд хоорондоо мөргөлдөж байсан нь үнэхээр цочирдом зүйл болохыг нэмж дурдлаа. "Тэд нэг л бурхантай хэрнээ бие биеэ хөнөөсөөр байна. Хүчирхийлэл хэзээ ч зөв зам байж чадахгүй. Бид асуудлыг шийдвэрлэх хүнлэг арга замыг олох ёстой” хэмээн айлдсан юм.
Ням гарагт Төвөдөд айлчилж байсан Германы Хессен мужийн тэргүүн сайд Роланд Кох Бээжин хот Далай ламтай түүнийг амьд сэрүүн байхад нь тохиролцоонд хүрэх боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Германы долоо хоног тутмын "Focus" сонинд мэдээлснээр Хессен мужийн албаны хүн Хятадын Засгийн газрын хүрээнд Далай ламыг таалал төгссөний дараа Төвөд улс “ямар ч үед дэлбэрч мэдэх дарьтай торх” мэт нөхцөл байдалд шилжиж болзошгүй хэмээн болгоомжилж буй хүмүүс байгааг дурджээ.
Кох энэ 7 хоногийн эхээр Бээжин хотноо Хятадын удирдагчидтай уулзахдаа Далай ламыг Хятадад айлчлахыг зөвшөөрөхийг хүсэх болно гэдгээ мэдэгдсэн байна.










